Г.Занданшатар: Шаардлагатай бол ХЭҮК-ын даргыг өөрчилнө
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга "Ард иргэд болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг танилцуулъя. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн. Гэвч хүний эрх зөрчигдөх явдал гарсаар байна. Монгол Улс хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51-т эрэмбэлэгдэж байна. УИХ 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг анх баталсан. Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан цагаас хойш 22 илтгэлийг УИХ-д ирүүлсэн.
2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт сайнгүй байна. УИХ өөрийнхөө бүрэн эрхээс татгалзаж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэн томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Энэ бүхний гол зорилго нь хаана хүний эрхийн зөрчил байна түүнийг илрүүлж дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх. Сүүлийн үед хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөх асуудал их гарах боллоо.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчлэлийн нэг зорилго нь комиссын гишүүний зөвлөмж, шаардлага заавал биелдэг байх явдал. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болсон. Хүний эрхийн комиссын дарга хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн гомдол ирж байгаа.
Хүний эрхийн үндэсний комисс жилд нэг л илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Дүгнэлтэд нь үндэслээд УИХ тогтоол баталдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын энэ байдлыг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо энэ долоо авч хэлэлцэх шаардлагатай байна. Шаардлагатай бол Хүний эрхийн үндэсний комиссын даргыг өөрчлөх хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.183.224] 2023-11-19 13:58:04
Хүний эрхээр мэрэгжсэн хүн байхгүй, гадаадад сургууль төгссөн нь Монголын нийгмийн талаар мэдлэггүй, гадаадад ийм байдаг гэхээс өөр юмгүй. Хүний эрх уг нь нутагшсан харилцааны зохицуулалт баймаар юм билээ. Монгол Улсад 90 - ээд оноос гаднаас оруулж ирсэн нийгмийн харилцаа сайн нутагшиж өгөхгүй, өөрөөр хэлбэл иргэд мөн чанар, үр дагавар, уршгийг нь танихгүй, дадал, заншил, биеэ авч явах соёл болж төлөвшөөгүй, тийн төлөвшүүлэх иргэний болоод төрийн мэрэгшсэн байгууллага, зохицуулалт байхгүйгээс Хүний эрхийн аливаа асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй явсаар л байна. Хүний эрхээр дөнгөж практик мэдлэгтэй болж байгаа хуульч мэрэгжлээр сургууль төгссөн "бүдүүн зүрх" - тэнгүүд л таамгаар ажил явуулж байна шүү дээ. "Хүний эрх" гэдэг барууны хэм хэмжээ дэлгэрч л эхэлж байна, буруу алхуулж сургачих вий дээ. Дарга нар заадаг хэм хэмжээ огт биш гэдгийг л юуны өмнө ухаараасай. Дарга нар, захиргаадлынхан зааж зураад эхлэвэл хүний эрх биш "хүний үүрэг" гэсэн улирсан зүйлээ л батжуулна даа.
Зочин [202.126.90.71] 2023-11-17 21:59:19
Юу ч хийгээгүй, цагдаагийн яргалал дарамт газар авсан аймшигт нийгэм болчихоод бна малаа!