Б.Өсөхбаяр: Хууль бусаар ан агнах, алт олборлох, мод бэлтгэх  гэмт хэрэгт  анхаарч ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Б. Өсөхбаяртай ярилцлаа.

-Голын ой сав газарт хийсэн хяналт шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?

-Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсээс гурван сараас хойш Туул голын эрэг дагуу хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг хөндөж эхэлсэн бөгөөд түгээмэл тархацтай байгалийн баялгийг зүй бусаар ашиглаж байгаа асуудал болон Био комбинатын ойр орчимд хяналт шалгалт хийсэн. Мөн тавдугаар сарын 30-наас эхэлж Туул голын сав газрын захиргаатай хамтарч эргүүл, хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Хяналт шалгалтын явцад 123 зөрчил илрүүлжээ.

-Илэрсэн зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?

-Зөрчлийн тухай хуулийн долдугаар зүйлд заасны дагуу иргэнийг зуун нэгжээр, аж ахуйн нэгжийг мянган нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар 116 иргэнд торгуулийн арга хэмжээ авч нийтдээ 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан байгаа. Баяр наадам, аялал жуучлалын үе эхэлж байгаатай холбогдуулан” Эх орондоо хариуцлагатай аялалцгаая” буюу “Ирлээ Явлаа Цэвэр” аяныг зохион байгуулж эхлээд байна.

-Амралтын үеэр аялж буй иргэд хог хаяж, байгаль орчин бохирдуулах нь нийтлэг үзэгдэл болсон. Үүнийг хэрхэн хянаж ажиллах вэ?

-Харьяа орон нутгийн байцаагч нар хяналт тавьж ажиллана. Улаанбаатар хотод өдөрт төвлөрсөн гурван хогийн цэг дээр 2591 орчим тонн хог хаяж булдаг. Ангилан ялгалтын нэгдсэн системгүйгээр хогийн цэг рүү шууд тээвэрлэж байна. Хүнд металлыг технологийн бус аргаар буюу ямар нэгэн устгал хийлгүйгээр байгальд шууд булж байна. Үүнээс улбаалж хөрсний бохирдол, гүний ус, агаарын замаар дамжин халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.

“Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан. Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юү”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшээрэй. Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Тэгэхээр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв. Хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулж чадна.

АШИГТ МАЛТМАЛ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН ХЭРЭГ 40 ГАРУЙ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

-Хууль бусаар ан агнах, алт олборлож, мод бэлтгэж байгаа асуудал дээр ямар хяналт тавьж байгаа юу?

-Манай Экологийн цагдаагийн алба хууль бусаар ан агнах, алт олборлох, мод бэлтгэж байгаа гэмт хэрэг дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Эдгээр гэмт хэргийн илрүүлэлт 80 хувиар өссөн. Ашигт малтмал хууль бусаар ашигласан хэрэг 40 гаруй хувийг эзэлж байгаа. Мөн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна. Харин хууль бусаар ан агнасан гэмт хэрэг 18 хувийг эзэлж байгаа.

-Нөхөн сэргээлтийн ажилд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-“Хогоор бүү хорло” арга хэмжээний хүрээнд Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Уул уурхайн чиглэлээр нөхөн сэргээлтийг улсын хэмжээнд үлгэр жишээ хийсэн, хариуцлагатай уул уурхайн байгууллагыг төрийн болон төрийн бус байгууллагын хамтарсан дүгнэлтээр шалгаруулж урамшуулах, бусад байгууллагад үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд 27.737 га талбайд уул уурхайн олборлолт хийснээс 11.284 га талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байна. Энэ нь зөвхөн эрдэс баялгийг аваад нөхөн сэргээлт хийлгүй үлдээдэг хуучны явцуу эрх ашиг, хандлагыг халж хүрээлэн байгаа орчинд ээлтэй шинэ үзэл суртлыг нийтээрээ дэмжих томоохон ажил болох байх гэж бид зорьж байна.

-Хөл хориотой байгаа энэ үед тарваган тахал өвчин зарим аймагт гарсан. Тарвага агнахыг хориглосон байгаа биз дээ. Танайх хяналт тавьж байгаа юу?

-Тарвага, чоно хоёрыг хамгийн их агнадаг. БОАЖЯ-наас зөвшөөрөл авч байж агнах ёстой. Зөвшөөрөлгүй агнахыг хориглож байгаа. Энэ асуудал дээр Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг хийж байна. Сүүлийн үед иргэд тарвагыг олноор агнасан байсныг илрүүлэн шалгаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.102] 2020-07-12 09:12:43

унасан модоор усан онгоц голдуу хийдэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.