МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийгэм

-461 ДҮГЭЭР АНГИАС ОРГОСОН С.ТӨМӨРИЙГ ЗАМЫН-ҮҮД ОРЧМООС БАРИВЧЛАВ-

image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас уржигдар оргосон, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байсан С.Төмөрийг Замын-Үүд орчмоос барьжээ. Тэрээр Налайх дүүрэгт бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан юм. С.Төмөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан бөгөөд зургадугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон. Тодруулбал, түүнийг хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас оргожээ. Эрэн хайх ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэлт хүчээр ажилласан байна.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй юм байна.

-М.ЭНХСАЙХАНЫГ АТГ-ААС 461 ДҮГЭЭР АНГИД СААТУУЛСАН Ч ШҮҮХЭЭС СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ-

image

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019.06.20-ны 23.00 цагийн орчим цагдан хорьсон. Ямар учраас хорьсон тухай албаны эх сурвалж мэдээлэл өгөөгүй байна. "Таван толгой"-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгаж байсныг өмнө нь бид мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад саатуулах үндэслэлтэй гэж үзсэн аж. Түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Гэвч түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгожээ.

-МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 28.4 ХУВЬ НЬ ЯДУУ АМЬДРАЛТАЙ-

image

Үдэсний статистикийн хорооноос манай улсад ядуурлын түвшин ямар хэмжээнд байгааг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийв. “Ядуурлын дүр төрх” судалгаанд тусгаснаар манай улсын 904 мянган иргэн ядуу амьдарч байна. Хоёр жил тутам хийдэг судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж буурчээ. Мөн хөдөөд ядуурал хотынхоос илүүтэй буурсан байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулж байна. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцжээ.

-АРДЧИЛСАН ХОЛБООНЫ АХМАД ГИШҮҮД УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХЫГ УРИАЛАВ-

image

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн ахмад гишүүд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүдийг чадамжгүй, Үндсэн хуульд заасан “Ардчилал, шударга ёс, хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулж, үндэсний эв нэгдлийг хангаж, хуулиа дээдэлнэ” гэсэн зарчмыг хөсөрдүүлж буй УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзах хэмээсэн юм.

Мөн тэпд “УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж бусад гишүүддээ үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд сөрөг хүчний үүргээ муу гүйцэтгэж урвагч байдлаар ажиллаж байна. Намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль зөрчигч УИХ-ын гишүүд батлах ёсгүй. Ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой.” хэмээсэн юм.

-ДАШТ: МОНГОЛЫН САГСЧИД ТЭМЦЭЭНЭЭ ДУУСГАВ-

image

Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг эхнээсээ тодорлоо. Монголын эрэгтэй баг “D” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа.

Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Өчигдөр Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт бичигдлээ. Манай залуус Украйныг хожсон тохиолдолд цааш өрсөлдөх боломжтой болох байсан. Энэ тоглолт маш өрсөлдөөнтэй болж, тоглолтын үндсэн 10 минут 16:16-аар өндөрлөсөн. Ингээд нэмэлт цагт украйнчууд түрүүлж хоёр оноо авч чадсанаар шилдэг наймд үлдлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.166] 2019-06-21 12:02:39

Bayrlaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.