СУРВАЛЖЛАГА: Ахмад настнууд тэтгэврийнхээ зээлийг тултал нь авч байна
Сүүлийн хэдэн өдөр арилжааны банкууд ахмад настнуудын хөлд дарагджээ. Учир нь цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэсэндээ ахмадууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр авч байна. Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 60 хувь нь тэтгэврээ барьцаалан зээл авсан байдаг гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны өнгөрсөн жилийн энэ үеийн тоон мэдээллээс харж болно. Улсын хэмжээний тэтгэвэр, тэтгэмжийн 91 хувь нь Хаан болон Төрийн банкаар олгогддог.
Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкаар орсон юм. Сар шинийн баяр болоход долоо хоног үлдсэн учир тус салбараар үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь ахмад настнууд байлаа. Оочер дугаараа хүлээсэн ахмадууд хүлээлгийн сандалд чихэлдэн сууж, суудалгүй хоцорсон нэг нь их л ядарсан шинжтэй хана налан зогсоно. Зарим нь өөр хоорондоо цагаан сарынхаа бэлтгэл ажлынхаа талаар, хаанаас боломжийн үнээр хүний гар цайлах бэлгэ худалдаж авсан тухайгаа ярилцаж туршлага солилцоно.
Уг нь монголчууд сүүлийн хэдэн жил бүх нийтээрээ санхүүгийн хүндрэлд орж ууж идэх, өмсөж зүүхээ хязгаарласан. Гэвч удахгүй болох сар шинийн баярт байдгаа тавьж, ахмадууд нь тэтгэврийнхээ зээлийг тултал нь авч байна. Энэ мэт ахмадуудын амьдрал үргэлжилнэ. Зарим буурай нар насаараа үр хүүхдийнхээ төлөө идэж, унтахыг умартан зүтгэснийхээ төлөө өтөл насандаа тэтгэврийн зээл авч, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг нь тун эмгэнэлтэй.
Тэтгэврийн зээл авч байгаа ахмадууд насыг нь хүндэтгэн ирж золгодог үр ач, ах дүү хамаатан садныхаа гарын алгыг дээш харуулах бэлгэнд нэлээдгүй мөнгө зарцуулдаг гэв. Түүнчлэн ирэх жилдээ элбэг хангалуун байхыг бэлгэдэн монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхийг зорьдог учраас хүнсний хэрэглээнд ч багагүй мөнгө ордог аж. Тэтгэврийн зээл авч буй ахмадуудаас цагаан сарынх нь төсвийг асуутал ихэнх нэг сая төгрөгөөр уламжлалт баяраа тэмдэглэдэг гэдгээ хэлж байв.
-ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭ ТУЛТАЛ НЬ АВЛАА-
Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн С.Дуламжав “Жил бүрийн цагаан сараар тэтгэврийн зээл авч сар шинийхээ баярыг тэмдэглэдэг. Энэ жил нэг хүү маань Солонгос яваад жаахан мөнгө явуулсан болохоор сая дөрвөн сараар тэтгэврийн зээл авлаа. Өтлөхөөр ирэх зочид хүртэл олон болох юм. Хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ гээд 80 гаруй хүн ирнэ. Жилдээ ганц болдог баяр учраас хүүхдүүдийнхээ гарыг тэнийлгэлгүй яах вэ. Нохой жилдээ үндэснийхээ үйлдвэрүүдийг дэмжээд, үр хүүхэддээ хэрэг болох оймс, гарын тос ч болтугай авъя гэж бодож байна.
-УУГАН АЧ МААНЬ ЦАГААН САРААР ШИНЭ МАШИН АВЧ УНАХ ЮМ ГЭНЭ ЭЭ-
Өндөр настан Д.Үнэгчин “Эмээ нь тэтгэврийнхээ зээлийг сая авчихлаа, банкин дээр зээл авч байгаа хөгшчүүл их л харагдах юм, хүү минь. Ууган ач маань цагаан сараар машин авч унах юм гэнэ ээ. Тэгээд эмээ нь тэтгэврийнхээ зээлийг хоёр жилээр тултал нь авчихлаа. Эмээ нь насаараа хүнсний үйлдвэрт ажилласан, овоо хэдэн юм сардаа авчихдаг юм. Эм, тариа л гэхгүй бол мань мэт шиг өндөр настай хүмүүс элдэв хэрэглээ байх биш үр хүүхэддээ туслахыг бодох юм. Цагаан сарын маань бэлтгэлийг хүүхдүүд маань хийж өгсөн.
Жилийн жилд ахмадууд зээлэнд дугаарлаж, сар шинийнхээ баярыг тэмдэглэдэг уламжлалт тогтолцоо аль хэдийнэ бий болжээ. Дараа жилийн наадам тун ч ойрхон байна даа гэдэг шиг арайхийж зээлийнх нь хугацаа дуусахаар дараа жилийн цагаан сар хаяанд ирчихсэн байдаг. Дахиад л зээл...
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл