90-ээд оныхон ба Монголын амьдрал

Aдмин / Нийгэм

Саяхан Осоржамаагийнхаа ярилцлагыг үзлээ. Тэр 1990-д оныхоны төлөөлөл яах аргагүй мөн. Архангай аймгийн уугуул хүүг аав ээж нь нялх орхисон бөгөөд бор зүрхээрээ айлын мал хариулан амь зогоохоос өгсүүлээд хар багаасаа бэрхшээлийг мэдэхгүй хатуужиж өсчээ. Ажил төрөлтэй, өөрийн гэсэн гэр оронтой болоод сайхан амьдрах мөрөөдөлтэй Улаанбаатарт хөл тавьсан ч наашаа гэх ганц хүнгүй өнчин өрөөсөн амьтныг гудамжны архичдаас өөр хэн ч тоосонгүй. Гэвч бууж өгөлгүй хуушуур, шорлог хийн зарж гол зогоон өдөрт 15 мянган төгрөгийн орлого олж амьдарч байгаад нэг л өдөр цахим орчинд өөрийгөө дотор зүрх сэтгэлийг нээхээр лайв хийж үзсэн ч түүний хар багаасаа зовлон үзсэн зүрх сэтгэлийг хэн ч хүлээж авсангүй. Тэр ч бүү хэл дайрч доромжлон, зарим нь цус нөжтэй нь холин зодож нүдсэн... гэв.Хүний хорвоо сайнтай муутай, монголчуудын дотор халуун сэтгэлтэй нь олон болохоор хүүг өндийлгөөд ямар ч байсан түрээсийн хашаанд бор гэртэй, хөл дүүжлэх унаатай болов.

Түүний олонд танигдсан дүр нь бас л дээрэлхүүлж, гадуурхагдахаас тойруулаагүй. Фэйж хөгжүүлэх гэж этгээд хувцас хунар өмсөж, нүүрээ будан эмэгтэйлэг төрхтэй болсон түүнийг өөр нүдээр харж дотор зүрх сэтгэлийг нь мэдэхийг хүссэн цөөхөн хүнээс илүү нулимж, таарсан газраа нүдэж, харааж зүхэн бах таваа хангах хүмүүс захаасаа аваад бий болсон нь аймшигтай. Оюутан байхдаа нэг охинтой үерхэсэн... өөрийгөө яая гэж байж хажуудаа бас нэг юм дагуулчихаар болохгүй шүү дээ... Эхлээд өөрийн гэсэн хашаа, гэр оронтой болох хэрэгтэй... Гэж ярих жирийн л нэг Монгол залуу...

Үнэндээ Осоржамаа Монголын, сошиал сүлжээний сэтгэл зүйг маш сайн мэдэрч яаж хандалт авахаа ч сайн тооцоолдог нэгэн. Хэн ч зааж өгөөгүй өөрөө л бүгдийг өөрийнхөө төлөө хийдэг бие даасан хандлага, хүчирхэг сэтгэл зүй генд нь байсан хэрэг.

Монголчуудын ихэнх нь сэтгэл зүйн хувьд өөрөөсөө доор байгаа нэгнийг бөөнөөрөө дайрч хэмлэн иддэг чоно нохойн зангаа тавихгүйгээр үл барам өөрөөсөө дээш гарч цойлсон нэгнийг ч анаж байгаад бүдрэнгүүт нь бөөнөөрөө дайран урж тастаж, зулгаадаг араатан шинжээ улам тодруулжээ. Энэ бол гацаа ганирхал. Сошиал сүлжээ бол энэ хандлага бодитоор илэрдэг ертөнц. Тэр орон зайд өөрийгөө бусдаас дээгүүр гэдгийг мэдрэхийг хүсэгчдийн бүхэл бүтэн хар арми хараал зүхэл, хорсол тачаалаар зэвсэглэн хуруугаа товшиж, хошуугаа билүүдэх... Хүн өөрөө ёс суртахуун, хүмүүжлийн наад захын төлөвшилгүй хэр нь бусдыг гоочилж сэтгэлээ цатгана гэдэг юутай гутамшиг. (одоо энэ хандлага Наранбаатар гэх Хөвсгөлийн залуу дээр ч мэрэгддэг.)

Тиймээ Осоржамаа 90-ээд оныхны хурц тод дүр мөн. 70, 80 оны ах эгч нар “манай үеийнхэн хоёр нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт хүмүүжсэн...” гэдэг. Гэтэл жинхэнэ ороо бусгаа зэрлэгшилд туйлах он цагийг 90-ээд оныхон өнчин ядуу, өрөөсөн гуталтай, гар хоосон, сэтгэл баян туулж байгаа юм. Одоо энэ насныхан айл гэр толгойлж, үр хүүхэдтэй болцгоосон ч тэдэнд нийгэмд эзлэх байр суурь онгойх өдий. Ердөө л толгой хоргодох орон байр, үмх талх, үр хүүхдээ мөр бүтэн байлгахын төлөө өдөр шөнөгүй хэн нэгний дуулгавартай зарц болж морь, нохойн амьдралаар замнахаас өөр сонголтгүй шахам.

Эх орондоо хичээл зүтгэлээрээ сурч боловсроод, мэргэжил мэдлэг эзэмшээд амьдрах мянга мянган хүсэл мөрөөдөл тээсэн залуус өмнөд Солонгос улсын эдийн засагт хөлс хүчээ зориулан тэндээс үүрэндээ ширхэг будаа зууж ирэх шувууны адил гэр бүлээ тэжээх хэдэн цаасны төлөө л амь аргацааж байна.

Гэтэл Монголоос бусад дэлхийн хүчирхэг улс орнууд залуусаа дэлхийн ирээдүйд бэлтгэж байна. Саяхан ДЭМБ-ын судалгаагаар сүрьеэгээр өвчлөгсдийн ихэнх хувийг залуус эзэлж байгаа дэлхийн 30 ядуу буурай орны тоонд Монголыг нэрлэсэн нь гутамшиг юм.

Яагаад 90-ээд оныхон гэж? Яагаад гэвэл тэд Монголын хүн амын зонхилох хэсэг юм. Ирээдүйд төв азийн өндөрлөгт буй Их Эзэн Чингис хааны гал голомт Монгол улсын нүүр царай нь бид. Эдийн засгийн агуулгаар ч, аль ч өнцгөөс 90-ээд оныхонд хүн шиг амьдрах эрх чөлөө хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Харин энд ээж аав нь улсаасаа баян болчихсон олигархи хэсгийнхэн хамаагүй. Яагаад гэвэл тэнд хааны, энд харцын амьдрал яригдаж байна. Бодит үнэн ийм л...

Бор амьдралтай, борог ахуйтай олон түмний хүүхдүүдэд гадаадад сурна гэдэг зүүд, зэрэглээ, гартаа компаний гэрчилгээ атгана гэдэг өдрийн од шиг ховор олдох боломж. Аавын цээж оргих гэсэн атгаг бодол бус мэдрэгдэж буй нийгмийн агаарын гашуун амтыг нийтэд үнэнээр нь илэрхийлсэн төдий. Манай үеийнхэн хэд нь Осоржамаа шиг гадуурхагдан, эрх чөлөөгөө хасуулж, эрүүл мэнд амь насаараа хохирч хүн шиг амьдрахын тулд хүнлэг бусаар амь аргацаах өч төчнөөн өдөр хоногийг шүд зуун ухаан орсон цагаасаа зэрлэгшсэн этгээд, гажуу үлгэр дуурайлал, зэгэл саарал сураг төдий эрх чөлөө, хүмүүн ёс хоёрын аль нь зөв болохыг мэдэхгүй “хагас хүн” болж өндийх вэ?

2023-03-24

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.50] 2023-06-27 21:28:27

Гэрэл гэгээтэй сайхан залуус маш их байхад заавал ийм муухай юмыг олж бичиж байгаа нь ямар учиртай юм. Яагаад залуус хүүхдүүдийг сайн зүйл рүү тэмүүлэх биш ийм гутранга хүмүүсийн төлөөлөлийг барьж авч байгаан та үүнээс сайхан зүйл монголоос олдохгүй байна уу ? Яагаад дөнгөж өд сөд нь гүйцэх гэж байгаа хүмүүсийг яагаад гутранга үзэлтэн болгох гэж та зорив.Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж болж л таараа.Харин админ та сайхныг түгээвэл хүний зүрх сэтгэлд оч үсэрдэг юм шүү.Таньд амжилт

Иргэн [202.55.188.109] 2023-06-27 17:38:48

Монгол хүний мөс чанар алга болчлоо. Албан газар болгонд хэдэн суудлын голууд нийлж ажил хийх гэсэн нэгнээ дээрэлхэх, дарах, дарамтлах, доромжлох нь ердийн үзэгдэл боллоо. Тиймээс хүүхдийг цэцэрлэгт байхаас нь зөв хүн болгон хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Zochin [202.126.89.4] 2023-06-27 16:25:39

Zuv yum bichsen bna amidral niigem iim l bgaa.Osorjamaa gej huvi hun iim l huvi zayataiaas ter huniig gaduurhaad yahavdee uuriinhuuruu l amidrag nadad chamd tiim huvi tavilan ireeguid l bayrlaj yavtsgaay ternees ter huniig gaduurhaad eldev negeer heleed hereggui Hun hunee oilgoj amidartsgaay humuusee

Зочин [202.9.47.61] 2023-06-27 12:16:14

Хорвоо хатуу хатуу.

teanna [209.89.142.86] 2023-06-27 11:58:44

Niitlel taalagdlaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.