О.Гал-Очир: Манайд чанарын лабораториуд хөгжөөгүй, бизнесийн зорилготой тоон шинжилгээнүүд л сайн хийгдэж байгаа

Aдмин / Нийгэм

Нийслэлд тодорхойлох боломжгүй үнэр гарч, үргэлжлүүлээд дунд сургуулийн нэг ангийн сурагчид дахин дахин хордож байгаа тохиолдлыг холбогдох байгууллагууд шалтгааныг нь тодорхойлж, шинжилж чадахгүй байна. Энэ нь манай улсын лабораторийн хүчин чадалтай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм. Энэ талаар хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа.

– Баян зүрх дүүрэг т учир битүүлэг үнэр гарч, онцгой байдал, цагдаа, тагнуул ч хариулт гаргаж чадсангүй. Араас нь дунд ангийн сурагчид хордож, шалтгааныг тодорхойлж чадахгүй цаг алдаж байна. Энэ нь лабораторийн хүчин чадалтай холбоотой гэдэг үнэн үү?

-Лаборатори гэдэг бол химийн шинжлэх ухааныг ашиглад тухайн гарч байгаа хий байна уу, хортой шингэн байна уу, хорт бодис байна уу, үүний найрлагыг тодорхойлж байх ёстой. Химийн шинжилгээг чанарын болон тоон шинжилгээ гэж ангилдаг. Чанарынх нь химийн арга зүйг ашиглаад үл мэдэгдэх бодис байлаа гэхэд ямар бодис болохыг яг таг тодорхойлж байдаг. Харин тооны шинжилгээ нь ямар нэгэн бодис байлаа гэхэд хэр хэмжээтэй байгааг гаргаж ирдэг . Манайд байгаа лабораторийн хүчин чадал тоон шинжилгээн дээр суурилчихсан гэж хэлж болно. Ялангуяа уул уурхай, хүнсний лабораториуд энэ талаар нэлээд хөгжсөн. Хүнсний лаборатори гэхэд бүтээгдэхүүнд байгаа илчлэг, чанар, уураг нь хэд байна. Тос нь, нүүрс ус нь хэд байна гэж гаргачихдаг. Харин чанарын шинжилгээний лаборатор их өгжөөгүй . Тиймээс өнөөдөр ямар үнэр гарсныг тодорхойлж чадахгүй байгаа юм.

Эсвэл өөр газар үл мэдэгдэх бодис асгарсан байлаа гэхэд яг ямар бодис вэ гэдгийг тодорхойлж чадахгүй суугаад байна. Тэгэхээр чанарын шинжилгээний лаборатори Монголд байхгүй, хөгжөөгүй гэсэн үг. Энэ байдал хуванцар хэрэглээн дээр илүү тодорхой харагддаг. Хуванцар бүтээгдэхүүнээс хор ялгараад тэр нь хүнсийг хордуулж байна гэж нийтээрээ ярьцгаадаг даа. Гэтэл хуванцар гэдэг нийтлэг нэр. Хуванцар дотроо олон төрлийн найрлагатай байдаг. Бид чанарын лабораторитой бол үүнийгээ тодорхойлчих байсан юм. Хорт бодис ялгарч байгааг нь ялгаад л хүнсэнд хэрэглэхийг тухайлсан саван дээр хориглох ёстой. Гэвч өнөөдөр аль ч төрлийн хуванцраас ямар бодис ялгараад байгааг тодорхойлж, шинжилж чадахгүй байгаа болохоор хуванцар л бол хортой гэсэн нийтлэг ойлголтоор явж байна.

Лабораторитой байх ёстой. Тэр нь бүр маш сайн чанартай байх ёстой болов уу?

-Тухайн лабораторийн өөрийнх нь шинжилгээний хамрах хүрээ гэж байдаг. Манайд сайн чанарын лаборатори Стандарт хэмжил зүйн төвд ч байхгүй, өөр бусад газарт ч байхгүй.

Геологийн төв лаборатори, SGS гэх мэт лаб байгаа шүү дээ. Эдгээр нь уул уурхайн бүтээгдэхүүн, жишээ нь хүдэрт тооны шинжилгээ хийдэг. Нэг ёсондоо зорилго нь илүү бизнесийн болоод явчихсан. Ингээд харахаар манай улсад бизнес, ашиг олох зорилготой лаборатори хүчин чадал илүү хөгжсөн гэж харагдаж байгаа юм.

-Энэ нь нийгмийн эрүүл мэндийн төлөө, ашгийн бус лаборатори, судалгаа шинжилгээ хангалтгүй гэсэн үг?

-Тийм. Маш өндөр чанартай лаборатори авах хэрэгтэй. Үүний тулд маш өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай. Гэтэл өнөөдрийн байгаа байдал бол нууцгүй хэлэхэд манай улс химийн багшгүй болж байна. МУБИС-ийг 2023 онд улсын хэмжээнд долоон хүүхэд л төгсч байна. Нэг ёсондоо химийн салбар уналтад орчихсон байна.

Лабораторийн тоног төхөөрөмж аваад байгуулчих шиг амархан юм байхгүй. Гол нь лаборатори сайн ажиллагаатай байх нь боловсон хүчнээс хамаарна. Тиймээс эхний ээлжинд боловсон хүчний асуудалд маш том бодлого хэрэгтэй.

-Ойрын хоёр тохиолдол дээр ийм нөхцөл байдалтай байгаа юм чинь цаашид яах вэ. Нийтийг хамарсан том асуудал үүсэхэд үүнээс ч хүндрэх юм биш үү?

-Агаарын бохирдол гэдэг маш том асуудал байна. Нүүрс гэдэг олон органик нэгдлээс тогтдог. Нүүрсний шаталт олон янзын хийг ялгаруулна. Энэ болгоныг гаргаж ирж шинжилж чаддаг лаборатори хэрэгтэй. Гэвч манайд алга. Одоо бид агаарын чанарын хяналт гэдэг хэдэн детекторуудаар л үзэж байгаа шүү дээ. Уг нь үүнийг химийн шинжилгээгээр хянах ёстой.

Үүний араас нь хөрсний бохирдол орно. Улаанбаатар хотод 1.7 сая хүн ам амьдарч байна. Монгол Улсын хүн амын тал нь нэг цэг дээр байгаа нь хөрсний бохирдол үүсгэхээс аргагүй. Үүнийг ч ямар хор хөнөөлтэй байгааг хянаж чадахгүй байна. Сүүлийн үед барилгын материалаас формальдагид гэх хорт бодис ялгардаг талаар яригдаж байна. Формальдагид барилгын материалын хавтангуудад байдаг. Өөр ч материалуудад бий. Үүнийг лабораторид л хянах ёстой. Ингэж байж нийгэмд гараад буй өвчлөлүүдийн үндсэн шалтгааныг олж тогтооно. Агаарт юу байгааг, гэрт дотоод орчинд юу байдгийг, хөрсөндөө ямар байгааг мэдэхгүйгээр ямар ч асуудалд ул суурьтай хандаж чадахгүй.

-Нүүрсэнд угаартсан хүмүүс өөрсдийнх нь буруу болж хоцордог. Гэхдээ нүүрсэнд яг юу байгаад ингэж хордуулаад байгаа талаар нарийн мэргэжлийн тайлбар байдаггүй байх аа?

-Угаар гэдэг химийн нэгдлийн хувьд яривал нүүрстөрөгчийн дутуу исэл. Үүнийг хүн бүр маш сайн ойлгочих хэрэгтэй. Энэ нь нүүрсийг, шатдаг материалыг дутуу шатаасан гэсэн үг. Дөл үүсэхгүйгээр уугисаар байгаад нүүрстөрөгчийн дутуу исэл үүсч байгаа. Энэ нь физикийн шинж чанарын хувьд мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр амтгүй, үнэргүй, өнгөгүй байдаг. Амтгүй, өнгөгүй, үнэргүй гэхээр дутуу исэл үнэртэж мэдэгдэхгүй. Ингээд л хорддог. Иргэд угаартай холбоотой мэдлэг мэдээллээ маш сайн дээшлүүлэх нь эрсдэл үүсэхээс сэргийлж чадна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.