Б.Ууганбаяр: Тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног байх ёстой гэсэн журам, зөвлөмжийг хүн бүр чанд сахих ёстой

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабgаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:Өнөөдөр Улаанбаатар хотын 22 тусгаарлах байранд 1309 хүн байна. Орон нутагт есөн байршилд 358 хүн байгаа. Өрхийн ажиглалтад 903 хүн байсан. Өнөөдөр нэмж 216 хүн өрхийн ажиглалтад шилжинэ.

"Оюутолгой" компани Австрали улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж байгаа. Зургаадугаар сарын 6-нд 02:00 цагт Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо.

УОК-ын шуурхай штаб, цагдаагийн байгууллагатай хамтарч, гэрээр тусгаарлалтад байгаа иргэдийг түүврийн аргаар сонгож, шалгасан. Нийт 94 хүнийг сонгож шалгахад 11 хүн гэртээ байгаагүй, хоёр хүний хаяг тодорхойгүй байлаа. Ийм асуудал гаргавал хуулийн хүрээнд хариуцлага тооцно.

Эх орондоо ирж байгаа иргэд маань Шуурхай штабаас гаргасан зөвлөмж, зааврыг чанд сахин биелүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардсан үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Татан авах, тусгаарлалтад байрлуулах зайлшгүй гарах зардлыг мөн төлөх ёстой. Ирээд 21 хоног тусгаарлалтад байж, дараа нь тусгаарлалтаас гарсан хойноо гэртээ 14 хоног байх ёстой гэсэн журам, зөвлөмжийг хүн бүр чанд сахих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.