С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй
МҮБХ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгээр “Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг ирэх сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус наадмын зохион байгуулах комиссын гишүүн С.Гантөрөөс тодруулга авлаа
-ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ТУУРГАТНЫ БӨХЧҮҮД МААНЬ
БАРИЛДАХ МАШ ИХ СОНИРХОЛТОЙ-
-Монгол туургатны барилдаан хэд дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Урьд жилүүдийнхээсээ юугаараа онцлог вэ?
-Өмнө нь Манай улсад 2008 онд зохион байгуулагдаж байсан. Үндсэндээ Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж гэж байна. Монгол туургатнууд маань эх оронд маань өөрсдөө ирж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа болох гэж буйгаараа их онцлог. Учир нь монгол туургатнууд маань энэ газар барилдаж үзэх хүсэл сонирхол маш их байдаг.
-Энэ удаагийн барилдаанд урьдчилсан мэдээгээр хэдэн улсаас бөхчүүд ирж оролцохоор байна?
-Монгол туургатны барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж барилдана. Эдгээр газраас ирж буй бөхчүүдийн барилдаан, дүрэм, өмсгөлийн хувьд нэлээд өөр л дөө. Жишээлбэл, Өвөрмонгол бөхчүүд хуучин уламжлалаараа ширэн зодгоо өмсдөг. Хүзүүндээ олон цацаг зангиатай. Барилдааны дүрэмдээ хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа мэх хийж барилддаг. Буриад бөхчүүд цээж нүцгэн монгол үндэсний бөхийн шуудагтай, давхар уяатай барилддаг байгаа. Өвөрмонголын Алшаа аймаг руу бөхчүүдийн өмсгөл, дүрэм нь өөр байдаг. Тува, Монгол бөхчүүдийн өмсгөл нь ижил.
-Монголоос улс, аймгийн ямар цолтой бөхчүүд барилдах вэ?
-Ид барилдаж буй бүх хүчтэнгүүд барилдана. Манай бөхчүүд Тува, Өвөрмонгол, Буриадаар маш сайн барилддаг. Өвөрмонголд зохиогдсон алтан бүсний барилдаанд өндөр амжилт үзүүлсэн. Одоогоор Буриад, Тувагаас бөхчүүд бүртгүүлсэн байна. Харин Өвөрмонголоос Баярбаатар аварга, Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн зэрэг алдар цуутай бөхчүүдээр манлайлуулсан 30 гаруй бөх зодоглоно.
-Барилдааныг ямар дүрмээр явуулах вэ?
-Өвөрмонгол, Буриад бөхийн барилдааны бүх даваа сугалаагаар явагдана. Монгол үндэсний бөхийн барилдаан явагдахдаа зочин 64 бөхчүүд, үндэсний бөхийн 64 бөх нь тус тусдаа барилдах юм. Эндээс үзүүр түрүүнд гарч ирсэн дөрвөн бөх хоорондоо тойрогоор барилдана.
-Бөхчүүдийн бай шагнал нэлээд өндөр гэж дуулдсан. Үзэгчдийн дундаас нэг азтан шалгаруулж “Prius” автомашин өгнө гэл үү?
-Гурван төрлийн барилдаан явагдах юм. Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн төрлөөр барилдаж ижил түвшний бай шагналтай. Түрүү бөх нь гурван сая төгрөг, медаль, өргөмжлөлтэй. Үзэгчдийн дундаас нэг хүнийг сонгож “Prius” автомашин бэлэглэх юм. Ингэхдээ тасалбарын дугаараар шалгаруулна. Үүнээс гадна бөх сонирхогчид маань Төв цэнгэлдэх хүрээлэндээ үндэсний баяр наадмаасаа өмнө Монгол туургатны алдартай бөхчүүдийнхээ барилдааныг үзэх боломжтой.
-Үндэсний бөхийн хоёр холбооны маргалдаан үл ойлголцлоос болж Монгол туургатны барилдаан хойшилж магадгүй гэсэн таамаглал бөх сонирхогчдын дунд яригдаж байна?
-Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаантай огтхон ч хамаагүй учраас хойшлохгүй ээ. МҮБХ-ноос өвөл арваннэгдүгээр сард албан ёсны зөвшөөрлөө авчихсан. Тиймээс үзэгч та бүхнийгээ Төв цэнгэлдэх хүрээлэндээ Монгол туургатныхаа шилдэг бөхчүүдийн уран гоё барилдааныг нэг дороос харах, хамт зургаа татуулах нь нээлттэй байна.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл