Тогтооолын төслүүдийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Aдмин / Хууль

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бөгөөд одоогоор тус улсын Элчин сайдын яам байрлаж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн тодорхой хэмжээний газрыг УИХ-ын 2015 оны 90 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг аж. Харин тус Элчин сайдын яамнаас уг тусгай хэрэгцээний газрын талбайн хэмжээг багасгах санал гаргаж, улсын тусгай хэрэгцээнээс гаргах буюу багасгасан хэмжээнээс илүү гарах газрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдэлд буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах номын сангийн барилга, байгууламж барихаар шилжүүлэх хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан гаргасан байна.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх асуудлыг Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд тогтоолын төсөлд тусгагдсан хотын нэршлийн талаар санал гаргаж байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Энхболд нар “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан ч олонхын дэмжлэг аваагүй аж. Иймээс хотын нэршлийн асуудлаар орон нутгийн иргэд, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын саналыг авч судалж нягталсны үндсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нэг мөр шийдэхээр тогтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг эрчимжүүлж, Дархан, Эрдэнэт хотын болон аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгохоор тогтсон байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжив. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар төсөлд тусгагдсан ”Аэросити” хотын оноосон нэрийн талаар гаргасан саналуудаа татан авч буйгаа мэдэгдсэн. Иймээс шинээр байгуулах хотын оноосон нэрийн талаар орон нутгийн иргэд, нутгийн удирдлагын байгууллага, эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг харгалзан дахин сайтар судалж нягталсны үндсэн дээр эцсийн хэлэлцүүлгийн үеэр нэг мөр шийдэх чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд чиглэл болгож, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.