Н.Алтанхуяг: Намайг Ерөнхийлөгч болчих вий гэсэн айдастай цөөхөн бүлэг бий
Авлигатай тэмцэх газарт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байцаалт өгч байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.1-д зааснаар Төрийн албан хаагч албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, мөн хуулийн 270 дугаар зүйл 270.1 зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн байцааж байгаа юм.
Өнгөрсөн мягмар гаригт АТГ-аас түүнд байцаалт өгөх тухай зарлан дуудах хуудас хүргүүлсэн байдаг. Гэвч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10:00 цагт байцаалт өгөхөө мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт авсан. Тодруулбал, оны өмнө нэг, оны дараа нэг байцаалт авсан байна. Мөн мөрдөн байцаалтын хүрээнд Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимст", "Max export" компаниудад нэгжлэг хийсэн юм.
НЭМЭЛТ 11:15
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өмнө нь АТГ-аас сэжигтнээр татан байцааж байсан бөгөөд прокурорын байгууллагаас яллагдагчаар татах дүгнэлт гарсны дагуу ийнхүү байцааж байна.
Тэрээр байцаалт өгөхийн өмнө хэвлэлийнхэнд хандан: "Намайг Ерөнхийлөгч болгохгүйн тулд ийм явуулгууд удаа дараа гарч байна. Хэрэв би Ерөнхийлөгч болчихвол булхай луйвар нь илэрчих вий гэж айсан хэсэг бүлэг хүмүүсийн явуулга байна. Би Монгол ард түмнээ эх оронд нь сайхан амьдруулахын тулд чөмгөө дундартал зүтгэсэн. Надад мөнгө төгрөг идсэн юм байхгүй” гэсэн юм.
НЭМЭЛТ 12:30
Тэрээр хэлэхдээ “Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх, Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илэрчих гээд байгаа айдас хүйдэстэй цөөхөн бүлэг байдаг юм. Тэд ийм ажил хийгээд олон жил болж байна. Иймэрхүү явуулга Ерөнхий сайд хийж байхаас эхэлсэн, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой ажлууд яваад байгаа. Засагт ажиллаж байх хугацаандаа ард түмэн, улсын хөгжлийн төлөө, монголчуудыг эх оронд нь сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн.
Яагаад ингэж ноцоод ноолоод байдаг юм гэхээр бүлэглэлийнхэн Н.Алтанхуягийг ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгтэй холбох юмсан гэсэн бодлого төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байгаа. Угаасаа асуудал гарахгүй болохоор хамаатан, садан ойр хавийнх нь хүмүүсийг шоронд хийгээд Н.Алтанхуяг юу хийсэн, түүнийг хэл гэдэг муухай юм байдаг" гэв.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл