Франц улс анхны чанга дэглэмтэй хорих ангийг нээлээ, хэнд зориулсан бэ

Франц улс метр зузаан ханатай, байнгын хяналттай өрөөнүүд, сум нэвтэрдэггүй шилэн хаалт бүхий чанга дэглэмтэй анхны хорих ангийг нээжээ.
Па-де-Калэ мужийн хойд хэсэгт орших жижиг хотхон Ванден-ле-Вьей хотод нээгдсэн уг шинэ шорон Францад албан ёсоор “чанга дэглэмтэй шорон” гэж хүлээн зөвшөөрөгдсөн анхны байгууламж юм байна. Энэ шоронд онц аюултай хоригдлуудыг шилжүүлж байрлуулахын тулд цэргийн тусгай анги нэгтгэлүүдийг хүртэл дайчилжээ.
Уг шорон 450 хяналтын камер бүхий өндөр хамгаалалттай бөгөөд Францын засгийн газраас хэрэгжүүлж буй зохион байгуулалттай гэмт хэрэг болон хар тамхины наймаатай илүү үр дүнтэй тэмцэх зорилготой шоронгийн шинэчлэлийн хөтөлбөрийн нэг хэсэг аж.
Энэ шоронгийн онцлог нь гэмт бүлэглэлүүдийн удирдагчид, хар тамхины наймаачид гэх мэт онц аюултай хоригдлуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, холбоо харилцаа тогтоох боломжгүй болгож байгаад оршиж буй юм байна.
Францын Хууль зүйн сайд Жеральд Дарманен энэхүү төслийг "эрс шинэчлэлийн тод жишээ" хэмээн тодорхойлжээ.
Францын эрх баригчид хар тамхины наймаачдын эсрэг дайн зарлалаа
Францын эрх баригчид үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй ноцтой асуудалтай тулгарч буй аж. Марсель, Тулуз, Парисын захын дүүргүүд болон жижиг хот суурин газруудад хар тамхины бүлэглэлүүдийн хоорондын хүчирхийлэл эрс нэмэгдэж, нөхцөл байдал хяналтаас гарах аюултай боллоо гэж хууль сахиулах байгууллагууд анхааруулах болжээ.
Бүлэглэлүүд өсвөр насныхныг нийгмийн сүлжээгээр дамжуулан элсүүлж, тэднийг хар тамхи зөөвөрлөх зэрэг гэмт хэргүүд үйлдэхдээ ашиглах явдал улам бүр түгээмэл болсон байна.
Энэхүү нөхцөл байдал Францын дотоодын аюулгүй байдал, иргэдийн амар тайван байдалд ноцтой нөлөөлж байгаа тул засгийн газар нь хар тамхины мафитай цогц, шийдэмгий тэмцэл эхлүүлээд байгаа аж.
Сэтгүүлч, зохиолч Жан-Мари Магро Марсель хот дахь зохион байгуулалттай гэмт хэргийн тухай судалгаа хийжээ
Францын сэтгүүлч, зохиолч Жан-Мари Магро Марсель хотод зохион байгуулалттай гэмт хэрэг хэрхэн газар авч байгаа талаар судалсан байна. Тэрбээр DW агентлагт өгсөн ярилцлагадаа “Марсель хотын хойд дүүргүүдэд прокурорын дурдсанчлан хар тамхины дайн үнэхээр оршин байна. Жишээлбэл, гудамжууд дахь залуусын өөрсдийнх нь байгуулсан түр хяналтын постуудаар илт мэдэгдэж байна” хэмээн онцолсон аж.
Хүчирхийлэл “хэвийн үзэгдэл” болон хувирчээ
Магрогийн хэлснээр, Марсельд хүчирхийлэл “хэвийн үзэгдэл” мэт болсон байна. Үүнийг статистик тоо баримт ч баталж байгаа аж. 2024 онд Франц даяар хар тамхитай холбоотой 367 удаагийн аллага үйлдэгдэж, бусдын амь насанд халдсан оролдлого бүртгэгдсэн байна. Үүний улмаас 110 хүн амиа алдаж, 341 хүн гэмтэл авчээ. Эдгээр хэрэгт холбогдогчдын ойролцоогоор 25 хувь нь 20 нас хүрээгүй залуус байсан аж.
Францын шоронгийн тогтолцоо хүнд нөхцөлд байна
Энэ бүхний зэрэгцээ Францын шоронгууд ачааллаа дийлэхээ больжээ. Франц улс Баруун Европын хамгийн их хүн хоригдож буй шоронгуудтай орнуудын нэг. Тодруулбал, 180 гаруй хорих ангийн заримд хоригдох хүний тоо 150 хувиас давсан байна.
Европын Хүний Эрхийн Шүүх (ECHR) Францыг удаа дараа “Хүнлэг бус, хүн амьдрах боломжгүй нөхцөлд хоригдлыг байлгаж буй” үндэслэлээр буруутгаж ирсэн байна. Учир нь, олон шорон хэт хуучирсан, чийг даасан, харх, жоом үүрлэсэн, хөгцтэй гэх мэт эрүүл ахуйн ноцтой асуудлуудтай байгаа аж.
Францын шорон хүний эрх зөрчигдөхөөс гадна гэмт хэргийн удирдлагын төв болоод байна
Францын шоронгуудад зөвхөн хоригдлын эрх зөрчигдөж байгаа төдийгүй дэг журам алдагдсан сул бүсэд тооцогдож байгаа аж. Учир нь, гэмт бүлэглэлүүдийн толгойлогчид хоригдож байх хугацаандаа ч бүлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн удирдсаар байдаг байна. Үүнд: дроноор хүргэгдсэн гар утас, өмгөөлөгчөөр дамжсан мэдээлэл, шоронгийн авлигач ажилтнуудын гэмт үйлдэлдээ ашигладаг ажээ.
2025 оны хавар – Шорон руу чиглэсэн зэвсэгт довтолгоонууд
2025 оны хавар, Францын хэд хэдэн хотод нөхцөл байдал улам хүндэрч, зэвсэгт бүлэглэлүүд шоронгууд руу довтолжээ. Эдгээр халдлагын зорилго нь, өрсөлдөгч гэмт бүлгийн хоригдлуудыг айлган сүрдүүлэх, шүүхийн системд дарамт шахалт үзүүлэх байсан гэж таамаглаж байна.
Ванден-ле-Вьей – Хамгийн өндөр хамгаалалттай шорон
Франц-Бельгийн хилийн ойролцоо орших Ванден-ле-Вьей хотод шинээр нээгдсэн хорих анги нь 100 орчим хоригдол хүлээн авах хүчин чадалтай, Францын хамгийн өндөр хамгаалалттай шоронд албан ёсоор тооцогдож байгаа аж. Уг шорон Америкийн "ultra-high security" загвар болон Итали улсын чанга дэглэмтэй шоронгийн тогтолцоог загварчлан бүтээгдсэн бөгөөд барилга архитектур, дотоод зохион байгуулалт нь гаднах ертөнцөөс бүрэн тусгаарлажээ.
Чанга дэглэмтэй шоронгийн хоригдлуудын өдөр тутмын хязгаарлалт
Шинэ шоронд хоригдлууд дараах хатуу нөхцөлд ганцаарчилсан камерт хоригдож байгаа аж. Үүнд: гадуур алхах боломж хомс. Зөвхөн өдөрт нэг удаа, ойролцоогоор 1 цаг. Харилцаа холбоо хатуу хяналт дор явагддаг. Утасны яриа зөвхөн долоо хоногт хоёр удаа, тус бүр хоёр цаг хүртэл. Зочинтой зөвхөн шилэн хаалтны цаанаас уулзана. Биеэр шалгах үзлэг - уулзалтын дараа хувцсаа бүрэн тайлж шалгуулдаг. Эдгээр хатуу дэглэмүүдийн зорилго нь гаднаас ирж болзошгүй гэмт хэргийн нөлөөллийг бүрэн таслан зогсоох аж.
Гвианад шорон барих төлөвлөгөө
Францын засгийн газар Өмнөд Америк дахь Францын харьяа нутаг Гвиана мужид шинэ шорон барихаар төлөвлөж байгаа аж. Энэ нь 500 орчим онц аюултай хоригдлыг байрлуулах хүчин чадалтай, Сен-Лоран-дю-Марони хэмээх бүс нутагт, ширэнгэн ой дунд баригдах бөгөөд түүхэн "Чөтгөрийн арал"-аас холгүй орших юм байна.
Чөтгөрийн арал нь 1938 он хүртэл Францын колониудаас ирсэн хоригдлуудыг хорьж байсан, нэр хүнд муутай, харгис шорон байсан түүхтэй.
“Францын Гуантанамо” гэх шүүмжлэл
Францын Хууль зүйн сайд Жеральд Дарманен гэмт бүлэглэлүүдийн удирдагчдыг “метрополиос бүрмөсөн тусгаарлах” зорилгоо илэрхийлжээ. Харин хүний эрхийн байгууллагууд болон сөрөг хүчнийхэн энэ төслийг “Францын Гуантанамо” болох эрсдэлтэй хэмээн анхааруулж байгаа аж.
Аюулгүй байдал чанга ч зардал өндөр
Шинэ үеийн шоронгуудыг барьж байгуулахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Ванден-ле-Вьед 100 хоригдолд ойролцоогоор 250 харгалзагч оногдож байгаа нь барилгын зардлаас гадна үйл ажиллагааны зардал ч энгийн шоронгуудаас хэд дахин их байгааг харуулж буй аж. Аюулгүй байдлыг чангатгаснаар бодит үр дүнд хүрч байгаа эсэх нь одоогоор маргаантай хэвээр буй юм байна.
Сэтгэлзүй, хүний эрхийн эрсдэл
Шүүмжлэгчид дараах эрсдэлүүдийг онцолж байгаа аж. Тухайлбал, хэт тусгаарлалт нь сэтгэцийн урт хугацааны хохирол учруулах магадлалтай. Хоригдлыг тогтмол нүцгэн шалгах үйл явцыг хэтрүүлсэн, доромж гэж үзэж байгаа бол зарим мэргэжилтнүүд энэ оронд дараах техникийн шийдлүүдийг илүү оновчтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнд гар утасны сигнал дарагч төхөөрөмжүүд, дрон эсрэг хамгаалалт, камерын хяналтыг тогтмол, нарийвчлан шалгах зэрэг багтаж буй аж.
Францад хар тамхины наймаа цэцэглэж байна
2024 онд Франц улс 47 тонн кокаин хураасан нь өмнөх оныхоос хоёр дахин их үзүүлэлт аж. Хар тамхины наймаачид ихэвчлэн нийгмийн эмзэг бүлгийн болон цагаач гаралтай хүмүүс байдаг бол хар тамхи хэрэглэгчид нь бүх давхаргад хамаардаг байна.
Францын хорих тогтолцоо: Тусгай замнал
Франц улс чанга дэглэмтэй шорон байгуулж, Европын бусад орнуудаас өөр зам сонгож байна. Германд болон Нидерландад камерын хяналтыг чангатгаж, идэвхтэй хяналт тавьдаг ч хоригдлуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарладаггүй аж. Харин Франц улс хамгийн хатуу хязгаарлалттай загварууд руу чиглэж буй юм байна.
Эрс шийдлийн шалтгаан
Францын засгийн газар ийм хатуурхсан арга хэмжээгээ зөвтгөхдөө хорих ангиудад гарсан 600 орчим хүнд ноцтой хэрэг болон уламжлалт арга хэмжээ хангалтгүй байсныг үндэслэл болгожээ.
Хатуу дэглэмтэй шорон – улс төрийн дохио юу?
Энэхүү төслийн сурталчилгаа нь өргөн хүрээтэй улс төрийн нөхцөл байдалтай уялджээ. Францын шүүхийн сайд Жеральд Дарманен 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд барууны хүчнүүдийг төлөөлөн нэр дэвших магадлалтай хүний нэгээр нэрлэгдэж байгаа аж.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.123] 2025-08-05 08:49:30
Хар тамхичин Ерөнхийлөгч ийгөө хорих нь уу, ккк
Зочин [202.9.46.28] 2025-08-05 05:11:49
Африк цагаач троллууд, исламын цагаач троллуудыг францаас албадан гаргаачээ.