Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
“Автомашингүй өдөр-2024”-ийн хүрээнд өнөөдөр зах, худалдааны төв ажиллахгүй болохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ өдрөөр Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой. Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиогдоно.
Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах аж.
Дээрх авто замыг 07:00-18:00 цаг хүртэл хааж, нийтийн тээврийн хэрэгслийг бусад замаар зорчуулах аж. 41 чиглэлийн автобусны чиглэлд өөрчлөлт орох ч амралтын өдрөөр ажилладаг 945 нийтийн тээврийн хэрэгслийн тоо өөрчлөгдөхгүй учир иргэд саадгүй зорчих боломжтой. Зам хаасан байршлуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Сэтгэгдэл