Бага насны хүүхдүүдийн дунд халдварын гаралтай тууралт их байна

Д.Тулга / Эрүүл мэнд

-ДУЛААН ОРЛОО ГЭЭД ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЦСЫГ БИТГИЙ ХЭТ НИМГЭЛЭЭРЭЙ-

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог халдвар болон тууралтын гаралтай халдварт өвчний тохиолдол өмнөх жилүүдийнхээс харьцангуй их байгаа талаар эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байна. Тиймээс бид эдгээр халдварт өвчлөлийн тархалт ямар хэмжээнд байгаа болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл бэлтгэхээр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон ХӨСҮТ-ийг зорилоо.

Биднийг өдрийн 14:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очих үед тус эмнэлгийн удирдах албан тушаалтнууд эмч нарын баяр тохиож буй тул мэдээлэл бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй юм. Тиймээс тус дүүргийн “Манай эмч” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Оюунцэцэгээс хүүхдийн өвчлөлийн талаар тодрууллаа.

ХАМАР ХООЛОЙ, ЗАЛГИУРЫН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

-Бага насны хүүхдүүдийн дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Урин дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор ээж, аавууд хүүхдийнхээ хувцасыг хэт нимгэлсний улмаас халуун хүйтэн харшиж, хамар хоолой, залгиурын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний хувьд бол ид хүйтний үеийнхтэй харьцуулбал хүүхдийн өвчлөл харьцангуй буурсан. Мөн дулааны улиралд халдварт өвчний дэгдэлт их байдаг. Энэ жилийн хувьд салхин цэцэг, гар хөл амны өвчлөл зонхилон тохиолдож байна. Эдгээр нь халдварын гаралтай тууралтын өвчинд ордог.

-Энэ үед хүүхдэд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Халдварт өвчин хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрнэ. Тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж халуурах, зарим хүүхдүүдэд халуурахгүйгээр шууд тууралт гарах шинж тэмдэг илэрдэг. Гар, хөл, амны өвчлөлийн үед хүүхдийн гар, хөл, амны салст хэсгээр жижиг улаан, усархаг тууралт гарна. Үүнийг манайхан ам гэмтэх гэж ярих нь ч бий. Харин салхин цэцгийн үед хүүхдийн бүх биеэр усархаг хүрээтэй тууралт гардаг. Тууралтыг сайн ажиглавал голдоо бага зэргийн хонхорхой байгаа мэт харагдана.

-ХӨСҮТ-өөс менингококк халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тухай мэдээлсэн?

-Манай эмнэлэгт яг менингококк халдвараар өвчилсөн тохиолдол байхгүй байгаа. Гэсэн хэдий ч энэ халдварын дэгдэх идэвхжлийн үе нь гурав, дөрөвдүгээр улиралд байдаг учир халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ дээр зургаан сараас дээш настай хүүхдүүдэд вакцин хийж байгаа.

-Эдгээр халдварт өвчнөөс эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

-Хаврын энэ үед хүүхдийн дархлаа суларсан байдаг. Тиймээс хүүхдийн дархлааг сайжруулах, нас насанд нь таарсан хоол хүнс өгөх шаардлагатай. Түүнээс гадна аливаа халдварт өвчний үед ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай. Орон гэр, өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэх гэх мэт энгийн зүйлсийг дадал болгочихвол аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой. Дулаан орчихлоо гээд хүүхдийнхээ хувцасыг хэт битгий нимгэлээрэй. Цаг агаарын байдалд тохируулж хувцасласнаар хоолой залгиурын өвчлөлөөс сэргийлнэ. Мөн бага насны буюу 0-5 насны хүүхдүүдийг онцын шаардлагагүй бол гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх хэрэгтэй. Энэ халдварын үед дархлаа султай хүүхэд ямар ч вирусыг шууд хүлээж авдаг.

-Сүүлийн үед цээжний хатгалгаа өвчин хүндэрсэн гэх хүүхдүүд их байна. Хатгалгааг хүндрүүлэхгүйгээр хэрхэн эрт мэдэж, ямар арга хэмжээ авах вэ?

-Сүүлийн үед вирусын гаралтай хатгалгаа өвчин зонхилон тохиолдох болсон байна. Хатгалгааг нэг минутад хэдэн удаа амьсгалж байгаагаар хүүхдийн амьсгалыг тоолж оношлох боломжтой байдаг. 0-1 насны хүүхэд бол минутад 50-иас дээш удаа амьсгалж байвал уушгины хатгаа болсон байх магадлалтай. Харин 1-5 насны хүүхдүүд нэг минутад 40-өөс дээш удаа амьсгалж байвал мөн хатгаа болсон байх боломжтой байдаг. Иймээс ээжүүд хүүхдийнхээ амьсгалыг өөрсдөө тоолоод, хүүхдийнхээ эрүүл мэндийг хянаад байж болох юм.

emneleg

Б.АНХМАА: МЕНИНГОККОК ХАЛДВАРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Бага насны хүүхдүүдийн дунд халдварт тууралтын өвчлөл их байгаа гэх мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийг зорилоо. Тус төвд очиход дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс явуулсан хүүхдүүдийг хүлээн авч үзлэг хийж байв.

ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Анхмаа “Манай улсын хэмжээнд он гарснаас хойш менингококк халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Дорнод аймагт хоёр, Улаанбаатар хотод гурван тохиолдол гарсан ба сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд зонхилон өвчилж байна.

Менингококк халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор нас барах тохиолдол ч гардаг. Харин эцэг эхчүүд өвчний талаар мэдлэг дутмагаас болж улаан бурхан, салхин цэцэг зэрэг тууралт өгдөг өвчинтэй андуурч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандалгүй цаг алдаж байна. Тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллагад эхлэн хандаж, үйлчлүүлэх шаардлагатай. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч, эмчилгээ буруу хийснээс хүндрэх тохиолдол олон бий” гэв.

Менингокк халдвар нь, агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварладаг бөгөөд халдвараар 19 хүртэлх насны хүмүүс, түүний дотор 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. Халдвар авсан тохиолдолд 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой, эсвэл ноомой болох, царай цонхийх, бага насны хүүхдэд гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт залгиур хоолойн арын хана маш их улайх, хамар битүүрэх бронхитын шинж илэрдэг. Мөн хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болдог байна.

Иймд ХӨСҮТ-д менингококк халдварын урьдчилан сэргийлэх вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байгаа ба уг вакциныг 6 сартайгаас дээш насныхан хийлгэх заалттай юм.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.