Сайд Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлага ХҮЧЭЭ АВЛАА

Д.Тулга / Улстөр

-ЕРӨНХИЙ САЙД УВСЫН ХОЁРОО ХАМГААЛАХААР ШИЙДСЭН ҮҮ-

“Увс”-ын гэх тодотголтой Засгийн газрын хоёр гишүүнийг танхимаас нь явуулах ёстой гэсэн шаардлагыг АН-аас Ерөнхий сайдад хүргүүллээ. Энэ бол өнгөрсөн ажлын өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөсөн голлох сенсаци юм. Эрх баригч намын сандал ширээний төлөөх дотоод тэмцэл намын даргаа сольж, шинэ Ерөнхий сайдтай болсноор шуудхан анигдчихгүй. Ил, далд байдлаар нэгнээ хэмлэсээр л буй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад удаа ч үгүй байхад л хэзээ унагаж болох асуудал яригдаж эхэлсэн нь нууц биш билээ.

Гэхдээ МАН-ынхан энэ удаа эхэлж шүгэл үлээсэнгүй. Сөрөг хүчний зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагатайг сануулсан юм. Тэднийг огцруулах зайлшгүй шаардлага нь ч их энгийн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргаж байна гэж дурдав.

Харин Ц.Нямдорж сайд дээр “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон хэмээн огцруулах үндэслэлүүдийг тайлбарласан юм.

Хуулиараа гишүүд Засгийн газрын нэгж сайдыг чөлөөлөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлэх эрхгүй. Тиймээс Ерөнхий сайдаас бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын нэр бүхий сайд нараа огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардсан гэсэн үг юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх АН-ын шаардлагад албан ёсоор хариу өгөхөөр шийдсэн гэх. Албан бичгийн гол агуулга нь, “...Нэр бүхий сайд нарыг хууль зөрчсөн гэдгийг шүүхийн байгууллагаас тогтоогоогүй байна. Тиймээс би шүүхээс давж, эдгээр хүмүүсийг яллах эрхгүй болно” гэх утгатай байх аж.

-Ц.НЯМДОРЖ САЙДЫН СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНУУЛСАН ГЭХ АСУУДАЛ
БАЙДЛЫГ УЛАМ ХУРЦАТГАВ-

Үүнтэй зэрэгцээд ХЗДХ-ийн сайдын тушаалаар нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал дэлгэгдлээ. Прокурорын байгууллагаас сэтгүүлчид болон тэдний ар гэрийг тагнаж чагнасан цагдаа нар дээр хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэж мэдээлэл хийлээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би сэтгүүлчдийг тагнаагүй. Сэтгүүлчид л намайг тагнадаг” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар хүчтэй дуугардаг нэр бүхий 9 сэтгүүлчийг сайд болсныхоо дараа тагнаж, чагнах даалгавар өгсөн явдлаа ингэж үгүйсгэлээ. Гэвч Прокурорын байгууллага үүний эсрэг албан ёсоор дуугарсан нь анхаарал татаж байгаа юм. Ц.Нямдорж сайд УИХ-ын дэд дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төрд шилжүүлэн авах тогтоолын төслийг батлуулах ажилд онц ихээр шамдсан. Мөнхүү “Эрдэнэт” үйлдвэрт хүүгийн компани шахаа хийдэг гэх мэдээллийг ч үгүйсгээгүй билээ.

Тал талдаа том эрх ашигтай, улстөрийн хүрээнд оролцохгүй сэдэв ч байдаггүй эл эрхэм хэвлэлийнхнийг яагаад тагнуулах болов гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Ш.Батхүү, Г.Алтан нарын “хуурай ах” гэгддэг эл эрхэм улс орны эрх ашгийн төлөө сэтгүүлчдийг тагнуулаагүй гэдэг нь баттай. Харин ч эсрэгээрээ хувийн эрх ашгаа хамгаалах үүднээс хэвлэлийнхнийг гар утсанд ямар яриа хөвөрч байгаа мэдэхийг хүсээ биз гэх олон нийтийн таамаг хөвөрч буй юм. Ямартай ч энэ асуудал түүнийг сайдаас нь огцруулах сэдэл дээр тос нэмж, нэг төрлийн гүйцэтгэх ажиллагаа мэт харагдаж байна.

Нэмэрлэхэд, Засгийн газрын танхимын гишүүдийн талаарх яриа энэ хүрээд зогсчихгүй. Огцрохоор яригдаж буй хоёр эрхэм дээр нэмэгдээд, бас нэг сайд тойрохоо зуруулна гэх мэдээлэл саарал ордноор хөврөх болов. Тэр нь, ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар гэх мэдээлэл ч явсан юм. Уг нь эрх баригч нам дотор яригдаж буйгаар бол, У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ хаврын чуулганыг онд мэнд туулах тохироотой.

Өөрөөр хэлбэл, 32-ын бүлгийнхэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хаврын чуулган өндөрлөтөл ажиллуулаад, наадмын дараачаас хүчтэй сөрсөн базаа хийхээр сэм ярилцсан гэсэн үг. Үндсэндээ Засгаа дотроосоо унагасан өнгөрөгч намрын үйл явц дахин өрнөнө гэсэн санаа. Гэхдээ энэ удаа Ц.Хүрэлсүх намаа удирдаж буй тул танхимаараа явтлаа хүчгүйдэхгүй. Хэд хэдэн сайд нарыг нь шүд сугалах аргачлалаар явуулна гэсэн яриа байгаа юм. Тэдэн дунд өнөөгийн яригдаж буй хэдээс гадна Н.Цэрэнбат, Х.Баделхан, С.Чинзориг нар ч нэрлэгдэж байгаа билээ.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000