Ч.Дашдэмбэрэл: Ерөнхийлөгчийн аппарат гэдэг бол хэзээнээсээ түүхтэй, нэр төртэй, хүндэтгэлтэй явж ирсэн институц
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны даргаар ажиллаж байсан Ч.Дашдэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны даргаар 1990-1992 онд Ч.Дашдэмбэрэл 54 настайдаа томилогдож байв. Ажлын гараагаа Төв аймгийн захиргааны орлогч даргаас эхэлж, улмаар Төв аймгийн даргаар 12 жил, аймгийн орлогчоор 6 жил, Хэнтий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 5 жил ажиллажээ. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдах үед анхны даргаар томилогдсон түүхтэй.
– Та 1990-1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны даргаар ажилласан хүн. Энэ байгууллага хэрхэн яаж бүрэлдэн бий болсон түүхийг ярьж өгөөч.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрыг миний бие анх байгуулж байсан үе, өнөөдрийн Тамгын газрын үе хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Тухайн үед ардчилсан хөдөлгөөн өрнөж, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчоо огцорч, улс орон удирдлагагүй болсон байсан. Тэр үед намын Төв хорооны бүгд хурал хуралдаж, түр удирдлагатай болсон. Анхны сонгуулиас өмнөх үйл явц шүү дээ. Тэр хурлаар Пунсалмаагийн Очирбатыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу Монгол Улсын Төрийн тэргүүн болгосон. Харин намайг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын Нарийн бичгийн даргаар томилж байлаа.
Улмаар нам, төр хоёрыг салгана, улс төрийн цөм нь төр юм, нам биеэ дааж ажиллана, Төрийн ордон дотор байрлах ёсгүй гэдэг шийдвэр гарч, нам өөрийн байртай болсон. Ингээд төр гэдэг айл бий болж, бүх ажил төрийн толгойд ирсэн юм. Тэр үед П.Очирбат дарга Б.Чимид бид хоёрыг дуудаж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн аппаратыг хоёр хуваах даалгавар өглөө. Ингэхдээ нэг ч хүнийг ажилгүй болгож, гомдоож болохгүй гэж даалгасан. Ингээд нэг хэсэг нь Улсын Бага Хурлын Тамгын газар, нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрыг бүрдүүлнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Ч.Дашдэмбэрэл, Улсын Бага Хурлын Тамгын газрыг Б.Чимид удирдана гэсэн чиглэл өглөө. Б.Чимид бид хоёр хүмүүсээ мэдэх учраас саналыг нь авч, тэнцүү хуваагаад, П.Очирбат даргад танилцуулснаар Ерөнхийлөгчийн Тамгын газар гэдэг байгууллага анх 20 орчим хүнтэйгээр бүрэлдсэн түүхтэй юм.
– Тухайн үед танд ямар сорилт, бэрхшээлүүд тулгарч байв?
-Хуучин Улс төрийн товчоо, намын бүх ажил төрийн толгой дээр ирлээ. Бидэнд орж ирдэггүй асуудал гэж байхгүй байсан даа. Намайг өглөө ажилдаа ирэхэд миний ширээн дээр 15-25 өргөдөл, гомдол, өргөх бичиг байдаг байлаа. Тэр бүх асуудлыг би П.Очирбат руу бариад гүйгээд байж болохгүй шүү дээ. Юуны тулд аппарат гэж байгаа билээ. Би чинь бас хэдэн ажилтантай хүн. Өршөөл, уучлалын асуудал, шагнал, шийтгэлийн асуудал эрхэлсэн хүнтэй, хуульчтай. Тэдэндээ өнөөх бичгүүдээ уншуулж, хариуг нь дор дор нь өгнө. П.Очирбатын ажлыг аль болох хөнгөлөхийг хичээнэ. Тамгын газрын дарга гэдэг чинь Ерөнхийлөгчөө ажлаар дарахгүй, Ерөнхийлөгчдөө л тус нэмэр болох үүрэгтэй хүн шүү дээ.
Тэр олон бичигт янз янзын асуудал их ирнэ. Байс хийгээд л гадаа суулт болно. Сонин, радиогоор “Нөхөр Ч.Дашдэмбэрэл ингэж байна, тэгж байна, зайлбал таарна” гэж л байна /инээв./ Би ч үүрэгт ажлаа хийсээр л байлаа.
Цаг үе их төвөгтэй байсан. Бараа таваар байхгүй, ЗХУ хилээ хаачихсан, наймаа хийж, зүүн, баруунаараа солилцоно. Тэрнээс биш хуучин шигээ Зөвлөлтөөс л авчихна гэдэг ойлголт байхгүй. Дэлгүүрийн лангуун дээр бор давс л үлдсэн. Аргаа бараад картын системд орлоо. Картын системтэй нэлээн удсан даа. Юмаа нормоор л авна. Хэв журам сахиулна гэдэг чинь их хэцүү.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат нэг удаа Шарын голын уурхайд очиж уулзалт хийгээд, “Төрийн төмөр нүүрийг харуулна” гээд хэлчихсэн чинь төмөр нударга хэрэглэх нь гээд л орон даяар шуугилаа. Төр ард түмэн рүүгээ гар зангидаж дайрлаа гээд л. Хэв журмыг сахиулж, замбараагүй байдлыг арилгая гээд нэг зарлиг гаргалаа. “Энэ чинь П.Очирбатын хийдэг ажил биш, хууль тогтоох байгууллагын ажил байхгүй юу, Улсын Бага Хурлын хууль тогтоодог эрх мэдлийг булаацалдаж байна” гээд л баахан явсан. Түүний хажуугаар бараа таваарын үнэ тэнгэрт хадчихсан. Бидэнд олдох юм гэж байхгүй, ард түмэн картын системтэй. Тэр асуудлыг журамлах гээд зах зээлийн бараа таваарын үнийг жигдэлж, хяналт тогтооё гээд зарлиг гаргах гэтэл “Зах зээлийн эдийн засагт шилжчихээд байхад П.Очирбат зарлиг гаргах гэлээ” гээд баахан шүүмжлүүлдэг юм /инээв/.
Биднээс иргэд орон сууц, барилга байшин их нэхнэ. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгч, төрөөс нэхээгүй юм гэж байхгүй. Бүгдийг төр мэддэг болсон юм чинь хамаг мэдэл төрд байгаа гээд л. Орон сууцны асуудлаар мөн ч олон өргөдөл авсан. Тэр үед хотын захиргаа хэдэн байртай байсан. Хотын захиргаа руу цохоод явуулахаар байр өгчихдөг байсан. Нэг өдөр П.Очирбат дарга намайг дуудаад “энэ намууд байр нэхээд байна, Засгийн газартай ярьж байгаад байртай болго” гэсэн. Намуудыг байртай болгож өгсөн дөө.
Намайг ажиллах байх хугацаанд төрийн алтан тамгыг хийлгэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт 5-6 кг жинтэй гурван давхар цоожтой, тусгай авдартай тамга хийлгэж байлаа. 1992 онд Шинэ Үндсэн хуулийг Ерөнхийлөгчөөр батламжлуулахад би Төрийн тамгыг залан ирж, ёсолсон юм.
– Таныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаа бол Үндсэн хууль батлагдаагүй байсан үе шүү дээ. Тамгын газрын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн ямар баримт бичиг байсан бэ?
-Үндсэндээ бараг байгаагүй дээ. Ер нь бүх юмыг шинээр хийсэн байхгүй юу. Манайх олон хуульчтай байсан. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөхүүд их үүрэг гүйцэтгэсэн. Тамгын газарт хууль, эдийн засаг, гадаад хэрэг, батлан хамгаалах, шашны хэрэг, иргэний гээд олон зөвлөх байсан. Мөн Улсын Бага Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чимид их үүрэгтэй оролцсон. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдгийн адилаар бид тал талаасаа хамтран ажиллаж, оргүй юмыг ортой, байхгүй юмыг байдаг болгож л хийсэн.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар гэдэг чинь өчнөөн жил ажилласан, тогтсон ажилтай том айл. Аппарат нь маш дадлагажсан, ажлаа гартаа оруулчихсан байсан учраас бүтэц хоёр хуваагдсан ч бид ажлаа хийгээд, үүргээ гүйцэтгээд л явсан хүмүүс. Хуульчлах ёстой юм гараад ирвэл Б.Чимид нэг ноорог гаргачихна, тэгээд бид боловсруулна, ажлаа ингэж л хийсэн. Иймээс 1992 оны Үндсэн хуулийг батлах бүх үйл явцад би оролцож, баталсны дараа Ардын Их Хурлын депутат болсон.
– Үндсэн хуультай болохоос өмнө төрийн институцуудын хооронд чиг үүргийн давхардал гарч байв уу?
-Тийм зүйл гарч байгаагүй. Улсын Бага Хурал бол хууль тогтоох байгууллага. Ерөнхийлөгчийн Тамгын газарт болохоор өршөөл, уучлал, урамшуулал зэрэг асуудлууд ирнэ. Хуучин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын чиг үүргийг хоёр хуваасан учраас давхцал гараагүй. Харилцан ажиллахад ч амар байсан.
-Та Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа юуг анхаарч, ямар зарчим баримталж байв? Ерөнхийлөгчийн Тамгын газар гэдэг институц ямар байх ёстой вэ?
-Миний үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын аппаратын хийсэн, явуулсан ажилд олон бэрхшээл байсан, сайн муу олон юм холилдсон. Тухайн үед Тамгын газрын даргатай холбоогүй ажил байгаагүй дээ. Өөрөө шийдэх юмаа шийдчихнэ. Шийдэхгүй юмаа зөвлөхүүддээ өгнө. Тэгж л ажилласан даа.
Одоо бол юм их өөр болж. Би чинь үлгэрийн юм л ярьж байгаа хүн шүү дээ. Анх л ингэж байсан, тэгж байсан гээд л яриад байдаг. Одоогийн Ерөнхийлөгчийн аппарат цомхон боловч чадварлаг болсон байх. Ер нь Ерөнхийлөгчийн аппарат гэдэг бол хэзээнээсээ түүхтэй, нэр төртэй, хүндэтгэлтэй явж ирсэн институц. Тэр байр сууриа алдалгүй улам бэхжүүлж яваасай л гэж бодох юм.
-Анхны даргын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар хэмээх айлын нэг хэсэг болж яваа хүмүүст та юуг захих вэ?
-Төрийн толгойд байж, цахиур хагалан явж ирсэн энэ айл улам нэр хүндтэй, бүтээлч байж, сайн ажиллаасай. Төрийн энэ нэр хүндтэй албыг хашиж яваа хүн улс эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй байж, аливаа алдаа гаргахаас сэргийлж, анхаарал болгоомжтой, байр суурьтай, тогтсон хэлбэр, загвартай байвал болно доо.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.177] 2020-11-14 12:10:36
oilgoj avakh yostoi khun ni oilgoj avaasai daa
С.Пүрэвсүрэн [103.229.122.28] 2020-11-10 14:05:49
Дашдэмбэрэл даргадаа урт насалж удаан жаргахыг ерөөе
Зочин [66.181.178.144] 2020-11-09 06:17:48
goe hun baisan da.tand eruul enhiig husii
Ганаа [202.72.247.58] 2020-11-09 05:40:41
Төрийн жинхэнэ хар хүн дээ. Залуу байхад хараад сүрддэг байлаа. Тэгсэн тийм ааштай дарга байгаагүй. Маш сайн хүн. Танд эрүүл энхийг хүсье.
Зочин [202.126.90.23] 2020-11-09 05:35:29
үндсэн хуулийг базаж батлуулсан хүн
Зочин [202.126.90.23] 2020-11-09 05:25:43
монгол төрийн агуу зүтгэлтэн дээ
Зочин [66.181.177.69] 2020-11-09 04:02:15
Ерөнхийлөгчид нэр дэьшигч 45 нас хүрсэн гээд байгаагийн учрыг тунгажж бод оо Тэгэхээр түүний аккаратанд ажиллаж байгаа хүмүүс ядаж 45 хүрсэн, монголдоо сүүлийн 8 жил амьдарсан байх ёстой баймаар юм аа Гэтэл болсон болоогүй америк, европ энэ тэрд сураад ирсэн гэсэн амвдрал мэдэхгүй хүмүүс ажилладаг юм биш үү Хол явахгүй юм аа гэхэд Баянхошууны эцсийн буудалд очиж сар амьдарч үзэх хэрэгтэй Ээж аав нь мөнгөөрөө гайхуулсан хүмүүсийн хүүхдүүдээр ерөнхийлөгч гар хэлээ болгоод яахав дээ
Зочин [66.181.167.53] 2020-11-09 03:39:42
Оддогийн ерөнхийлөгчийн аппарат, зөвлөхүүд дотор олигтой юм нэгээхэн ч байхгүй , Бөх, сэтгүүлч, хов хөөцөлдсөн авгай нэр л байгаа. Мэдлэг боловсрлтой хүн байхгүй дээ . Адьяасүрэн, Мөнхбаясгалан, Хулан гээд тэд юугаа зөвлөх вэ дээ
Иргэн [66.181.191.236] 2020-11-10 00:03:17
Тэгэхдээ л одогийн ерөнхийлөгчдөө бол зөвлөнө шдээ
Зочин [202.131.227.82] 2020-11-09 01:58:29
tand eruul enhiig husye.
Зочин [202.9.46.87] 2020-11-08 05:50:47
Hud hud