Мэхийг давтахаас илүү мэдрэмжээрээ хийдэг

Aдмин / Спорт

Заалны барилдаанд дайчин барилдаанаараа үзэгчдийг шуугиулж буй залуу хүчтэн болох Увс аймгийн Түргэн сумын харьяат, аймгийн начин Г.Цоггэрэлийг энэ удаагийн “Дугаарын зочин”-гоор урьж ярилцлаа.

-Таны төрж өссөн нутаг уснаас яриагаа эхэлье гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Аргагүй сайхан нутаг. Увс аймгаасаа 30 гаруй км-т Түргэн сум оршдог. Дэглий цагаан уул хэмээх мөнх цаст хайрхантай. Манай сум Д.Энхбаяр, А.Эрхэмбаяр гэсэн улсын начин цолтон хоёртой. Мөн чөлөөт бөхийн улсын аварга, ОУХМ Б.Нямдорж мөн спортын мастер Б.Нямсамбуу гэсэн бөхтэй. Аймгийнхаа наадамд барилдан гурван түрүү, гурван үзүүр хүртэж байсан. Аймгийн арслан цолтон зургаа, долоон хүчтэнтэй. Ийм сайхан нутаг усанд төрж өссөндөө баярлаж явдаг.
-Мэдээж хүүхэд байхын л ноцолдож өссөн байх?
-Би дээрээ нэг ахтай. Дэрсхэн хөвгүүд учир ёстой л дээлээ ханзартал барилдаж өссөн. Ахтайгаа барилдаад уначихаараа шарандаа уйлаад дайрна. Тэгээд ахдаа цохиулаад салдаг шартай хүүхэд байлаа. Хүмүүс намайг гэхээсээ илүү ахыг маань бөх болно гэдэг байсан. Учир нь би жаахан биетэй туранхай хүүхэд байлаа. Үүнээс гадна миний бөх болоход нөлөөлсөн хүн бол манай авга ах аймгийн харцага Б.Ням-Очир. 10 жилдээ ах бид хоёр, одоогийн аймгийн харцага Б.Нямсамбуу гээд үеийн хэдэн эрэгтэй хүүхэд авга ахынд суудаг байлаа. Б.Ням-Очир ах бидэнтэй барилдана, өргөж аваад л хаашаа ч хамаагүй шидчихнэ. Нэг удаа намайг тэмцээнд оролцоод ирэхэд барьж аваад үнс рүү шидчихсэн. Би шарандаа уйлаад ах руугаа дайрч билээ. Энэ бүхэн л намайг ирлэж хурцалж бөх болох хүсэл мөрөөдөлтэй болгосон байх гэж боддог.
-Та сумын заан болсон талаараа сонирхуулахгүй юу?
-2008 онд сумынхаа наадамд 12 настайдаа хүүхдийн барилдаанд үзүүрлэж байсан. Тэр барилдааны талаар дурсамж ярихад намайг хөдөө гэртээ байхад авга ах, чөлөөт бөхийн Б.Нямдорж ирээд надад тонгороо мэх зааж өгсөн юм. Түүнийг нь сайн сурч авсан. Тэгээд сумынхаа наадамд барилдахдаа тэр мэхийг хийж үзүүрлэсэн. Тэгж анхныхаа медалийг авчихаад их урам орж байлаа. Сургуульд байхдаа бөхийн бүх төрлөөр хичээллэдэг, тэр дундаа чөлөөт бөхийн төрөлдөө илүү дуртай байсан. Бие жижигтэй учраас чөлөөтөөр барилдах илүү сонирхолтой байсан. Тэгж байгаад үндэсний бөх рүү орсон. Өсвөрийн залуучуудын тэмцээнүүдэд оролцоод эхний таван байранд ордог байлаа. Үүнээс гадна 2014 онд Улаангом сумын нэрэмжит тойргийн барилдаанд анх удаа барилдсан юм. Тэр барилдаанд манай аймгийн Манлай сумын заан н.Төрболд ах түрүүлж, би үзүүрлэж сумын заан болж байлаа.
-Аймгийн начин цолыг авсан талаараа дурдвал?
-Аймгийн начин цолыг 2018 онд хүртсэн. Тэр жилийн наадам санаанаас гарахгүй сайхан байдаг юм. Би тэр жил сумынхаа наадамд түрүүлсэн. Нутгийн хүмүүс аймгийн цол аваарай гээд л уухайлж байсан. Түүний маргааш аймгийн наадам болж барилдсан. Наадмын гурвын даваанд манай аймгийн Улаангом дэвжээний тэргүүлэгч, аймгийн заан Г.Батбаяр ах надад юу ч хэлэлгүй амласан. Ам авсныг нь сонсоод би дотроо түгшсэн. Гэтэл Г.Батбаяр ах барилдалгүй элэг бүсээ тайлаад өгсөн. Би тэр эрч хүчээрээ барилдаж аймгийн начин цолыг авсан.
-Бөхийн өргөөнд хэзээнээс барилдаж эхлэв?
-Бөхийн өргөөнд 2018 оны арваннэгдүгээр сард анх зааланд аманд гарч байлаа. Их л сүрдмээр санагдсан. Бөхчүүд их том биетэй харагдаад. Тухайн барилдаанд нэгийн даваанд аймгийн харцагатай таарсан. Тэгтэл дэвжээний бөхчүүд надад “Чи их гоё таарсан байна. Учраа бөх чинь гайгүй бөх таарч” гэж хэлээд гаргалаа. Барилдахдаа тэдний хэлсэн үгийг бодсоор байгаад давчихав. Гэтэл манай дэвжээний бөхчүүд “Наад харцага чинь манлай харцага шүү дээ” гэж билээ. Анх барилдаж байгаа надад сэтгэл зүйн урам өгсөн юм билээ. Харин хоёрын даваанд одоогийн улсын начин Б.Отгонбаяртай таарч барилдаад унасан. Дараагийн бүх цэргийн наадамд нэгийн даваанд Говь-Алтайн Д.Буянт арслангаар нэг, улсын начин Б.Эрдэнэхүүгээр хоёр давсан. Гурвын даваанд Баян-Өлгийн Береке арслантай барилдаад унаж байлаа. Аймаг, цэргийн барилдаанд хэд хэд барилдсан. Аймгийн начингуудын барилдаанд дөрвийн даваанд Өмнөговийн Т.Төгсдөлгөөнд унасан. Миний хувьд улсын цолтой бөхтэй барилдахаар илүү тайван задгай барилдчихна гэсэн бодол байдаг. Унасан ч харамсахгүй. Харин үеийн залуучуудтайгаа барилдахаар биеэ жаахан бариад давах ёстой шүү гэсэн бодолтой байдаг. Энэ жилийн хувьд цар тахалтай гээд заалны барилдаанууд болсонгүй.
-Бэлтгэл сургуулилтаа хаана, ямар багш дээр хийж байна вэ?
-Тамирчин хүнд сайн багш байж амжилт үзүүлдэг. Би олон сайхан багштай байсан. Тухайлбал, анхны медалиа 2008 онд авчихаад түүний дараа жилээс нутгийнхаа багш дээр бэлтгэл хийсэн. Анхны багш маань Түргэн сумын есөн жилийн сургуулийн биеийн тамирын багш Д.Пүрэвсангаа гэж хүн бий. Харин 2010-2014 он хүртэл н.Бат-Очир багшийн удирдлага дор бэлтгэл хийж, хажуугаар нь чөлөөт бөхийн н.Оюунпүрэв багштай бэлтгэл хийсэн. Түүнээс хойш хэсэг хугацаанд нутагтаа Т.Хайдав заантай бэлтгэлээ базаасан. Аймагтаа бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан бол аймгийн начин болоод хотод ирж Бөхийн өргөөнд барилддаг болсон. Одоо бол Н.Батсуурь аварга удирдлага дор бэлтгэлээ хийж байна.
-Улсын том цолтой бөхчүүдээс болон нутгийн хүчтэнгүүдээс хэнийх нь барилдааныг харж, хүндэлж явдаг вэ?
-Н.Батсуурь багш мөн Ж.Мөнхбат, П.Бүрэнтөгс гэсэн аваргуудын барил­­даа­ныг үзэж ихэд хүндэлдэг. Ер нь нут­гийн том бөхчүүдийнхээ барилдааныг үздэг. Тэдэн шиг том цолтой, жудагтай бөх болох юмсан гэсэн хүүхэд насны мөрөөдөл бий. Мөн нутгийн олон сайхан хүчтэн, ид барилдаж буй улсын заан, харцагуудыг хүндэлж явдаг.
-Таны барилдааны онцлог юу вэ?
-Би дайчин, өөрийнхөөрөө зоригтой барилддаг. Мэх гэвэл хонгоддог. Харин сурцаараа хийдэг мэх гэвэл өшиглөдөг. Бөх хүн мэхийг давтаж байж сурна. Хүн хүний биед нь таарсан мэх гэж байдаг. Тэр мэхийг давтаж хийхээс илүү мэдрэмжээрээ хийдэг унаган мэх юм даа. Тухайлбал, бие жижигтэй над шиг хүн давуулж гуядах мэхийг сурна гэж байхгүй л дээ. Хэн их хөдөлмөрлөнө тэр хүн амжилт гаргахад ойрхон гэж боддог. Улсын цолтой олон бөхөөс үлгэр дууриал авдаг. Тэр тусмаа нутгийнхаа аварга, арслангуудаас ганцхан барилдаан биш биеэ хэрхэн зөв, сайхан авч явж байгаагаас нь залуу бөхийн хувьд үргэлж суралцдаг.
-Таны ирээдүйн зорилго юу вэ. Мэдээж улсын цолонд хүрэх гэсэн бодолтой байгаа байх?
-Би багаасаа улсын арслан болно гэж боддог байсан. Ард түмнийхээ итгэлийг алдалгүй, урамтай сайхан барилдаан гаргаж, цолоо ахиулан барилдахын төлөө бэлтгэл сургуулилт хийж, хөлсөө гаргаж байна. Тиймээс түмэн олныхоо итгэлийг алдалгүй барилдаж, улсын цолонд хүрнэ гэсэн бодолтой байгаа. Түүндээ хүрэхийн төлөө ч хичээх болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

зочин [103.229.120.103] 2021-10-11 08:37:14

тэнэгүүдэд мэх заагаад заагаад сурдаггүй юм гэсэн, тийм байж мэдрэмжээрээ мэх хийдэг ч гэх шиг сайхан сагадаг гар байна даа

zochin [202.179.27.247] 2021-10-10 10:42:57

ushigluh meh gej baidaggui baihaa,

Зочин [172.58.141.116] 2021-10-10 04:40:49

Mongol bohiin hev shinjit tsaraitai yum sain barildaarai duu huu!

Зочин [150.129.140.109] 2021-10-10 02:40:18

Yumiig olon dahin davtaj baij medremj bolj suuna l daa. Ene buh boloh gej bgaa huu yu medehev dee zailuul

Зочин [124.158.65.148] 2021-10-09 23:34:56

amjilt


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.