Б.Бямбадорж: Орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

Aдмин / Хууль

Гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

-Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд дээрх найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэгийг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэн асуудлын шалтгаан нөхцлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьд www.eruul.gerege.mn сайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа.

-Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх?

-Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутагт зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа.

Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ.

Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юу гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд “хөөсрөл” үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна.

-Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх?

-Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурсан соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна.

-Өнөөдрийн байдлаар хичнээн лаборатори ажиллаж байна вэ?

-PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин 8 цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа.

-Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу?

-Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа.

-Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа.

Л.ЗЭНДМАА: ХҮН АМЫН 60-ААС ИЛҮҮ ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛСНААР ХАЛДВАРЫН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛНА

Иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаагаас тодрууллаа.

-Коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ?

-Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Бид дархлаажуулалтын үйл явцад тогтмол хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллага тус бүрд хийгдэж байгаа дархлаажуулалтын тоо, эзлэх хувь зэргийг тодорхой байдлаар гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар, нийт 62.900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу одоо эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой албан байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн худалдаа үйлчилгээ, боловсролын байгууллагын багш ажилчид болон дайчлагдан ажиллах захиргааны нэгжүүдийн албан хаагчдыг хамруулж эхэлсэн.

-Дархлаажуулалтын хэчнээн цэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 44 цэг, 96 багт 600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Бид шинжилгээний суурин болон явуулын цэг, дархлаажуулалтын цэг, багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тоо судалгааг нарийвчлан гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд маань цаг үеийн нөхцөл байдалд тохируулан оновчтой, зөв зохион байгуулалтад орж ажиллах, төр засгийн зүгээс энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Бид жил шахам хугацаанд дотооддоо халдвар алдаагүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдварын тохиолдол анх бүртгэгдэхэд ч эмчилгээний шинэ технологи, вакцины туршилтууд олон улсад нэвтрээд эхэлчихсэн. Ингэснээр бид халдварыг нас баралт, хүндрэл багатай даван туулах боломжтой болсон. Засгийн газраас богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулах аяныг зохион байгуулаад эхэлчихлээ. Өдөрт 20 мянга гаруй хүн, шаардлагатай бол үүнээс ч олон хүнийг вакцинд хамруулахаар зорьж ажиллаж байна. Тиймээс үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу гүйцэтгэлийн ажил, боловсон хүчний хуваарилалт гээд зөв зохион байгуулалттай ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан маань туйлдатлаа ажиллаж байгаа ч энэ их ачааллаас хойш суугаагүй юм шүү. Тиймээс бид нарт итгээрэй. Хүн амын 60 хувийг дархлаажуулахад л халдварын эрсдэл багасч, аюул холдоно гэдгийг ДЭМБ болон олон улсын байгууллагуудаас тогтоочихсон.

Эхнээсээ хүн амынхаа 90 хувийг дархлаажуулсан улс орнууд байна. Манай улс ч эдгээр орнуудын тоонд удахгүй орно. Жил гаруй хугацаанд хилээ хааж, хатуу хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин удаан тэсч ирсэн иргэдийн хувьд тэвчээр алдрах, бухимдал үүсэх зэрэг асуудал байлгүй яахав. Гэхдээ энэ вирус, халдварт өвчинд ямар нэгэн арын хаалга, “За, больё доо” гэх зүйл байхгүй. Өөрийнхөө эмгэг жамаар явагдаж байдаг өвчний л нэг төрөл. Үүний эсрэг ард иргэдийн хичээл зүтгэл, аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлт, төрийн байгууллагуудын дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагуудын зөв зохион байгуулалт хэрэгтэй. Төр, эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж чадаж байгаа. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллагууд төдийгүй ард иргэд маань халдвараас хамтдаа сэргийлж, дор бүртээ үүргээ ухамсарлаж, хэт бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдварын эрсдэлтэй орчинд нэг дор олноороо цугларахгүй байх зэрэг арга хэмжээг алхам тутамдаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

-Вакцины эхний тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс дараагийн тун хийлгэтэл иргэдэд юу зөвлөх вэ?

-Эхний тунг хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Мөн хоёр дахь тунг хийлгэснээр тодорхой хувийн дархлаа тогтох боломжтой, хэчнээн хүнд дархлаа тогтсон зэргийг цаг тухайд нь судалгаа хийгээд явна. Мөн дархлаажуулалтын цэг бүрд түргэн тусламжийн эмч мэргэжилтэн ажиллуулж, вакцин хийлгэсний дараах хариу урвалаас хамаарч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгаа. Зөвхөн нийслэл бус дүүрэг, хороод гээд олон байгууллагууд хамтарч, эдгээр ажилд бүхий л талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тиймээс дараагийн тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ урьдын адил мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:12

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.