Олон улсын Алтай судлалын 63 дахь удаагийн хурал (PIAC) үргэлжилж байна
Олон улсын Алтай судлалын хурал “Алтай хэлт ард түмнүүдийн хэл иргэншлийн түгээмэл хийгээд харилцан нөлөөлөл” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Монгол улсын шинжлэх ухааны түүхэнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хурал нь Алтай хэлтнүүдийн хүрээнд томоохон байр суурь эзэлдэг монгол түмний хэл, соёл, түүхийг судлахад тодорхой нөлөө үзүүлнэ хэмээн хурал зохион байгуулагчид үзэж байна.
Алтай хэлний бүлэгт хамааруулан үздэг үндэстэн угсаатнуудын хэл, түүх, соёл иргэншлийн харьцааг судалдаг олон улсын эрдэмтдийг эгнээндээ багтаасан Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC) зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү хурлын үйл ажиллагаанд янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас манай улсын төлөөлөгчид төдийлөн идэвхтэй оролцож чадалгүй өдийг хүрсэн юм. Харин Герман улсад болсон 62 дахь удаагийн хурлын зохион байгуулагчид манай улсад биечлэн ирж, уг хурлын үйл ажиллагаанд монгол эрдэмтдийг оролцохыг урьснаар академич Л.Болд, доктор Ц.Батдорж нар биечлэн оролцож байжээ. Тус хурлын дараа ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ОУМС-ын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун нарын хүсэлтээр 63 дахь удаагийн бага хурлыг монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн онд зохион байгуулах ёстой энэ хурлыг дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас хойшлуулж 2021 онд зохион байгуулахаар тогтсон. Гэвч нөхцөл байдал төдийлөн дээрдээгүйн улмаас уг хурлыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар хийхээр шийдвэрлэж өнөөдөр 2 дахь өдрөө хурал үргэлжилж байна. Уг хуралд ОХУ, БНХАУ, БНТУ, ХБНГУ, Япон, Солонгос, БНКУ, Казакстан Монгол зэрэг 20-иод орны 50-аад эрдэмтэд оролцож байна.
Сэтгэгдэл