М.Хүрэлсүх: НӨАТ гэдэг зүйл монголчуудыг ядууруулах хөшүүрэг болж байна

Aдмин / Эдийн засаг

“Норман” компанийн захирал М.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Та өөрийнхөө цахим хаягт бизнес эрхлэхэд хэцүү, дарамттай байгаа талаар бичсэн байсан. Монголд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Чөлөөт зах зээлийн нийгэм гарснаас хойш бизнес хийлээ. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс өсч өндийхөөр тодорхой хэмжээнд бүгд зүтгэсэн. Сүүлийн жилүүдэд цар тахал гарч бизнес зогсонги байдалд орсон. Энэ байдлаас гарахын тулд төр тодорхой хэмжээнд бизнес эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх ёстой. Тиймээс ч хууль батлаад улсын төсвөөс мөнгө хуваарилсан. Гэтэл тэр мөнгө яг жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ очоогүй. Яадаг вэ гэхээр өөрсдөө хууль батлаад, өөрсдөө мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүд жижиг дунд бизнес эрхлэгчдэд ирэх ёстой мөнгө төгрөг, дэмжлэгийг өөрсдөө авчихдаг. Хөндлөнгөөс тэр байдлыг нь хараад байхад баялаг бүтээж байна уу гэвэл үгүй. Ажлын байр бүтээсэн үү, үгүй. Нийгэмд хөрөнгө оруулсан уу, бас л үгүй.

Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс бидэнд ирэх ёстой дэмжлэгийг аваад, баялаг бүтээхгүй хэрнээ буцааж төлөхгүй гэсэн маягаар зарцуулсан. Зориулалтаас нь өөрөөр зарцуулдаг. Жишээ нь, улсад нэг ч удаа татвар төлөөгүй, нэг ч удаа нийгмийн даатгал төлж үзээгүй, нэг ч хүн цалинжуулж үзээгүй байж шинэ компани байгуулаад л тэр дэмжлэгийг нь авчихдаг. Аливаа нэгэн тендер байна. Тендер зарлаад л нэг ч ажил хийж үзээгүй шинэ, туршлагагүй компанид тендерээ өгчихдөг. Авсан компани нь ажлаа явуулж чаддаггүй. Ингээд эцсийн дүндээ ард түмэн хохирдог. Бидний татварт төлсөн мөнгийг дахин хуваарилахдаа эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь аваад захиран зарцуулчихдаг. Үүнээс болж Монголын төр ч хохирч байгаа.

-Та одоогоор хичнээн хүн цалинжуулж байна. Цалин олгоод явахад хүндрэлтэй зүйлүүд гарах уу?

-Манай бизнесийн төв 400-гаад хүнд ажлын байр бий болгож байна. 100-гаад хүнийг цалинжуулдаг. Ингээд бизнес хийгээд явахад төрийн оролцоо бага байх юм бол ажил үйлчилгээгээ чөлөөтэй явуулах боломжтой. Гэтэл бидний үйл ажиллагаа энгийн явж байтал жишээ нь, гэнэт газрынх нь эрхийг цуцалчихдаг. Эсвэл бизнес эхлэх гээд явж байтал эхлүүлэх гэсэн тэрхүү бизнесийг нь хааж боодог ч юм уу, ийм асуудал байнга гардаг. Дээр нь хүмүүс анзаарч байгаа бол сүүлийн үед арилжааны банкууд зээл олгохоо больсон.

Нэг ёсондоо Монголбанк өөрийнхөө бодлогын хүүг өсгөчихөөр арилжааны банкууд Монголбанкинд мөнгөө аваачаад байршуулчихвал ашигтай шахам болж байна шүү дээ. Нийгэм рүү гаргаж баталгаагүй зээл өгч байснаас төрийн янз янзын үйл ажиллагааг санхүүжүүлэх, төрийн бонд худалдаж авах нь банкинд ашигтай болчихсон. Банкууд хөрөнгө оруулалт хийх хэмжээний санхүүжилт өгөхөө больсон. Хоёрдугаарт, хүү нь маш өндөр болчихсон. Урт хугацааны хүү багатай зээл олдохоо больчихсон. Ийм байдалд орчихсон үед жижиг дунд бизнес эрхлэх гарцгүй болж буй зүйлүүд ажиглагдаад байна.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, зээл олдохгүй бол цаашид үүсэх хор уршиг нь юу вэ?

-Жижиг дунд бизнес эрхлэгчид ажлын байрыг ихээр нэмэгдүүлдэг. 10, 20, 30 хүнтэй ажлын байр бий болгоход цаана нь дор хаяж 100-гаад хүн байна шүү дээ. Монголд байгаа тодорхой хэмжээний орон зайд өөрсдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг явуулж, тэндээсээ ашиг олж, хүмүүсийг цалинжуулж байх ёстой. Гэтэл сүүлийн 10 жилд хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдээгүй. Арван жилийн өмнөх хэмжээндээ байгаа гэж хэлж болно. Яагаад өнөөдөр Монголд бизнес тэлэхгүй, эдийн засаг тэлэхгүй байна гэдэг чинь хүнийхээ хөдөлмөрийн үнэлэмжийг зөв хийж чадахгүй байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр төр бодлогоо чиглүүлж чадахгүй байна. Төр юунд оролцож байна гэхээр томоохон уул уурхай, бизнест оролцдог.

Тэндээсээ төсвөө бүрдүүлээд болгочихож байна. Төрийг том мод гэж үзвэл салаа мөчир, навч нахиа нь ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгүй зогсчихсон гэж хэлж болно. Ард түмэн тэр модны үр үндэс, навч нахиа нь шүү дээ. Тэр навч нахиа нь амьдралаа авч явах ёстой. Гэтэл ямар ч хөдөлгөөнгүй зогсчихоор яаж амьдрах вэ.

Төр байнга халамжаар эсвэл бүгдийг нь төрийн албан хаагч болгоод цалинжуулаад явна гэж байхгүй. Хөгжил хаана явагдах вэ гэвэл хувийн өмчтэй байж, хувийн өмчийг дэмжиж, бизнест нь эрх чөлөө олгож байж эдийн засаг тэлж, ард түмний амьдрал дээшилнэ.

Монголын бизнес цэцэглэх ёстой гэж би боддог. Яагаад залуус олноороо гадагшаа яваад байна. Бидний үед бизнес хийе, бизнесээ хөгжүүлье, жижиг дунд бизнес эрхэлье, үйлдвэрлэл үйлчилгээ бий болгоё гээд явж байсан. Өнөөдөр гадагшаа явж гадны компанид ажиллая гэдэг болж. Боолын хөдөлмөр эрхэлнэ шүү дээ. тэгээд байртай болъё л гэдэг. Байртай болох нь хүмүүсийн мөрөөдөл болчихож. Монголд мөрөөдөл гэдэг юм байхгүй болчихсон. Гадагшаа гарч ажиллах нь л тэр хүмүүсийн мөрөөдөл болчихсон. Монголд бизнес эрхэлье, бизнесээ хөгжүүлье, өөрийгөө хөгжүүлье гэдэг асуудал бүрхэг болчихоод байна.

-Бизнес хийхэд урсгал зардал их гардаг байх. Дээрээс нь олон төрлийн татвар төлнө. татварын дарамтаас болж аж ахуйн нэгжүүд дампуурах тохиолдол гардаг гэх. дарамт их байдаг уу?

-Татвар сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа. Жишээ нь, НӨАТ. НӨАТ-ыг би ойлгохдоо татвараа төлж байна уу. Орлогоо зөв мэдүүлж байна уу гэдгийг хянах механизм гэж ойлгодог. Орлогоо зөв мэдүүлж байгаа газруудад тэрхүү татварыг нь буцааж өгөх ёстой. Гэтэл үүнийг албан ёсны татварын төрөл болгочихсон. Жишээ нь, АПУ компанийн нэг ус 500 төгрөгөөр үйлдвэрлэлээс гарлаа. Тэнд НӨАТ төлөгдөж байгаа. Бөөний төв дээр очлоо. Бас л НӨАТ-тай. Дахин түүнийг нь хүн худалдаж авлаа. Дахин НӨАТ төлөгдөнө. 500-гаас 800 боллоо. 500 байхад нь 50 төгрөгийн татвар төлөгдөнө. 800-гаас 80 төгрөг. Дэлгүүрт тэр ус 1000 төгрөгөөр зарагдлаа. 100 төгрөгний татвар авна. Дахиад тэр нь цэнгээний газар очлоо.

Шөнийн цэнгээний газарт нэг цэвэр 4000 төгрөгөөр зарагддаг. Тэгэхээр 400 төгрөг татварт өгнө. Нэг бараанаас хэдэн удаа НӨАТ авч байна. Бараг 4-5 удаа давхар авч байгаа. Гэтэл архи гээд аваад үзвэл бас л тийм. НӨАТ-ын татвар гэдэг зүйл монголд ядууруулах тал руугаа явж байна. Дээр нь инфляциа барьж чадахгүй ард түмнийг хоосруулж байгаа шүү дээ. 1990 оны үед 10 мянган төгрөгөөр хоол ундныхаа юмыг цуглуулдаг байсан бол сүүлдээ 100 мянган төгрөг хүрэхээ байсан. Одоо нэг тор хоол хүнсний юм авахад 300-400 мянган төгрөг элбэг болно. Мөнгөний өөрийнх нь үнэ цэнэ гэж байхгүй болчихлоо. Хүмүүс хөдөлмөр хийх дургүй болчихлоо. Хөдөлмөрлөхөөр ядуураад байна шүү дээ. Тэгэхээр энэ нь төрийн бодлоготой холбоотой л гэж бодож байна.

-Бизнес хийхэд хүний нөөц чухал байх. танайд ажиллах хүний нөөцийн асуудал тулгарч байна уу?

-Жил бүр өчнөөн мянган оюутнууд төгсөж байгаа гэж буй боловч хар бор ажлаас авахуулаад мэргэжилтэй ажилтан олдохоо больсон. Сургуулиуд мэргэжилтэн их төгсгөж байгаа гэх боловч бидний захиалгын хэмжээнд хүмүүсээ бэлтгэж гаргаж чадахгүй байна. Өрсөлдөөн ч ихтэй байгаа. Зах зээлийн нийгэмд. Сайн хүүхдүүд нь ажлаа олоод хийчихдэг. Олон их дээд сургууль боловсон хүчнээ сайн бэлтгээгүйгээс болоод эхний нэг хоёр жилдээ бид давтан сургах ажил хийдэг. Амьдрал дээр сургаж байгаад л овоо дөр ороод, цалин мөнгийг нь нэмээд тогтвортой сайн ажиллах байх гэтэл л эмэгтэйчүүд нь амьдрал зохиогоод үр хүүхэдтэй болоод явчихна.

Эрэгтэйчүүд жаахан дөр ороод ирэхээрээ өөр газар руу явчихдаг. Боловсон хүчний тогтвортой байдал гэдэг зүйл алдагдчихсан. Нийгэмд энэ асуудал гамшиг болсон. Монголоор дүүрэн ажлын олгоно гэсэн зар. Урьд нь ажил хий гэдэг байсан. Одоо ажлын байр нь байгаад байдаг ажиллах хүч нь олдохоо больсон. Ихэнх залуус гадаадад гарч ажиллана л гэдэг болсон. Энд тэнд ажилд зуучлах, ажлын өдөрлөг болохоор хүнгүй. Хаана очерлож байна гэхээр Солонгосын виз гаргуулахад л дараалаад зогсдог болсон.

-эрхлээд явахад төр их оролцдог гэсэн. Яаж оролцож байна вэ?

-Төрийн дунд шатанд ажил ер явдаггүй. Ажил хийхээ больсон. Хөөцөлдөлгөөтэй. Дарга нар нь байдаггүй. Доодох хүмүүс нь дарга нарынхаа байдлыг хардаг. Бичиг хэрэг өглөө гэхэд хуулийн хугацаандаа долоон хоногийн дараа гарах ёстой. Долоо хоногийн дараа яваад очихоор тэр нь ч дутуу, энэ нь ч буруу гээд буцаадаг. Японд би ажлаар очоод бичиг баримт хөөцөлдөж үзсэн. Тэнд бичиг сачгаа шалгаж аваад болчихжээ, долоон хоногийн дараа ирээрэй гэвэл яг л долоо хоногтоо гардаг. Монголд бичиг баримт бүх юмаа шалгаж авчихаад долоо хоногийн дараа яваад очиход заавал ч үгүй нэг юм дутаадаг. Буцаадаг. Тэнд хүний цаг зав, санхүүгийн байдал давхар явж байдаг. Үүнийг ер бодолцдоггүй. Үүн дээр хариуцлага үүрдэг хүн байхгүй. Түүнд нь хяналт тавьдаг ч хүн байхгүй. Төрийн албыг хүмүүс дарга болоод л хүнийг хааж боодог, танил тал ах дүү хамаатан садангаа өөд нь татдаг ийм л газар болчихсон гэж ойлгоод байх шиг байна.

Д.Баттогтох

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.19] 2023-09-05 20:58:30

huulian bariad tailangaa gargaad irheer nuat geh urund orchih yum . getel esregeeree nuat tuldgvi huulian baridgvi heseg ni zah zeelee atgaad heden terbumaaraa ergeldeed 1 ch tug tatvar tullgvi yavchih yum .

Иргэн [103.57.92.42] 2023-09-05 18:19:01

Хүрэлсүхэд -- Ахмадууд нь550 төгрөгөөр яаж баян амьдрах вэ???????? 70,80 90 оны төгрөгийн ханшаа нэмээч Ерөнхийлэг минь!!!!!!!ядууг нь одоо мэдэж байгаа юм уу Зайлуул!!!!!!!

Зочин [66.181.161.206] 2023-09-05 16:15:07

Нөат бол ер нь дарамт тийшээгээ болж байгаа. Гэхдээ жаахан болгоомжтой ярь. 1990 онд Монгол улсын ДНБ 5 тэрбум төгрөг, төсөв алдагдалтайгаар 2 тэрбум орчим төгрөг. 1 доллар хар захын ханшаар 20-27 төгрөгтэй тэнцэж байсан. Монгол улсын гадаад өр буюу Зху-д төлөх өр 9.8 тэрбум доллар байсан. Цалин 180-420 төгрөг. Дарга сайд нар 1800 хүртэл төгрөгний цалин, үүнээсээ хэд дахин давсан тусгай хэрэглээтэй байсан. Халамж гэсэн үг. Молоко 2 төгрөг. Шүдэнз 10 мөнгө. Хоёрдугаар гурил кг нь 1 төгрөг. Ургамлын тос 1л нь 9 төгрөг. Одоо лангуун дээр дунджаар 8000-11000төг байгаа чихэр 11төг, 20 мөнгө. 25,000 байгаа чихэр 30-48 төг байсан. Талх 1 ш нь 1төг 40мөн, Одоо 1200 гэж байгаа цайны печень 60 мөн байв. Хиам 6-8 төгрөг. Мах зэргээсээ хамаарч 5-8 төгрөг. Ус хагас мөнгө. Масло 1кг 12 төг, алим 5 төг, архи 28 төг,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.