Ц.Баярсайхан: Төрийн гурван институцид бүгдэд нь ажиллах тэр болгон тохиогоод байдаггүй боломж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Баярсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Та Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдан ажилласан. Хуулийг хэрэгжүүлэхээс гадна таны үйл ажиллагаандаа баримталж байсан үндсэн зарчим юу вэ?
-Миний хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2016 оны 8 дугаар сарын 30-наас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан юм. Төрийн хариуцлагатай ажил учраас хуулийн хүрээнд, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажилласан. Миний гол анхаарч байсан ажлууд гэвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байгаатай холбогдуулан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-д танилцуулах, Ерөнхийлөгчийн архивыг цэгцлэх, өмнөх Ерөнхийлөгч нарын үед гарсан зарлиг, захирамжуудыг сүүлд гарсан хуулиудтай нийцүүлж кодификаци хийх зэрэг. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнг тооцсон. Ерөнхийлөгч бүсчилсэн маягаар өөрийн үйл ажиллагааны тайланг ард иргэдэд нэлээн өвөрмөц хэлбэрээр тавьсан юм. Энэ ажлын бэлтгэлийг хангахад манай Тамгын газрын хамт олон багагүй хугацаа хүч хөдөлмөр зарцуулсан. Тамгын газрын дарга бол өөрийн бие даасан үйл ажиллагаа гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд Тамгын газрын ажилтнууд, холбогдох хүмүүсийг зохион байгуулж, оролцуулах үүрэгтэй байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүх, эх хэл, соёлоо дэмжих чиглэлээр олон ажил санаачилж зохион байгуулсан. Энэ ажлуудыг зөвлөхүүд нь чиглэл чиглэлээрээ хариуцдаг. Мэдээж тулгамдсан, олон нийтийн анхаарал татсан асуудлаар иргэний танхимд хэд хэдэн хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгуулсан. Миний хувьд улс төрийн гэхээсээ илүү төрийн үйл ажиллагаандаа арай түлхүү анхаарч ажилласан гэж боддог. Тийм ч учраас би хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх гэх мэт улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй байсан.
-Таны ажиллаж байх үед ямар сорилт, бэрхшээлүүд тулгарч байв? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж, даван туулж байв?
-УИХ, Засгийн газар шинээр бүрдсэн цаг үе байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын даргын зөвлөлд ордог. УИХ-аар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхэд Ерөнхийлөгчөөс санаачилсан хууль, тогтоомжуудыг хэлэлцүүлэгт оруулах чиглэлээр өөрийнхөө санал бодлыг илэрхийлж байсан. УИХ, Засгийн газартай харилцахад аливаа нэг хүндрэл гарч байгаагүй. Ерөнхийлөгч асуудлаа санаачлаад, зөвлөхүүд чиглэл чиглэлийнхээ ажлыг хариуцдаг учраас Тамгын газрын дарга зангидаж, тэр чиг үүргийн ажлын гүйцэтгэлд илүү анхаарч ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа дуусаж байсан учраас сонгуультай холбоотой асуудал гараагүй. Ерөнхийлөгчийн институцын хувьд сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж харах, сонгогдсон Ерөнхийлөгч тангаргаа өргөх хүртэл, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байсан.
-Цаашид Ерөнхийлөгчийн аппаратыг хэрхэн хөгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй гэж Та харж байна вэ?
-Намайг ажил авахад байсан хамт олон дараагийн Ерөнхийлөгч ажлаа авах хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Үнэхээр чадварлаг, гар нийлсэн, хамгийн гол нь ажлаа мэддэг ийм л хамт олон байсан. Бүх хүн өөрсдийнхөө хариуцаж буй ажлыг маш сайн мэддэг учраас миний зүгээс яриад зөвлөөд байх юм байгаагүй. Яамдын ч юмуу төрийн захиргааны байгууллагын ажилтнууд илүү олон жил ажиллах тусмаа чадварлаг болдог. Харин тэднийг давтан сургах, мэргэшүүлэх, гадна дотны туршлага судлах, илүү тогтвортой ажиллуулах юм бол илүү үр дүнтэй байдаг гэж би боддог учраас тэр чиглэлийн ажилд нь нэлээн анхаарал хандуулж ажилладаг байсан. Ялангуяа Тамгын газрын бүрэлдэхүүнд залуучууд их байсан. Тэдэндээ “Та бүхэн аль ч салбарт ажиллаж чадах чадвартай болчихсон байна” гэж хэлдэг байсан. Тэр хамт олноороо одоо хүртэл бахархаж явдаг.
Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тэр утгаараа Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, дээр нь УИХ, Засгийн газартайгаа нягт хамтарч ажилладаг. Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудтай ч тэгш харьцдаг. Иймээс ч Ерөнхийлөгч болсон цагаасаа нэр дэвшсэн намаасаа түтгэлздэг. Ерөнхийлөгч хууль санаачлах, хуульд хориг тавих гэх мэтээр хууль тогтоох үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд оролцдог гэсэн үг. Иргэд сонгогчдын саналын дагуу орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудаас олон тооны саналыг Ерөнхийлөгчид ирүүлдэг. Түүнд үндэслээд Засгийн газарт чиглэл өгөх хэлбэрээр хамтран ажилладаг. Ерөнхийлөгчийн чиглэл хэрвээ Засгийн газраар зөвшөөрөгдвөл албажиж хэрэгждэг. Энэ талаараа Засгийн газартай бас хамтран ажилладаг. Бусад олон бүрэн эрхүүд байна. Гадаадад суух элчин сайдуудыг томилдог, итгэмжлэх жуух бичгүүдийг хүлээн авдаг гэх мэт. Хуулийн хүрээнд тодорхой чиглэлүүдэд төрийн институциудтэй нягт хамтарч ажилладаг.
Үе үеийн Ерөнхийлөгчдийн үед нэг хүндрэлтэй асуудал байсаар ирсэн нь шагнал. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу шагнал дээр төрийнхөө сүлдийг шинэчлээгүй тухай асуудал яригддаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шагналыг өөрчлөх санал гаргаад УИХ дээр дэмжигдээгүй. Шагнал урамшууллын асуудлыг Үндсэн хуулийн дагуу зохицуулах шаардлагатай санагддаг юм. Миний хувьд орон нутгийн засаг захиргаа, УИХ, Засгийн газарт ажилласан. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. Төрийн гурван институцид ажиллах боломж тэр бүр хүнд тохиогоод байдаггүй гэж би бодож явдаг юм.
Сэтгэгдэл
Ардууд [103.26.194.223] 2020-11-08 00:19:14
330 сумд Тамгийн газрын ой гэж бас хийхнэ дээ, мөн 21 аймаг, арай л тамгийн газрын ой хэтэрнээ
MOGEUH [202.55.188.82] 2020-11-07 12:31:29
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Ха [64.119.26.80] 2020-11-07 11:14:29
Улсыг уруудуулагсдын нэг байх нь
Зочин [122.201.21.188] 2020-11-07 07:16:36
Iim eliirliig huuliar haah heregtei. Totalitar daranguilal shuu dee unendee bol
Зочин [66.181.161.106] 2020-11-07 05:08:31
Ажиллах нь чухал юмуу ажиллаад хийж бүтээсэн нь чухал юмуу яг юу хийж бүтээвээ
Зочин [202.9.40.124] 2020-11-07 04:52:37
хулгайч худалч хүнд хувь заяа бхгүй таравгын захиалга хувиа эрлэгээс ав
Зочин [103.80.210.183] 2020-11-07 04:22:39
гайхуулаад байх юмгүй шүү дээ. харин ч улсыг самарсанаасаа ичиж хол очиж үхвэл таарна.
ИРГЭН [202.126.90.150] 2020-11-07 02:58:33
Ц.БАЯРСАЙХАН чи Төрийн 3 институцед бүгдэд нь ажилласан гэж томрохоос өөр юу хийсийн. Чи юм хийсэн ард түмний амьдрал сайжирч өлсгөлөн ядуурал , ажилгүйдэл буурахгүй яасийн, Хэдэн жил толгой хоргодож байсанаа их юм гэж бод.