Чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлуулахаар шилжүүллээ

Aдмин / Хууль

Хуулийн төслийн хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авав

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нар тус тус танилцуулав.

Дэлхий дахинд тархаад буй коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн чуулганаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүн шинжилгээ, цаашид нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаарх Улсын Их Хурлын Түр хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Монгол Улсын Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд “Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах, ... асуудлыг шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах” гэж, 8 дугаар зүйлд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх саналаа Улсын Их Хурал (Түр хороо)-д хуулийн дагаж мөрдөх хугацаа дуусахаас өмнө танилцуулах” талаар Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг Шадар сайд танилцуулгадаа онцлов.

Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 100.263 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 554 (нийт халдварын тохиолдлын 0.5%), дотоодын халдвар 99.709 (нийт халдварын тохиолдлын 99.5%) бүртгэгдсэнээс халдварын улмаас нийт 479 иргэн нас барсан. Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол батлагдсанаас хойш улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт таван удаа шилжүүлж, хоёр удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газраас 71 тогтоол, Улсын онцгой комиссоос 21 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган цаг үеийн шаардлагатай шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах үүргийн хүрээнд бүхий л бололцоогоо дайчлан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгааг С.Амарсайхан сайд танилцуулгадаа дурдлаа.

Цаашид Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаарх цаг үеийн холбогдох шийдвэрийг түргэн шуурхай гаргах, зохион байгуулалтанд оруулах, төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж буй шийдвэр нь үйл ажиллагаатайгаа уялдсан, цаг үеэ мэдэрсэн бодитой, хүрэх үр дүнгээ тодорхойлсон байх, тандалт судалгаа, илрүүлэх ажлыг эрчимжүүлж, тасралтгүйгээр тогтмол зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг харгалзан уг хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнд:

Нэг.2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар байнгын ажиллагаатай 14 боомт ажиллаж байгаагаас нүүрс, газрын тос, төмрийн хүдэр есөн боомтоор, ачаа тээвэр, бараа материал хоёр боомтоор, ачаа, карго агаарын болон төмөр замын хоёр боомтоор тус тус нэвтрүүлж байгаа бөгөөд экспорт, бараа бүтээгдхүүний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Хоёр.Коронавируст халдварын цар тахлын үед хэрэглэх эм, оношлуурын нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт, худалдан авалт, тусгаарлах байр, ор дэлгэлттэй холбоотой нэмэгдэл зардлууд халдвар ихэссэнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52,4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байна.

Гурав. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах хэмжээ 1,2 их наяд төгрөгөөр батлагдсан боловч 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 32,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү гүйцэтгэл хангалтгүй байгаа нь зарцуулалттай холбоотой ажиллагаа хэт удаашралтай байна. Иймд энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлага цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж байх тул хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон гэж байлаа.

“Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай “хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний дүгнэлтүүд, холбогдох бусад байгууллагуудын саналд үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэв.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж8 Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулгадаа дурдсан.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн даатгалын газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, С.Бямбацогт, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн олонх ковид цар тахлын халдвар авсан иргэд гэрээр эмчилгээ хийхэд хүндрэл үүсэж, өрхийн эмнэлэгт эм тарианы хүрэлцээ муудаж, амьсгалын аппаратаас эхлээд эмчилгээний техник, тоног төхөөрөмжийн хангалт дутмаг байгаа, PCR шинжилгээг төлбөртэй болгосон шалтгааныг лавлахын зэрэгцээ вакцинжуулалтын үр дүн, явц, халдварт цар тахал тусаад эдгэсэн иргэдийн биед үлдэх сөрөг нөлөөллийг буруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг илүүтэй тодруулав.

Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайд 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөгийг шууд төсвийн захиран зарцуулагчийн хувьд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж төвлөрсөн арга хэмжээний зардалд зориулна. Бусад 1.2 их наяд төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бөгөөд үүнээс 370 тэрбум төгрөг нь даатгуулагчлын шимтгэлээр орж буй орлого, 580 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас өгсөн бол өнгөрсөн жилийн үлдэгдэл 259.4 тэрбум төгрөг байгаа. ЭМД-ын сангийн хөрөнгө тухайн жилдээ зарцуулагдаад тэг хувьтай үлдэх хуультай. Өрхийн эмнэлгээс гэрээр эмчлүүлж буй хүмүүст зайнаас болон биечлэн зөвлөгөө өгөх зэрэг бүх үйлчилгээ, эмчилгээг тарифаар зохицуулж, зардлыг нь ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа. Гүйцэтгэлээр нь тооцдог учраас санхүүжилт нь хоцроод байгаа учир Засгийн газар санхүүжилт өгч буй 580 тэрбум төгрөгийн хүрээнд урьдчилаад өгдөг эрх мэдэлтэй байх шаардлагатай байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд уг даатгалын сангийн зарцуулалт 37 хувьтай байгааг Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа онцлов.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ковидын халдварын хоруу чанар өндөр байгаа тул халдвар аваад эдгэсэн иргэдэд үзүүлэх дараагийн шатны эмчилгээний асуудлыг Ажлын хэсэг гаран ажиллаж, шийдвэрлэж байгаа гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, Засгийн газраас PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгааг тодотгоод өдөрт 10 мянган иргэнээс тандалд судалгаа илрүүлгийн шинжилгээг тогтмол хийж байгаа үүнд хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөгийг өдөр тутам тогтмол зарцуулж байна. Харин хувийн хэвшлийн 10-аад лаборатори энэ төрлийн шинжилгээг төлбөртэй авч байгаа гэж байлаа.

Засгийн газраас долдугаар сарын 01-н хүртэл иргэдийн 60 гаруй хувийг вакцинжуулах, нийт хүн амын 36,5 хувийг эзэлж байгаа хүүхдүүдийн 12-17 насны 380 мянган хүүхдийг долдугаар сарын 01-нээс хойш вакцинжуулах зорилт тавьсан. Хүн амыг дархлаажуулах ажил үргэлжилж байгааг Шадар сайд С.Амарсайхан хариултдаа онцлохын зэрэгцээ эм, эмнэлгийн үйлчилгээ авахаар хүлээж буй иргэдэд тусламжийг цаг алдалгүй хүргэхэд зориулж энэ хуулийн хугацааг сунгах шаардлага үүссэн гэдгийг хариултдаа тодотгосон.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Сэргэлэн, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа, Ж.Батжаргал, Д.Ганбат нар хуулийн төслийг дэмжиж байгаа талаараа санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг коронавирусын халдвар авсан иргэд эмээ авч чадахгүй, эмийн хүрэлцээ, хангалт дутмаг байхад Эрүүл мэндийн даатгалын сангаас энэхүү зардлыг нь яаралтай санхүүжүүлэх хуулийн төсөл боловсруулсныг цаг хугацаа алдахгүй батлах шаардлагатайг тодотгоод хуулийн хэрэгжих хугацааг хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөж байгаа бол Хууль зүйн байнгын хорооны гишүүдийг оруулсан Ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлгийн явцад засаж, хуулийн зөрчилгүй болгон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардагатай гэсэн санал хэлж байлаа.

Харин энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгээс 5 хоногийн завсарлага авах хүсэлт тавьж буйг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат мэдэгдлээ. Гэвч хуралдаан даргалагч, УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагаж мөрдөх хугацаа 06 дугаар сарын 30-наар дуусаж, үүнээс цааш цар тахалтай холбоотой асуудал зохицуулалтгүй болох тул УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлагын хугацаа өгснөөр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлуулахаар шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс уртын ээлжээр ажиллах ажилтны ээлжээр ажиллах хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, үл өрсөлдөх гэрээний үйлчлэх хугацаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссанаас хойш нэг жилээс илүүгүй байх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох зэрэг зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн хуулийн төслийн зарим заалтаар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатараас гаргасан саналуудаар дахин санал хураах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй саналыг шийдвэрлэсэн гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл нараас анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн ээлжийн амралтын хугацааг хатуу тогтоож ажлын 20 өдөр болгосныг ажлын 15 өдөр болгож, ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралтын өдрийг тооцдог байх зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг дахин хураалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд төслийн 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн “ажлын 20 өдөр” гэснийг “ажлын 15 өдөр” болгон холбогдох бусад заалттай нийцүүлэх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулгадаа дурдав.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар хариулт өгөв.

Үргэлжлүүлэн Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 22 саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Тухайлбал, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалтыг "хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;” гэж өөрчлөн найруулах, төслийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг хасахыг тус тус дэмжив.

Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсгийг “Ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг ажил олгогч тооцож олгоно.” гэж, 92 дугаар зуйлийн 92.5 дахь хэсгийг “Энэ хуулийн 92.4-т заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцож болно.” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Түүнчлэн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 99 дүгээр зүйлийн гарчгийн “Ээлжийн амралт” гэсний дараа “, түүний хугацаа” гэж, 99.3 дахь хэсгийн “ажилтны” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж тус тус нэмж, 99.3 дахь хэсгийн “ажпын 20 өдөр” гэснийг “ажлын 15 өдөр” гэж, 99.4 дэх хэсгийн “ажлын 25 өдөр” гэснийг “ажпын 20 өдөр” гэж, 99.9 дэх хэсгийн “Төрийн албан хаагчийн ээлжийн” гэснийг “Ажил мэргэжлийн онцлогийг харгалзан” гэж тус тус өөрчилж, 99.8 дахь хэсгийг хасаж, мөн зүйлийн 99.5 дахь хэсгийг “99.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралтыг олгохдоо 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр, 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр, 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр, 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр, 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр, 32 дахь жилээс ажлын 18 өдөр гэж” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах, төслийн 99 дүгээр зүйлд 99.5 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 99 дүгээр зүйлд 99.5. буюу “Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралт олгохдоо 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр, 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр,16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр, 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр, 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр, 32 дахь жилээс ажлын 14 өдөр.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр тусгасан байлаа.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсгийн “Ажил олгогч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 114.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ." гэсэн 2 дахь өгүүлбэрийг хасах, төслийн 166 дугаар зүйлийг 166.1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө." гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “Төрийн албан хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралт” гэсэн 61 дүгээр зүйлийг хасаж, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаахаар боллоо.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.