Үерийн хамгаалалтыг нэн яаралтай нэмж “барья”

Aдмин / Нийгэм

ОБЕГ-ын мэдээллээр, хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16-н гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй болжээ.

Эдгээрийг засаж сэлбэх ажил нь төсөв хөрөнгөөс эхлээд маш хүндрэлтэй явагддаг байгаа юм. Наадмын өмнөхөн “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “...2020 оноос хойш Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 25 байршил, үерийн барилга, байгууламжийн гурван байршилд засвар, шинэчлэл хийсэн. Жил бүр цаашид барьж, байгуулах шаардлагатай үерийн барилга, байгууламжийн тооцоо, төлөвлөгөөг гаргадаг. Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан бий. Үүний 80 орчим хувийнх нь насжилт хэтэрсэн.

Сэлбэ голын үерийн даланг гар аргаар хийсэн, 50 жилийн насжилттай. Харин Туул голынх 56 жилийн насжилттай. Дунд гол орчимд “Эко констракшн” ХХК 2012 онд барилга барьснаар голын голдирлыг нарийсгасан учраас түшиц ханаар далан хийсэн бөгөөд энэ нь 11 жилийн насжилттай. Иймд нийслэлийн хэмжээнд үерийн барилга, байгууламжийг нэмж барих хэрэгтэй. Ер нь Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай” гэж байсан.

Тэр утгаараа одоо байгаа далангаа “цэвэрлээд” чөлөөлсөн ч уржигдрын үер шиг уул дагаж буусан усны үер Улаанбаатарын хаана ч болж мэдэхээр байна. Тэгэхээр хуучнаа үер хаах чадалтай болгоод нэмж барих шаардлага үүсээд байгаа юм. Уг нь Хотын удирдлагууд энэ талаар гаргаад хийх бэлэн төсөлтэй сууж байгаа аж. Долдугаар сарын сүүлчээр Хотын дарга усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт хийсэн байдаг. Тэр үеэр “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсныг танилцуулсан байгаа юм.

Тэдний танилцуулснаар, хотын хэмжээнд 1966 оны үертэй дүйцэхүйц хэмжээний ус урсан орж ирвэл Туул гол орчмын 3 200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах юм. 100 жилд нэг удаа тохиох магадлалтай буюу секундэд 2 490 шоо метр зарцуулгатай үер орж ирэхэд хотын 40 000 га талбай, үүнээс 34 900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автана. Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн далангуудын насжилт хэтэрч, эргийн бэхэлгээ нь эвдэрч гэмтсэн.

Иймд Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд төвийн зургаан дүүргийн суурьшил ихтэй бүсэд Туул голын хойд эргийн хамгаалалтын даланг өндөрлөж, тохижилт хийхээр тусгасан. Үерийн эрсдэлээс хамгаалах, урсацыг сайжруулахын тулд Сэлбэ, Улиастай голд үерийн ус хуримтлуулах сан байгуулж, урсацын тохируулга хийх юм. Ингэснээр суурьшлын бүсийг үерт автахаас сэргийлж, хур тунадас багатай үед голын урсацыг тэтгэнэ.

Хүчтэй аадар борооны улмаас ус гуу жалга, сайр даган шавар, шороо, чулуутай холилдон урсах уруйн үерээс хамгаалах 107.6 км хамгаалалтын суваг 58 байршилд бий. Гэсэн хэдий ч ихэнх нь хуучирч муудан, засвар, шинэчлэл хийх шаардлагатай болсон. Иймд төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын 345 км суваг, 23 км даланг шинээр хийнэ. Хотын хэмжээнд зам, талбайн борооны ус зайлуулах 169 км шугам, 3 084 шүүрт худаг, 3 601 үзлэгийн худаг, нэг насос станц, 10 насост худаг байна. Борооны ус зайлуулах гол цуглуулагч шугамуудын 70 орчим хувь нь 1990 оноос өмнө хийсэн, 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Тиймээс 1987 оноос хойш ашиглаж байгаа насос станцыг өргөтгөж, автомат удирдлага бүхий насос станцыг шинээр барихаар төлөвлөжээ.

Түүнчлэн цуглуулагч шугамуудад засвар хийж, зарим байршилд борооны уснаас гадна хөрсний ус зайлуулах шугам сүлжээнээс ус хүлээн авах 280 км цуглуулагч шугам шинээр хийнэ. Хотод хөрсний ус зайлуулах 24 км шугам, хяналт шинжилгээний 45 цооног байдаг. 2040 он хүртэл 42 цооногийг хөрсний усны түвшин бууруулах болон шүүрүүлэх 58 км байгууламжийг хийнэ. Ийм төлөвлөгөө танилцуулжээ. Тиймээс бэлэн байгаа энэ төслийг, эсвэл үүнээс өөрийг нэн яаралтай санхүүжүүлээд, ажил хэрэг болгож эхлэхгүй бол бүгдээрээ ангайж суусаар иргэдийн амь нас, эд хөрөнгийг тавьж туусаар байх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Наад захын зүйлээ мэдэж байгаа байлгүй дээ. [66.181.181.176] 2023-08-07 22:59:24

Эхлээд Улаанбаатар хотын газрын түвшний "Ноль цэг" нь хаана байдаг юм бэ? Түүнээс хамааран бусад дүйлээ төлөвлөнө ш дээ. Тэргүйгээр юүн ус зайлуулах шугам, ус хуримтлуулах сан бэ? Ус чинь газрын өөд урсахгүй ш дээ.

зочин [202.9.41.1] 2023-08-07 16:16:38

яг үнэн

Хувиасаа мөнгө гаргаж чадах уу? [66.181.181.176] 2023-08-07 15:20:11

"Авилшалын хороолл"-ын иргэд ӨӨРСДӨӨ ХУВИАСАА санхүүжүүлж үерийнхээ даланг бариарай. Та нарын хувийн хөрөнгийг хамгаалахын тулд яахлээрээ УЛСЫН төсвөөс мөнгө зарах юм бэ? Үер давтагдвал яах юм бэ? Дахин үерийн хаалтыг БИДНИЙ мөнгөөр барих уу, өндөрлөх үү?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.