У.Хүрэлсүх: Арилжааны банкнуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авч магадгүй

Н.Саранчимэг / Улстөр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнө нь зээлийн асуудлаар ингэж мэдэгдэж байсан боловч Арилжааны банкнууд засгийн газрын хүсэлтийг хэрэгжүүлэхгүй байсан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх арилжааны банкнуудад хандан “Арилжааны банкнууд үүн дээр эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой гэж үзэж байна. Хүүгээ бууруулах хэрэгтэй. Олон удаа хүсэлт тавилаа. Бид хүсэлтийнхээ хариуг хүлээж байна. Хэрвээ нааштай хариу өгөхгүй бол банкны реформын асуудлыг ярих болно. Арилжааны банкнуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авч магадгүй. Түүнээс аль аль талдаа хохирол багатай л гарах хэрэгтэй” гэсэн юм.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Зээл төлөлтийг гурван сараар хойшлууллаа гэж Засгийн газар зарласан ч арилжааны банкууд буруу хараад суучихлаа. Үүнийг яаж шийдэх вэ?

Удирдлагуудтай уулзсан. Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхий сайдын хувьд хүсэлт тавьсан. Гэхдээ Засгийн газар Монголбанк болон арилжааны банкуудыг удирддаггүй. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй. Банкуудад дахин хүсэлт тавина. Ер нь бол банкны реформ хийх цаг нь болжээ гэдэг нь харагдаж байгаа. Хүсэлт биелэгдэхгүй бол Засгийн газар авах арга хэмжээгээ авна. Банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй.

Сонгууль хойшлогдох уу? Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх үү?

Сонгууль хойшлогдох нөхцөлд байдал үүсээгүй гэж харж байна.Нөхцөл байдал хүндэрвэл энэ талаар ярина. Ээлжит сонгууль хойшлуулах шалтгаан одоогоор харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байгаа. Засгийн газар огцрохгүй. Ямар нэг өөрчлөлт орохгүй. Тавдугаар сарын 24-нээс үйлчлэх ёстой ч бусад хуулиуд гарах ёстой. Огцрох эсэхийг давхар хуулиудаар шийдэгдэх ёстой. Энэ хуулиудыг УИХ яаралтай хуралдаж баталж шийдэх ёстой. УИХ ямар шийдвэр гаргана тэрийг Засгийн газар дагаж мөрдөнө.