Наслах нас, өвчлөх магадлал, ажлын амжилт бүгд л хоногийн зөв дэглэмээс шалтгаалдаг

Aдмин / Нийгэм

Дэлхий нарыг жилд нэг удаа тойрдог. Сар дэлхийг сард нэг удаа тойрдог. Дэлхий тэнхлэгээ хоногт нэг удаа тойрдог. Хүмүүс бидний амьдралын зан үйл харин хоног тутамд давтагддаг. Хоног нь өдөр шөнөд, мөн 24 цагт хуваагддаг. Хүмүүс бид бүр бичин хүн байх цагаасаа л гэрэлтэй харанхуй цагт, унтах сэрэх цагт, хооллох ундлах цагуудад, идэвхтэй хөдлөх, хөдөлмөрлөх цагуудад захирагдсаар иржээ. Захирагдсаар, мөрдсөөр бүр дадал, хэвшил болгожээ. Энэ цаг, дэглэмд бидний бие организм, бүр сэтгэлзүй, ухамсар ч зохицож, эд эрхтэн бүрийн үйл ажиллагаа ч зохицжээ. Энэ зохицлыг зөрчих нь хортой болчихжээ. Хүний амьдрал, үйл ажиллагааны түүхэн бүрэлдэж хэвшсэн зөв дэглэмийг мөрдөх, сахих нь “хүний орчин, нөхцөлдөө зохицож, урт удаанаар, эрүүл саруул амьдрахын” шаардлага, болзол, нөхцөл нь болж хувирчээ. Өнөө үед энэ шаардлага, болзол, нөхцлийн цаад шалтгаан, учир, холбогдол ч шинжлэх ухааны үүднээс тодорхой болж, зөв зүйтэй нь нотлогдоод байна. Энэ тухай товчхон өгүүлье.

Хүний идэвхтэй, үр бүтээлтэй, эрүүл саруул амьдралыг биеийн нь эд эсүүд, дотоод шүүрлийн булчирхайнууд, олон эрдэс минералууд, хоргүй хоол, унд, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, зөв амралт, гүн нойр, тархины болон дархлааны эсүүдийн хэвийн ажиллагаа хангаж байдаг.

Энэ бүхэнд хүчтэй нөлөөлдөг нэгэн гол хүчин зүйл бол амьдралын хоногийн дэглэм юм. Хоногийн зөв дэглэм нь (орчин үеийн олон салбар шинжлэх ухааны зөвшилцөн тогтоосноор) орой 10 цаг 30 минутаас шөнийн 3 цагийн хооронд хамгийн гүн нойр, мэдрэлийн эсүүд ба дархлааны эсүүд амрах, нөхөн сэргээгдэх цаг (энэ хооронд унтах нь маш их ач холбогдолтой) шөнийн 03-06 цагийн хоорондох нойр бол ач холбогдлоор бага, 6 цаг 30 минутаас хүний бие организм сэрж, идэвхийжиж, цусны даралт ихсэж шинэ өдрийн ачааллыг даахад бэлэн болдог. Гэхдээ 8,30- 10,30-ийн хооронд сэтгэх чадвар хамгийн өндөр байдаг. 08-17.00 цагийн хооронд ажлын цаг байх нь зохистой.

17.00-19.00 цагийн хооронд биеийн тамираар хичээллэх нь ашигтай. Хүний булчингийн хүч энэ хооронд ихсэж, цусны даралт болон биеийн дулаан нэмэгддэг. 19.00-22.30-ийн хооронд амралт, үзвэр, салхилах, явган алхах, гэр ахуйн ажилд оролцох нь зүйтэй ажээ. Хооллох цаг хоолны төрөл, хэмжээ, биологийн идэвхит нэмэлтүүд, витамин минералын хувьд бол хүн бүр өөртөө тохирох дэглэм, хэрэглээг мэддэг, сахьдаг байх ёстой. Биологийн нэгэн зүйл амьтан болохынхоо хувьд хоногийн зөв дэглэмийг ягштал сахьдаг, идэж байгаа хоол нь тэжээл ч болдог, мөн эм ч болдог, биеийн төрөлд дархлаагаа ухаалгаар дэмждэг дээр нь нэмээд вакцинуудын тусламжтайгаар олдмол дархлааг шаардлагатай үед нь буй болгож чаддаг баймааж нь хэн ч болов урт наслах бололцоотой юм.

1770 оны үед дэлхийн хэмжээнд хүний дундаж нас 40-өөс бага байсан бол 2020 оны үед 70 орчим болж өсчээ. Энэ өсөлтийн гол !шалтгаан нь хүн төрөлхтөн антибиотик болон вакциныг зохион бүтээж хэрэглэх болсон амжилт юм. Элдэв үрэвсэл болон цар тахлын улмаас хэдэн арван саяаараа нас барж байсан хүмүүс, хүүхдүүд аврагддаг болжээ.

Гэмтсэн, бэртсэн тамирчид, шархадсан цэргүүд, хатгалгаа авсан хүүхдүүд, элдэв тахлаар өвчлөгсөд зэрэг голчлон 35 хүртлэх насны залуу хүмүүсийн үхэл эрс багассан нь хүний дэлхийн дундаж нас бараг хоёр дахин өсөхөд нөлөөлжээ. Хоногийн дэглэм, хооллох дэглэм, хоолны бүтэц, хэмжээг өөрчлөх барих, өлсөх зэрэг аргаар хүмүүс жингээ хасах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, дархлаагаа дэмжих, сэтгэн бодох чадвараа дээшлүүлэх, хоол боловсруулах замын хорт хавдар, эрт зөнөхөөс бие хамгаалж чаддаг болоод байна. 24-30 цагаар өлсөх нь (зөвхөн ус хэрэглээд) тархины эсүүдийг идэвхжүүлдэг, сэтгэн бодох чадварыг ихэд хурцалдаг үнэнийг хүмүүс (санваартнууд) эрт таньж мэдээд бясалгалд сууж байжээ.

Монголын эрдэм ихтэй оточ, маарамба нар элдэв өвс, ургамал, малын дотор мах (элэг, зүрх,дэлүү, бөөр, цус) мэтийг хэрэглэж ядаргаа, сульдаанд орсон хүмүүсийг тэнхрүүлж иржээ. XIX зууны дунд үе гэхэд Монголд өөрийн нь уламжлалт анагаахуй ухаан, Төвдийн, Хятадын, Энэтхэгийн анагаахуй ухааны нөлөө, ололтууд нэгдэж нийлээд Монгол оточ нарын чадварыг тун ихээр өсгөж, хурцлаад байжээ.

Нэрд гарсан, домог болсон эм бэлдмэл, оточ нар ч цөөнгүй байв. Харамсалтай нь тэр бүхэн орхигдож, мартагджээ. Цөөхөн нэрийн хоол хүнс хэрэглэх нь хүний бие, эрхтэнг элдэв минераль, амин дэмийн дутагдалд оруулж сульдаадаг, насыг богиносгодог, өвчинд өртөмтгий болгодог үнэнийг одоо дэлхий нийтээр таньж, ойлгоод бие, организмын хэвийн ажиллах нөхцлийг хангадаг чухал минералууд, амин дэмийг хоолны нэмэлт тэжээл хэлбэрээр тусгайлан бэлдэж, савлаад жоргүйгээр худалдаалах болоод байна. Хүний өвөг дээдэс (мич, бич) өвсөн тэжээлтэн байсан баримтыг иш үндэс болгон махны хэрэглээг хоногт 80 граммаас ихгүй байлгахыг ч анагаах ухаан зөвлөх боллоо. Давс, саахар, хийжүүлсэн ундаа, архи, тамхи, өөх тос, шарсан түлсэн мах, хорхог, боодог, хиам, консерв, утсан, давсалсан махны хэрэглээнээс татгалзах хөдөлгөөн ч өрнөх болов. Энэ бол зөв үзэгдэл, шинжлэх ухаанч хандлага мөн болно. Ингэж хүмүүс бид ухаажсаар л байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Хэмжээ хязгааргүй их унтах, удаан хэвтэх, удаан суух, өдөржин утас, телевизорын дэлгэц ширтэх, чихэвч хэрэглэхийн хор нөлөөнөөс ч сэргийлж чаддаг боллоо. Хүн биеийнхээ эрхтэн нэг бүрийг хэрхэн ашиглах, тордох, хэвийн байлгах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Хүмүүс бидэнд хөргөгчийг, угаалгын машиныг, тоос сорогчийг, агаар цэвэршүүлэгчийг хэрхэн ашиглах тухай зааварчилгаа, танилцуулга бүр ном болон хэвлэгдэж, зураг, схемтэйгээ ирдэг боловч ядаж л зүрх, элэг, бөөр, ходоод хэрхэн ашиглах тухай дэлгэрэнгүй танилцуулга алга байна. Нийгмээс, дэлгүүрээс худалдан авч байгаа бүхэнд заавар, танилцуулга байдаг атал байгалиас авсан бүхэнд танилцуулга, заавар байдаггүй дутагдлыг арилгах цаг ирээд байна. Хүн уушгиа хэрхэн ашиглах, тордох вэ? нэртэй заавар, танилцуулга Улаанбаатар хотын иргэдэд тун ч хэрэгтэй байна даа! Энэ бол хошигнол егөөдөл ер биш шүү!

Малын дотор мах бол ухаалгаар бэлтгэх, хэрэглэх аваас тэр чигээрээ л эм юм. Жишээ нь малын элэг, зүрх, бөөр, дэлүү, уушиг бол кальци, төмөр, зэс, цайраар турга махнаасаа илүү баялаг байдаг. Малын зүрх витамин В12 витамин Д-г ихээр агуулдаг. Малын (хонины) ураг сүүл, арвайн гурил, чихэр өвс, сульхар, шар тос, доргоны өөх, баавгайн цөс, бөхөнгийн эвэр, хойлогийн мах, туулайн тархи зүрх мэтийг ч оточ нар эмийн журмаар хэрэглүүлж байжээ.

Мал эмнэлгийн хувьд ч Монголчуудын ур ухаан цагтаа гайхагдаж байсан түүхтэй. Энэ бүхнээ санах, сэргээх юмсан! Хүмүүс өөрсдийгөө оюун ухаантай, мэдлэг, боловсролтой амьтан гэж “хэтэрхий биеэ тоож” бодох нь буруу шахуу. Бүр ихэд харьцангуй үнэлгээ юм. Учир хүн өөрийгөө бүрэн дүүрэн захирах, жолоодох чадваргүй шахам болох нь илчлэгдсээр байна. Наад зах нь л хүний биенд шимэгчилж амьдардаг тоо томшгүй олон бичил биетэн болох бактери, вирусын нөлөөгөөр хүн өөрийн эрхгүй л элдэв ааш гаргаж, элдэв үйлдэл хийж байдаг ажээ. Хүний түргэн зан, түрэмгий авирыг төрүүлж байдаг бактери байдаг нь мөн нотлогджээ. Хүний бүдүүн гэдэс, шулуун гэдсэнд байгаа бактериудын зарим нь хоол идэх, бүр маш ихээр идэхийг шаардаж, энэнд нь хүний сэтгэл захирагдаж идсээр байгаад уг хүн маш их таргалдаг юм байна. Энэ үзэгдлийг Монголын уламжлалт анагаах ухаанд “хоолны хэмх” өвчин гэж нэрлэж байжээ. Шашины нэр томъёогоор тэр хүнд “тийм юм шүглэжээ” гэх нь орчин үед тэр хүн тийм бактериар өвчилжээ гэхтэй утга адил юм.

Тарган хүнтэй гэрлэсэн (эр, эм) хүн таргалж эхэлдэг, тарган хүний бүдүүн гэдэс дэх бактеруудыг туранхай хүнд халдварлуулахад тэр хүн их иддэг болж мөн таргалж байжээ. Энэнийг эрдэм шинжилгээнд газрууд туршлагаар нотолсон ажээ.

Ингэхлээр макро биет бүхэн өөртөө маш олон төрлийн микро биетийг агуулж, тээж явдаг. Зөвхөн тээж, тэжээгээд зогсохгүй тэдгээрийн нөлөөнд автаж, зан аашаа ч захируулж байдаг юм байна. Хорвоогийн бүх юмс ийнхүү ил, далд шүтэн барилдсан, бүр оюун ухаантай амьтанд ч гэсэн бичил биетүүд “захирах, жолоодох” оролцоотой болох нь илчлэгджээ." Бактери, вирусууд өөрт нь хэрэгтэй бол биднийг таргалуулж, турааж, бүр ширүүн догшин болгож ч чаддаг ажээ. Хүмүүс бид танин мэдэх хэрээрээ л шинийг нээж, учрыг олж, өөрсдийнхээ талаар санаанд багтамгүй олон сонин, хачныг мэдэх болсоор байна. Энэ байдал цааш цаашдаа ч үргэлжилсээр л байх нь тодорхой юм. Танин мэдэх хэрээрээ л хүмүүс бид эрүүл саруул байж урт удаан наслах болно. Хүн бүхэнд эрүүл ахуйн мэдлэг, боловсрол хэрэгтэй.

Судлаач, профессор Д.Чулуунжав


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.210] 2024-01-10 15:04:59

Хүмүүс өөрсдийгөө хамаатнуудаасаа л хамгаалах хэрэгтэй учир нь алуурчид ойрхон байдаг юм.

Зочин [192.82.65.88] 2024-01-10 12:05:53

Утаа түгжрэл дунд, уур бухимдал ихтэй, идэж байгаа хүнс нь бохирдолтой хор болсон энэ цагт юуны хоногийн зөв дэглэм байх вэ? Хувь хүн хичээгээд, хувь хүнээс хамаарахгүй нөхцөл дэндүү их байна. Ингэсээр монголчууд идэж уугаад, утаа хор дунд ашигдсан мал болж дуучлаа даа. Луйварчид гадаад руу зугтаад амьдрана гэж бодож бйгаа байх. Эх оронгүй бол гуйлгачин ш дээ. Бадамжунайгаа хар. Их мөнгөтай байлаа гээд яах вэ? Агаар, ус худалдаж авах уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.