Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хэрэгжилтийг хангах тухай хэлэлцүүлэг болж байна

Aдмин / Нүүр

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, planetGOLD Монгол төсөлтэй хамтран 2022 оны зургаадугаар сарын 7-8-ны өдрүүдэд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хэрэгжилтийн тухай олон талт оролцоог хангасан хэлэлцүүлэг, семинарыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн эхний өдөр байгаль орчин, эрүүл мэнд, эрчим хүч, хөдөө аж ахуй, хэмжил зүй болон бусад салбар дахь мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг орлуулах боломж, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн, судлаачид танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр алтны бичил уурхай дахь хууль бус мөнгөн усны хэрэглээнээс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгч, төрийн холбогдох талууд, салбарын зохих арга хэмжээнүүдийн тухай хэлэлцэх юм байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дэлхийн улс орнууд мөнгөн ус нь агаар мандлаар хол зайд тархдаг, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр экосистемд биохуримтлал үүсгэдэг онцгой хоруу шинж чанартай химийн бодис гэдгийг хүлээн зөвшөөрч, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг мөнгөн усны болон мөнгөн усны нэгдлийн хаягдал, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилготойгоор Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг 2013 онд Япон улсын Кумамото мужид болсон Дээд хэмжээний дипломат бага хурлын үеэр баталсан. Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод нэгдэн орохоор 2013 онд гарын үсэг зурж, 2015 онд УИХ уг конвенцыг соёрхон баталж, тал болж нэгдэн орсон.

Конвенцоор мөнгөн ус хэрэглэж, ялгарч, алдагдаж буй бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйл ажиллагаануудад түүнийг орлох бүтээгдэхүүн, хамгийн боломжит арга техник, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжиж, мөнгөн ус болон мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хянах, хязгаарлах, хориглох зохицуулалтыг хуульчлан зааж өгсөн байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.