Япон 39 мужийнхаа онцгой дэглэмийг цуцалжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 47 мужийн 39-т тогтоосон онцгой байдлын дэглэмийг өнгөрсөн пүрэв гарагт цуцалжээ. Харин Токио, Осака зэрэг хотын бүс нутагт халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, эмнэлгийн ачаалал багасах хүртэл онцгой байдал зарласан хэвээр байж, хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг уриалах гэнэ.

Абэ Шинзо онцгой байдлыг цуцлах шийдвэрийг танилцуулах үеэрээ, 39 мужид халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой болсныг тэмдэглээд, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж, вирусний шинжилгээ хийх хүчин чадал эдгээр мужид бий гэдгийг онцолсон байна. Онцгой байдлын дэглэмийг цуцалсан мужуудаас халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Фүкүокаг онцгой ангилалд оруулсан.

Харин Хоккайдо, Токио хотын бүс, Чиба, Канагава, Сайтама, Киото, Осака, Хиогод онцгой байдлын дэглэмийг тогтоосон хэвээр байх бөгөөд эдгээр мужид нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг юм.