БИДНИЙ АМЬДРАЛ БОЛОХГҮЙГЭЭР ДҮҮРЭН БАЙВАЛ ӨӨРСДИЙГӨӨ БУРУУ ЯВЖ БАЙНА Л ГЭЖ БОД

Aдмин / Нийгэм

Төр засаг болохгүй байна, авлига их байна

-Дээгүүрээ хувааж идээд дууслаа

-Цалин мөнгө хаанаа ч хүрэхгүй байна

-Улаанбаатарын утаанд хордож үхэж байна

-Үнийн өсөлт дийлдэхээ болилоо, амьдрал хүнд байна.... гэх мэтээр үргэлжлүүлэн хэдэн зуун хуудас шүүмжлэл бичиж болно. “Болохгүй байна, хэцүү байна” гэсэн үг бидний амнаас өдөр тутамдаа урсан гарч байна. Төр засгаас эхлээд бүр үр хүүхэд, эхнэр нөхрийгөө хүртэл болохгүйгээр нь дуудна. Нэг үгээр хэлбэл, амтай болгон л өөрөөсөө бусдыг шүүмжилж байгаа. Хэл ам, хэрүүл шуугианы төв нь мэдээж, хамгийн олон хүн амтайгаараа Улаанбаатар болж байна. Эндээс эхэлсэн болохгүй, бүтэхгүй бүхэн усан дээрх давлагаа мэт гадагш тархсаар аймаг, сум хүрч хүч нэмэн эргэнэ. Дийлэнхийнх нь амьдрал болж бүтэж, ая тухтай амьдарч байвал юунд ийм үг гарах билээ. Тааралдсан бүхэн хэл амаа хурцлан, хэн хүнгүй харааж муулж байгаагийн шалтгаан юу билээ.

Утаа-Жилийн жилд утаанд хахаж цацаж үхэх гэж байгаагаа хүн бүр л ярьдаг. Дарга цэрэггүй утааг яаж шийдэх тухайд цэцэн мэргэнээ уралдуулж байгаад зун болохоор орхичихдог. Намар энэ асуудал дахиад л босно. Утаанд зориулсан мөнгө нь уур мэт замхарна. Утаагүй түлш нь хүртэл угаартуулж ална. Уг нь утаагүй болох шийдэл нь цахилгаан станц барих. Тавдугаар цахилгаан станцаа барьчихсан бол өдийд нийслэл утаа тортогтоо даруулахгүй байхсан. Сүүлийн үед овоо нааштай дуулдаад байгаа атомын цахилгаан станцтай болчихвол утаа байтугайг мартаж болно. Гэтэл жилийн жилд нэг асуудлыг нэг л янзаар ярьж, нэг л байдлаар мөнгө урсаж байгаа ч утаа улам өтгөрсөөр байна. Эндээс харахад Монголын эрчим хүчний бодлого буруу байгаа нь тов тодорхой. Атомын станц байтугай дулааны станц барихыг эсэргүүцдэг бүлэг хүмүүс байдаг гэж байгаа.

Түгжрэл-Амтай болгоны хараадаг сэдэв. Зун амарч хотоос гарч давхилдаж хэсэг зуур мартагнаад наймдугаар сарын дундаас хотын зам таг түгжирнэ. Энэ байдал жилийн жилд яг адилхан давтагдаж, яг адилхан хэмнэлтэй дараа жилийн наадам хүртэл үргэлжилнэ. Хэн ч хэзээ ч түгжрэлгүй болох олигтой шийдэл гаргаж байсангүй. Харин ч эсрэгээрээ иргэд машинтай болсныхоо төлөө унах эрхээ дугаарын хязгаарлалт гэдгээр хасуулна. Үүнийг олон улсын жишиг гэх. Арав хорин сая хүн амтай гадны хотыг сая гаруй хүнтэй Улаанбаатартай ингэж харьцуулах хэрнээ, тэдэн шиг амьдралын чанарын тухай огт ярьдаггүй. Түгжрэл шийдэх сонгодог арга бол метро барих. Улаанбаатарыг метротой болгох талаар төдийгөөс өдий хүртэл ямар ч дарга даамал гараа ч хөдөлгөсөнгүй. Ингэхээр түгжрэл ойрын жилүүдэд буурахгүй гэсэн үг. Энэ чиглэлийн бодлого чиглэл огт буруугаар л яваад байгаа хэрэг.

Тэтгэвэр-Ахмадуудын тэтгэвэр амьдралд хаанаа ч хүрдэггүй нь тодорхой. Тэтгэвэр авагчид байнга л гомдол гаргаж, ам нээвэл тэтгэвэр нэмээч гэж хөгшчүүд төр засгаас гуйдаг. Хүрэхгүй байгаа тэтгэврийг нэмэх ёстой. Үүний тулд армийнхнаас эхлээд нийгмийн даатгал төлдөггүй хэдэн арван мянган хүнээс нийгмийн даатгал авах ажлыг зохицуулах ёстой. Тавин хувь авсан ч нийгмийн даатгалд маш том орлого орно. Хүн хөгшрөх нь үнэн болохоор арилжаа наймаа хийж байгаа тэр олон хүнийг ч нийгмийн даатгалд хамруулж, хураамж авах гэх мэт ажлыг хариуцсан байгууллага нь ер хийхгүй юм. Хөгшчүүлээ хоногийн хоолгүй шахам зутруухан амьдруулж байгаа нь бодлого буруу байгаагийн нэг жишээ.

Цалин-мөнхийн гомдол дагуулдаг сэдэв. Ингээд бодохоор хэзээнээсээ л бид олигтой цалин авч байгаагүй бололтой. Үе үеийн бүхий л Засгийн газар ам.долларын ханшийг нэмж байж цалин өсгөсөн дүр эсгэсээр удлаа. Долларын ханш өсөх нь Засгийн газарт хамгийн ашигтай байдаг. Экспортын төлбөрт орж ирсэн доллар маш их төгрөг болно. Тэр төгрөгөөр цалин нэмнэ. Энэ тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар улам доройтсоор байгааг бид амьдралаараа нотлоод сууж байна.

Эрүүл мэнд-Монголчууд хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж эхэллээ. Энэ бол эрүүл мэндийн салбар буруугийн буруу байгаагийн нотолгоо биш гэж үү.

Ингээд тоочвол ямар ч салбарт болж бүтэж байгаа юм алга аа. Гэхдээ үүнийг өөрчлөх боломж дарга нарт биш бидэнд бас бий. Бидний амьдрал болохгүйгээр дүүрэн байвал өөрсдийгөө буруу явж байна л гэж бодох хэрэгтэй. Тиймээс сонголтондоо нэг анхаараад үз. Тав арван төгрөгөөр сонголтоо худалдчихаад дараа нь ингэж зүхэж суух нь таны ч, миний ч, ер бид бүгдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөөд удаж байна. Сонгуульд хэдэн хөгшчүүд, намын зүтгэлтнүүд биш бүгдээрээ хамт очиж саналаа өгье. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сайн гэгч нь уншаад, олигтой санал дэвшүүлж байгаа намыг нь дэмжье. Тавдугаар цахилгаан станц барих, метро тавих, хотыг хэдэн тийш нь сайн тэлж өгөх гэх зэрэг амьдралд дорвитой өөрчлөлт гарахуйц ажил хийх намыг нь гаргая.

Ингэж гаргаад зогсохгүй, явцын дунд шаардлага тавьж, ажлаа хийхийг нь шахаж сануулж байх нь бидний үүрэг юм. Сонгуульд ч орохгүй, аль нам юу хийхийг нь ч сонирхохгүй байж, амьдрал хэцүү байна гэж орилолдох нь хэтэрхий тэнэг юм. Болохгүй бүтэхгүй байгаагийн шалтгаан нь би өөрөө гэдгийг дотроо бодож, сонголтондоо нухацтай хандахад л өөрийн мэдэлгүй олон асуудлыг нааштай шийдэхэд гар бие оролцоно гэсэн үг.

Нийтлэг сэтгэлгээ болохгүй байгаагийн илрэл нь бидний амьдрал юм. Амьдралаа өөрчлөхийн тулд өөрийгөө ч өөрчлөх ёстой.

Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.40.73] 2023-05-03 13:21:16

чи өөрөө бас 1 нь үү ай

Зочин [202.9.46.125] 2023-05-03 11:41:47

Монголчууд бол бүтэхгүй пизда нар


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.