Дотооддоо үйлдвэрлэдэггүй бүх бараа бүтээгдэхүүн, тэр дундаа түлш шатахууны ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ
Дотооддоо үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэр дундаа түлш шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Яагаад гэвэл, ААН-үүд чөлөөт зах зээлийн жамаар бизнес эрхлэх бүх боломжийг хангаж өгч байж улс орон хөгжинө. Гэтэл манай улсад тийм өчүүхэн боломж ч байхгүй байгаа нь харамсалтай. Монголд бүх бизнес дарамтанд шахуу байдаг бөгөөд хамгийн их дарамтлуулдаг нь шатахуун импортлогчид гэж хэлж болно. Манай улс шатахууныхаа 90 хувийг ОХУ-аас авдаг. Орос ах нар дайн самуунтай дотооддоо байдал хүнд байгаа энэ үед шатахуун импорлогчид ноён долларын өсөлттэй тэмцээд ч болов иргэдээ балга бензинээр таслахгүйг хичээсээр өнөөг хүрсэн. Гэтэл Дизель түлш, шатахууны үнийг нэмбэл тусгай зөвшөөрлийг чинь цуцална гэж сүрдүүлдэг улс Монголоос өөр алга гэж хэлэхэд болно.
Дарга нар ард түмэнд таалагдахын тулд бензиний үнийг хямд барих сонирхолтой. Учир нь шатахууны үнэ нэмэгдвэл төр засгийнхан ард түмнээр “алуулна” гэдгээ сайн мэддэг. Иймдээ гарын таван хуруунд байдаг шатахуун импортлогчид нь бизнес эрхлэгчид дотроо яг л айлын шоовдор хүүхэд шиг яваа. Шатахуун импортлогчид ханшийн өөрчлөлттэй нийцүүлэн үнээ нэмэх бодлого шийдвэр гаргалаа ч энэ шийдвэр нь хэрэгжих гэхээсээ илүү хэрэгжихгүй нь ойлгомжтой. Учир нь төр засгаас ирэх дарамт хамгийн их. Ерөнхийдөө шатахуун бол монголчуудын хувьд талх, мах, гурилын дараа орох амин бүтээгдэхүүн. Эдийн засгийн хуулиараа эрэлт байхад нийлүүлэлтээ нэмье гэдэг, гэтэл эсрэгээрээ монголд эрэлт их байхад нийлүүлэлт хийж чадамжгүй нөхцөл байдалд байнга ордог бизнес мөн нь шатахууныхан. Учир нь тэд шатахуунаа дотооддоо нэрдэггүй. Гаднаас шууд хамааралтай тул орос ах нарыг царайчилж авна, улс төрийн нөхцөл байдал хүндэрвэл шатахууны цоргоо хэзээ ч хаахад бэлэн тийм л эгзэгтэй бизнесийн цэгт шатахуун импортлогчид зогсож байна.
Ингэж л Орос ах нарын аяыг харж, шатахууны бизнесийнхэн хэдэн балга шатахуун оруулж ирдэг. Гэтэл ам.долларын ханшийн зөрүүг эс харгалзан үнээ нэмбэл “ална шүү” “ашиггүй ч гэсэн байгаараа үнээр нь зар” гэх заналхийлэл байнга оршсоор. Өнөөдөр ч гэсэн түлшний нөөцгүй болж тасалдсан. Үүнээс болж уул уурхайн салбарынхан ажлаа хийж чадахгүй тэг зогсолт руу орчихлоо гэсэн мэдээллүүд хөвөрч байна.
Шатахуун бензинээ бид дотооддоо үйлдвэрлэдэггүй. Гэтэл ханшийн зөрүүг алдагдлыг үл тоон үнээ барь гэж сүрдүүлэх нь яг л сайн дураараа “бизнесээ шатаа” “алдагдалд хүлээж өрөнд ор” гэснээс ялгаа алгаа. Ер нь энэ улсад болж бүтэж байгаа юм туйлын цөөн. Хамгийн их орлоготой амжилттай яваа нь жүжигчид дуучид. Бусад нь буюу бизнесийнхэн болон баялаг бүтээгчид хамгийн их туйлдаж шахагдаж байна. Саяхан л гэхэд МАК компанийг хэдэн тэрбумаар торгочихлоо. МАК-ийг өмөөрөх гэсэнгүй. Гэхдээ тэд монголдоо цемент үйлдвэрлэж байсан баялаг бүтээгчид л юм шүү. Ер нь монголд бизнес хийх хэрэг байна уу. Одоо хадны завсар хавчуулагдсан шатахууны хэдэн компаниуд хэзээ хэзээгүй хаалгаа хаахыг хэн мэдэх билээ. Амьдралд нийцэхгүй алиа шийдвэрүүд гаргаж, ард түмэн, бизнес эрхлэгчдийг боомилдогоо болих цаг болсон. Аливаа зүйл эргэх холбоотой гэдэг буруу шийдвэр, бусармаг бүхний өр төлөөс өөрөө эргэж ирдэг. Монголд амь тэмцэж буй бизнесүүдээ буланд шахаж булшны нүхэнд хийж байгаа цагт эдийн засагт элгээрээ хэвтэх өдөр улам ойртох биз.
Сэтгэгдэл
Батболд [124.158.65.233] 2022-11-28 11:26:27
Үнэ чөлөөлөх боломжгүй бараа, бүтээгдэхүүн байх ёстой,өнгөрсөн 30 жилд өндөр албан тушаалтан тэдний ах дүүс алт,бензин шатахууны эрх олж аваад асар их баяжсан Тэгээд бид Монгол улсын бодлогод огт хамаагүй харин Ерөнхий сайдтай гэрээ хэлцэл хийж Монгол улстай тохиролцож болно гэж Петровисын Оюунгэрэл хатартай,Шунхлайн Батхүү хоёр ярилцлага өгч байсан Үнээ өөрсдөө нэмээд л яваашдээ Юун үнэ чөлөөлөхАН-н нөхдүүд одоо элдвээр хуцахаа ичдэг болоосой Эхлээд ЭРдэнэ,Баттулга Баярцогт нарыгаа зодолдуул хэн бага гэмтэлтэй,эсвэл үхээгүй үлдсэнийг даргаараа сонго.Тэгээд улс төррүү ор
Зочин [66.181.176.64] 2022-11-28 05:54:10
Ардчилсан нам төр барих үедээ хийхгүй яасан юм бэ.
Зочин [203.17.23.221] 2022-11-28 03:46:09
Үнийг чөлөөлөөд яах юм. Оросын ганцхан компаниас бүх импотлогч компаниуд нефть бүтээгдэхүүн худалдан авчбайна. өөр зах зээлээс авах техникийн болон эдийн засгийн боломж бараг алга. Хятад болон Казахстаны нефтийн үнэ Оросоос 20-30 хувийн өндөр.