Гахайн үр хөврөл дотор анх удаа хүний бөөрийг ургуулжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Гуанжоу дахь Хятадын ШУА-ийн Био анагаах ухаан, эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид хүнийхтэй төстэй бөөрийг анх удаа гахайн үр хөврөл дотор ургуулжээ. Хэрэв энэ туршилт амжилттай болох аваас хүний эд эрхтнийг олноор нь ургуулах аргыг нээх боломжтой гэж “Cell Stem Cell” сэтгүүлд эрдэмтдийн нийтэлсэн өгүүлэлд дурдсан байна.

Хятадын эрдэмтэд өмнө нь хулганын биед хархны эд эрхтнийг ургуулж чадсан боловч гахайн биед хүний эд эрхтнүүдийг ургуулах гэсэн өмнөх бүх оролдлого бүтэлгүйтэж байжээ. Харин энэ удаад хүний эд эсийг гахайн эд эстэй зохицуулан нийлүүлэх туршилтыг сайжруулан хийж чадсан бөгөөд ингэснээр энэ амьтны биед анх удаа хүний бөөрний бүрэн бүтнээр нь ургуулах боломж бүрдсэнийг дээрх хүрээлэнгийн судлаач Лай Лиансюэ дурдлаа.

Үндсэндээ бүх донор эрхтэнийг өвчтөнд суулгахаас өмнө удаан хугацаагаар хадгалах боломжгүй байдаг нь өдгөө эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд тулгамдаж буй гол асуудал болоод байгаа юм. Донор эрхтнүүдийг бараг тэг температурт дунджаар 12-18 цагийн турш хадгалах боломжтой бөгөөд үүнээс илүү хугацаагаар хадгалбал өвчтөнд аюул учруулдаг байна. Тиймээс шилжүүлэн суулгахад тохиромжтой эрхтнүүдийн талаас илүү хувь нь ямар ч хэрэгцээгүй болж хаягддаг байна.

Энэ асуудлыг шийдэх арга замуудын нэг нь гахай болон бусад том амьтдын биед хүний эд эрхтнүүдийг ургуулдаг технологийг гарган авах явдал юм. Амьтны үр хөврөлийн доторх үүдэл эсүүдийн заримыг сонгон устгаж, хүний эсээр орлуулах замаар үүнийг хийж болдгийг сүүлийн жилүүдэд хийсэн туршилтууд харуулж байгаа юм.

Эрдэмтэд үүнээс санаа авч, ДНХ-д нь үр хөврөлийн доторх бөөрний эдийн өсөлтийг хариуцдаг “SIX1” ба “SALL1” генүүдийн өсөлт нь зогссон гахайн үр хөврөлийн эсийг өсгөжээ. Ингэснээр гахайн үр хөврөл дотор бөөр үүсэх боломжгүй болсноор хүний үүдэл эсийг суулгах боломжтой болжээ.

Эрдэмтэд хүний эс бүхий хэдэн зуун гахайн үр хөврөлийг бүтээж, хуруу шилэнд хөгжлийн зохих шатанд нь хүртэл ургуулж, заримыг нь 13 эм гахайн биед суулгасан байна. Үр хөврөлийн ихэнх нь амжилттай дасан зохицож, хэвийн хөгжсөний дараах 28 хоногт туршилтыг зогсоожээ.

Үр хөврөлүүдийн бөөр нь хэвийн хэмжээнд хөгжсөн бөгөөд үүний зэрэгцээ 50-60 хувь нь хүний эсээс бүрдсэн байна. Эрдэмтэд гахайн бусад өсөж буй эрхтнүүдээс хүний эсийг олоогүй нь ёс зүйн үүднээс чухал юм. Эдгээр туршилт амжилттай дууссан нь гахайн биед бөөр болон хүний бусад эрхтнийг ургуулах урт хугацааны туршилт хийх замыг нээж өгч байгааг эрдэмтэд онцолжээ. Ирээдүйд эдгээр туршилтын ачаар шилжүүлэн суулгах мэс засалд зориулагдсан цогц биеийн эд эсийг олноор нь гарган авах боломжтой болох юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.