Бүх төрлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоов

Aдмин / Нийгэм

Улсын комисс дахин хуралдаж, коронавирусын халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх төрлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо. Тухайлбал, Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор болов. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монголд ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.