УВС АЙМГИЙН ИРГЭН: Ч.Хүрэлбаатарын гар, хөл бологсод цахим системд дураараа нэвтэрч, хүссэн хүнээ нэмж, хассан байна лээ

Aдмин / Улстөр

Увс аймгийн МАН-ын даргыг сонгох МАН-ын 32 дугаар бага хурал болж, иргэдэд хууль бусаар мандат олгож, 30 гаруй хүний саналыг хууль бусаар авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Увс аймгийн Баруун туруу сумын иргэнээс тодруулсан юм.

-Увс аймгийн МАН-ын даргын сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатарын бүлэглэл сонгуулийн цахим системд нэвтэрч, намын гишүүнчлэлгүй хүнийг хууль бусаар бүртгэсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Энэ мэдээлэл үнэн. 2020 оны УИХ сонгуульд МАН-аас Увс аймагт Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар нэр дэвшсэн. Энэ үеэс сумын намын даргаас эхлээд бүх шатны удирдах албан тушаалтнууд Ч.Хүрэлбаатарын талд ажиллаж, зөвхөн "Ч.Хүрэлбаатарыг дэмжих хэрэгтэй" хэмээх ухуулга сурталчилгаа хийж эхэлсэн юм. Харин сая МАН-ын даргын сонгуулийн үеэр мөн Ч.Хүрэлбаатарын гар, хөл бологсод хууль бус сонгууль хийсэн. Аймгийн хэмжээнд мянга гаруй иргэн хууль бус сонгуулийг эсэргүүцэж, АТГ болон МАН-д хандсан. Би Баруунтуруу сумынх. Манай сумын 150 гаруй иргэн хууль бус сонгуулийг эсэргүүцэж гарын үсэг зурсан байна лээ.

Сонгууль эхлэхээс гурав хоногийн өмнө баг бүрээс МАН-ын даргын сонгуульд нэр дэвших иргэдийг цахим системд бүртгэсэн. Харин сонгуулийн өглөө бүртгүүлсэн иргэдийн нэрс өөрчлөгдөж, зарим нь хасагдаж, зарим нь нэмэгдсэн байсан. Би 10-аад жил багийн даргаар ажиллаж байсан. Тийм болохоор энэ удаагийн сонгуульд дэвшихээр бүртгүүлсэн байсан ч автоматаар хасчихсан байсан.

-Сумын намын хорооны журам гэж байдаг уу. Яагаад нэр дэвшигчдийн нэрс солигдсон юм бэ?

-Сумын намын хорооны журмаар хурлаа хийх ёстой. Гэтэл хурлын өглөө сумын намын дарга аймгийн журмаар хурлыг зохион байгуулна гээд Увс аймгийн намын хорооны журмаар хурал хийсэн. Тэгэхээр аймгийн намын хорооны журмаар сумын иргэдийн хурлыг хийсэн гэсэн үг. Манай сумын намын тэргүүлэгчдийн 13 хүн баг бүрээс нэг хүн нэр дэвшүүлэхээр баталж, хурал хийхээр төлөвлөж байсан. Гэтэл Увс аймгийн Улаангом суманд цахим бүртгэлтэй хүн санал өгч, нэр дэвших боломжтой. Харин бүртгэлгүй иргэд нэр дэвших боломжгүй гэх аймгийн журмыг хүчээр хэрэгжүүлж, хууль бус сонгуулийн эхлэл бий болсон.

-Тухайн үед иргэд хууль бус сонгууль болж буйг мэдсэн мөртлөө эсэргүүцлээ илэрхийлээгүй юм уу?

-Цахим бүртгэлд ороогүй, намын улаан үнэмлэхтэй иргэдээс санал авахгүй гэсэн юм билээ. Үүнээс болж зарим багт хэрүүл, маргаан болсон гэсэн. Тухайлбал, манай багийн нэг иргэний нэгдүгээр сард цахим бүртгэлд байсан боловч, сонгуулийн үеэр цахимд бүртгэлээс хасчихсан байсан. Цахим бүртгэлд дураараа халдаж хүссэн хүнээс нэмж, хассан байгаа юм. Ч.Хүрэлбаатарын талын бүх хүн цахим бүртгэлд орчихсон байсан.

-Та сумын намын хорооны бага хуралд нэр дэвшсэн юм уу. Хэдэн хүн нэр дэвшсэн юм бэ?

-Сумынхаа журмаар дэвших эрхтэй байсан ч аймгийн намын хорооны журмаар хурал хийсэн болохоор сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Цахим халдлага хийх үеэрээ биднийг хазаарлачихсан юм. Манай сумаас 8-9 хүн нэр дэвшиж, таван хүн сонгогдсон. Харин аймгийн МАН-ын даргаар сонгогдсон Батжаргалыг Ч.Хүрэлбаатарын талд олон жил ажилласан гэдэг юм билээ.

-Танай сум, орон нутгийн удирдлагууд хэрхэн ажилладаг вэ. Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлуудыг та юу гэж хардаг вэ?

-Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлуудыг үнэний ортой гэж боддог. Гэлээ ч хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал бий байх. Би саяны хурлыг хүчингүй болоосой гэж хүсэж байна. Нам гэдэг хэн нэгний өмч, хэрэглээ болох гээд байна. Хэн нэгний үг, эрх мэдлээр сонгууль хийж болохгүй. Ардчилсан нийгэмд хуулийн дагуу сонгууль хийх ёстой шүү дээ.

www.ergelt.mn


Сэтгэгдэл

Төрийн албан хаагч [103.212.116.41] 2022-03-17 18:07:02

Уг нь би их хүндэлж явдаг юм. Даанч буруу хүмүүсээ хажуудаа татаад хамаг лайг нь ганцаараа үүрээд явах юм. Өөрсдийн эрх ашгаа хангах гэсэн болон хамт олондоо нэр хүндгүй сул доройчууд хүчирхэг нэгний суганд наалдан амиа хоохойлдог юм шүү дээ. Үүнийг манай лидэрүүд тооцоолон харж ухаарч чадахгүй л байгаам даа. Шударга зарчимч ажил хэрэгч чадварлаг хүмүүс л хамгийн зөв туслагчид байдгийм даа.

Зочин [64.119.27.217] 2022-03-17 04:37:00

Япон луу хуурамч бичиг явуулж байгаа хүн, Энэ зэргийн юм өлхөн хийнэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.