АИ92 бензиний үнэ 25-30 төгрөгөөр нэмэгджээ
-ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 1800 ТӨГРӨГ БАЙВ-
2011 онд шатахуун импортлогчид шатахууны үнээ өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмж байсан удаатай. 2018 оны нэгдүгээр сард АИ92 бензиний онцгой албан татварыг тэглэсэн боловч он гарснаас хойш бензиний үнэ бараг 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 15 буюу лхагва гаригт Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны үнэ болон шатахууны үнийн судалгаа гаргасан байдаг. Тус судалгаанаас харахад дизель түлш 2100, АИ95 “Сод Монгол” шатахуун түгээх станцад 2080 төгрөг, бусад шатахуун түгээх станцууд 2120 төгрөг, АИ92 “Шунхлай” шатахуун түгээх станцад 1795 төгрөг байсан бол бусад шатахуун түгээх станцууд 1800 төгрөгийн үнээр тус тус борлуулагдаж байсан юм.
Өнөөдрийн байдлаар
-“Шунхлай”, “Петровис”-т АИ92 шатахууны үнэ 1825 төгрөг,
-“Магнай Трейд” АИ92 шатахууны үнэ 1830 төгрөг байна.
Эндээс АИ92 шатахууны үнэ 25-30 төгрөгөөр нэмэгдсэн нь харагдаж байна. Харин “Жаст ойл”-д АИ92 шатахуун 1800 төгрөгөөр борлуулагдаж, шатахууны үнээ нэмээгүй байгаа аж.
Наадмын өмнө АИ92 бензиний үнэ 1734 төгрөг байсан бол баярын өдрүүдэд болон өнөөдрийг хүртэл ойролцоогоор 96 төгрөг буюу бараг 100 төгрөгөөр нэмэгдсэн байна. “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд руу холбогдож үнийн өсөлтийн талаар тайлбар авахыг хүссэн ч татгалзсан хариу өгсөн юм.
Харин “Шунхлай” шатахуун түгээх станцын ажилтан “Үнээ нэмээд долоо хонож байна. Шатахууны үнэ нэмсэн шалтгааныг цаанаас шатахуун үнэтэй орж ирж байгаа учраас үнэд өөрчлөлт орсон гэж хэлсэн” гэсэн тайлбар өгөв. Харин иргэд сургууль, цэцэрлэг орох гэж байгаа энэ ачаалалтай өдрүүдэд бензиний үнэ нэмэгдсэнд бухимдаж буйгаа илэрхийллээ.
-БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ГЭДЭГ БҮХ ЮМНЫ Л ҮНЭ ӨСНӨ ГЭСЭН ҮГ-
Сүхбаатар дүүргийн 6-р хорооны иргэн С.Чулуун-Очир хэлэхдээ “Бензиний үнэ нэмэгдэж байгаа нь цалингийн доод хэмжээг нэмж байгаатай холбоотой. Цалингийн доод хэмжээг нэмэх талаар зурагтаар ярьж байсан юм. Махны үнэр авсан нохой шиг, юм л бол бензиний үнэ нэмнэ гэж дайрах юм. Одоо ард иргэдийн амьдрал улам л хэцүү болж байна. Бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг чинь бүх юмны л үнэ өснө гэсэн үг” гэв.
Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэн Г.Одбаатар “Бензиний үнэ 1800 төгрөг байсан биш бил үү. Би энэ долоо хоногт бензин авч амжаагүй, яг одоо машиндаа бензин хийх санаатай явж байна. Очоод яг хэдээр нэмэгдсэн юм байна гэдгийг харъя. Хэрэв нэмэгдсэн бол сургууль, цэцэрлэг эхлэх гэж байхад амьдрал ахуйд хүнд л тусах байх даа” гэв.
Ж.ДАРИЙМАА
Сэтгэгдэл