“Солонгосын хөгжил ид шид байгаагүй”
“Солонгос орны хөгжлийн түүх”. Олон улсын сэтгүүлчдийн хөтөлбөрт оролцох урилга хүлээж авсантай зэрэгцэн хамгийн түрүүнд нүдэнд туссан өгүүлбэр дээрх сэдэв байлаа.
Хүүхэд байхад химийн багш маань “Солонгосууд маш эх оронч, улс орноо ядуурлаас гаргахын тулд эмэгтэйчүүд нь зүүж байсан алтан ээмэг бөгжөө тайлаад хандивласан юм” гэж ярьж байсан нь ой тойнд их л тод үлдсэн юмдаг. Тэр домог мэт яриа үнэн болов уу гэж боддог байсан хүүхэд цагийн асуултандаа хариулт авах боломж ч юм шиг санагдсан тул ихэд олзуурхаж байлаа.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас жил бүр олон улсын сэтгүүлчдийг урьж улсынхаа хөгжлийн түүх, эдийн засгаа хэрхэн хөгжүүлж байгаа, солонгос нутгийн уламжлал, соёл зан заншлыг таниулан сурталчлах тусгай хөтөлбөрүүдийг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жил өөрийн нэрийн ток шоугаа хамгийн олон жил хөтлөн явуулж байгаа “UBS” телевизийн “Сайнуу, Сайнаа”-гийн Б.Сайнбаяр болон “Зууны мэдээ” сонины тоймч Б.Нямсүрэн Солонгосын хөгжлийн түүх сэдэвт хөтөлбөрийн дагуу БНСУ-ын Сөүл хотыг зорилоо.
Бидэнтэй адил зорилго өвөртөлсөн мэргэжил нэгт нөхөд маань Шри Ланк, Румынь, Словень, Индонез, Киргизстан зэрэг улсаас зорин ирснээр 12 хүний бүрэлдэхүүнтэй бяцхан баг Хангуг нутгийн эдийн засгийн хөгжлийн нууцыг олж мэдэхээр аяллаа эхлүүлэв.
Найман орны 12 сэтгүүлч энэ удаагийн хөтөлбөрт оролцлоо.
Хүний хүчээр хөгжсөн нь
Солонгосын үзэсгэлэнтэй намар. Хэт хүйтэн биш, халуун ч биш таатай цаг агаартай, өдөртөө дан цамцтай явахад даарахааргүй налайсан Сөүл хот биднийг угтлаа. Инчионы онгоцны буудлаас цаг гаруй яваад нийслэл хотын төв хэсэгт байрлах Хааны ордны дэргэдэх зочид буудалд тухлав.
Арав гаруй жилийн өмнө анх ирж байсныг бодоход өндөр шилэн барилгууд олноор сүндэрлэж, Сөүлийг дагасан дагуул хотуудаа ч багагүй хөгжүүлжээ. Орон сууцны барилгууд нь ихэнхдээ 20-30 давхар, талст хэлбэртэйгээр барьсан нь олон талаас нар үзэх давуу талтай юм даа гэсэн зурвас бодол төрнө. Мэдээж монголчуудын олонх нь Солонгосыг сайн мэдэх учир гадаад орчны гоё сайхныг энд нурших нь илүүц биз.
Ерөөсөө Солонгос явна гэдэг нисэх онгоцны буудлаас Улаанбаатар орохоос хурдан тухай хошигнол бий. Онгоцонд суусан хүн аль хэдийнэ оччихоод байхад үдэж гаргасан гэрийнхэн нь Яармагийн түгжрэлээсээ ч гараагүй байдаг нь хоржоонтой үнэн л дээ.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр хил залгаа хөрш биш ч гэлээ хэзээнээсээ хажууд мэт санагдах болсон Солонгос улсын талаар бичнэ гэдэг бусдын мэддэг мөртлөө мэдэхгүй Солонгосыг нээж таниулах “хэцүү даалгавар” ч юм шиг.
Аав ээж, ах дүү нарынх нь аль нэг нь Солонгос руу ажиллаж хөдөлмөрлөх гэж зориогүй айл ховор. Тэр ч жамаар солонгос хоол, солонгос соёл өдөр хоногоор, сар жилээр Монголд нутагшсан бол өдгөө дэлхийн залуучуудыг хуйлруулах болсон k-pop, үзэгчдийн хүсэлтээр давтаж гарталаа хоногшсон k drama гээд тоочоод байвал тун ч ихийг бид мэднэ.
Нөгөө талаар хоол, соёл, ахуйг нь сайн мэддэг ч хөгжлийнх нь нууцаас хэр мэдэх билээ гэвэл бас тийм ч ихийг өгүүлж чадахгүй. Тэгвэл эх орноо хөл дээр нь босгохоор алттай нь алтаа, мөнгөтэй нь мөнгөө бариад цуглаж байсан тухай энэ үйл явдал олон улс оронд ч домог мэт яригдсаар байгаа тухай тус улсын хөгжлийн түүхийн музейн профессор Жу Бёнь Гүгийн ярина лээ.
70 гаруйхан жилийн хугацаанд ядруухан тосгоны амьдралаас яаж дэлхийд тэргүүлсэн бар улс болсны нууцыг сонирхох улс орнууд мэдээж цөөнгүй. Тиймээс ч музей байгуулж, төдийгөөс өдий хүртэл тэмцэж ирсэн он жилүүдийнхээ хуудсыг алдаа оноотой нь дэлгэн тавьсан нь бидний зочилсон Солонгосын хөгжлийн үзэсгэлэн музей байлаа.
Аргагүй л технологийн аварга тоглогч гэсэн шиг хаа сайгүй лед гэрлийг амилуулан, 3D 4D технологиор гайхуулах нь энд байдаг л зүйл. Мэдээж тэдгээр лед дэлгэцийн үйлдвэрлэгчид нь Samsung, LG, SK гээд томчууд. Тэд өрсөлдөхөөсөө илүү хамтарч нэг төсөл дээр орж, хамтын бүтээл гаргаж байгаа нь гар утасны чипийг нэг нь үйлдвэрлэж, нөгөө нь эд ангиудыг угсардагаар нь илэрхийлэгдэнэ.
Хөгжлийн музейн төв хэсэгт ч удахгүй нийтийн хэрэглээнд нэвтрэх устөрөгчөөр ажилладаг автомашиныг байрлуулсан нь Hyundai-н хэр амжилттай явааг илтгэнэ. Мэдээж өнөөх Samsung, LG ухаалаг төхөөрөмж, хиймэл оюун ухаанд суурилсан бүхий л хөгжүүлэлтийг хамтран хийжээ.
Хана бүрт байрлуулсан мэдрэгчтэй дэлгэц бүрт тэртээ 1945 оноос хойшхи бүхий л түүхийг он дараалалтай нь онцгой үйл явдлуудтай нь танилцуулсан нь үзүүштэй
“Hyundai” компанийн бүтээсэн робот такси.
Бидэнд тус музейг танилцуулсан профессор насаараа улс орныхоо хөгжлийн түүхийг судлаж байгаа гэнэ. 1971 онд Солонгосын хөгжлийн институцийн дэргэд судалгааны лаборатори байгуулж бусад улс орноос туршлага судлах эхлэл болжээ. Анхлан Америкийн голдуу багш, профессоруудаар заалгаж эхэлж байсан хөгжлийн түүх 1980-аад оны үед өөрсдийн гэсэн чиг шугамаа барих нь зүйтэй гэсэн чиг баримжаа руу эргэлт буцалтгүй орсон байна.
Солонгос улсын хөгжилд үндсэндээ иргэдийн боловсрол, иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, аж үйлдвэржилт гэсэн гурван томоохон зүйл онцгой нөлөөлсөн тухай профессор Жу Бёнь Гү ярьж байна.
Ялангуяа 1961 онд сонгогдсон ерөнхийлөгч Пак Жон Хи улс орноо 1980 он гэхэд тууштай хөгжүүлэх үндсэн суурийг маш амжилттай тавьсан гэж ард түмэндээ одоо ч үнэлэгддэг. 1962 оноос хойш 18 жил улсаа удирдсан ч эцэстээ бусдын гарт амиа алдсан Пак ерөнхийлөгч газар доорхи байгалийн баялаггүй, өөрсдийн гэх шинэ технологи, нээлтгүй энэ улсыг хүнээ хөгжүүлж л өөд нь татна гэсэн чин эрмэлзэлтэйгээр улсаа удирджээ.
Боловсролдоо төсвийнхөө 10-аас дээш хувийг зарцуулдаг
Солонгосын дайны дараа сүйрэн доройтсон тосгонуудад сургууль байгуулж хүүхдүүдийг бичиг үсэгт сургаж эхэлсэн нь хөгжил дэвшлийн эхлэл байв. 1960 онд ард түмнийх нь 80 хувь нь уншиж бичиж чаддаггүй байсан бол арван жилийн дотор тэр тоо дөрөвхөн хувь болж буурчээ.
Мөн бага сургуулийн боловсролыг заавал сургах ёстой гэсэн бодлого барьж бүх хүүхдийг сургуульд албан журмаар хамруулж эхлэв. Мөн 1970-аад оноос дээд боловсролд анхаарч техник технологийн сургуулиудыг чиглэл бүрээр хөгжүүлэх болсон байна. Харин одоо бол ахлах сургуулийн боловсролд илүү анхаарах болсон нь дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой гэнэ.
Тиймээс ч музейн гол хэсэгт боловсролын талаар ишлэсэн алдартнуудын үгсийг лед гэрлээр гэрэлтүүлэн мөнхөлжээ.
“Солонгосын хөгжил ид шид байгаагүй”
Энэ үгийг бидэнд музейгээ танилцуулсан профессор Жу Бёнь Гү хэлсэн юм. Үнэхээр ч 70 жилийн турш тасралтгүй хөгжсөөр байгаа тус улсыг ид шидийн гэмээр хөгжсөн гэж олон улс шагшин гайхдаг. Хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болсон энэ ололт амжилтыг олны хүчээр хийснийг би нүдээр харж байлаа хэмээн тэрбээр хэлэхдээ ихэд бахархангуй байгаа нь илт.
Иргэдийн нийгмийн хувьд төрөөс боловсруулсан бодлого, төлөвлөлтийг зөвхөн улсын ажил гэж хандалгүй, идэвх зүтгэлтэй оролцсоноор олны хүчээр ажлуудыг нугалдаг байж.
Пак Жон И ерөнхийлөгч 1962 18 жил удирдахдаа маш зохион байгуулалттай төлөвлөгөөтэйгөөр аж үйлдвэрийг сайтар хөгжүүлсэн нь асар их үр дүн өгчээ. Гэхдээ мэдээж эдийн засгийн аливаа бодлого эцэстээ ямар нэг хязгаарт хүрээд зогсдог. Харин тэр үед нь үөв шинэчлэлт өөрчлөлтийг зоригтой хийж чадсан нь энэ улсын аж үйлдвэржилтийн түүхээс харагдана.
1990 онд улс дампуурах хэмжээнд хүрч Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр системээ өөрчлөх зайлшгүй шаардлага гарч ирсэн. “Аливаа бэрхшээл тулгарахад тухайн үед бодлого барьж байсан хүмүүс зөв өөрчлөлтүүдийг хийж чадаж байсан нь өнөөдрийг хүртэл амжилттай хөгжсөний гол шалтгаан гэж хэлж болно. Тиймээс систем зогсонги болоход бүхлээр нь өөрчлөөд хөгжүүлж явах нь зөв байсан” хэмээн түүхээсээ хуваалцав.
“Солонгост хөрөнгө оруулъя” чуулганы гол сэдэв хиймэл оюун ухаан байлаа.
Бидний хөтөлбөрийн бас нэгэн чухал арга хэмжээ “Солонгост хөрөнгө оруулъя” арга хэмжээ байлаа. Тус улсын Худалдаа, үйлдвэрлэл, эрчим хүчний яамнаас зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулганы онцлох сэдэв сүүлийн үеийн трэнд болох Хиймэл оюун ухааныг хэрхэн үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулалтыг хэрхэн татахад голлон чиглэжээ.
Тухайлбал, Их Британийн био технологийн томоохон корпораци энэ жил шинээр 300 гаруй ажлын байр нэмэгдүүлэх томоохон биотехнологийн төвийг барьж байна.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын шинэ технологитой холбох, эм, бэлдмэлийн үйлдвэрлэлийг хиймэл оюун ухаанаар хялбаршуулахаар зорьж байгаагаа тус корпорацийн захирал бүсгүй индэр дээрээс онцлон ярьж байна.
Шинэ технологи гэснээс стартап компаниудыг бойжуулах Bio Hub-т зочилсон нь Монголд авчирч болох шинэлэг санаа байлаа. Жижиг дунд бизнесүүдийг инноваци, шинэ технологи агуулсан зэргээр нь шалгаруулж, санхүүжилт олгох, бизнесээ эхлүүлэхэд нь бичиг баримтын болон судалгаа арга зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, бага түрээстэй эсвэл бүр түрээс авахгүйгээр 10 хүртэлх жил оффисын байр, тоног төхөөрөмжөөр хангах гээд олон дэмжлэгийг үзүүлдэг байна.
Энэ мэтээр 70 жилийн хөгжлийн нууцыг нээсэн, олон шинэ технологийн дэвшлийг амьдралд хэрхэн үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгааг нүдээр харсан аяны тэмдэглэлийн эхний хэсгийг энд хүрээд өндөрлөе.
Дараагийн тэмдэглэлээр Hyundai-н автомашины үйлдвэрт зочилж, 4D технологиор ирээдүйд байгалийн аюулыг хэрхэн ажрахгүй давах тухай “зөгнөлт” туршилтыг нүдээр үзэж, Азид төдийгүй дэлхийд дээгүүр ордог Сөүлийн метротой танилцаж, Инчионы эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн Монголынхтойгоо жишиж “бяцхан атаархсан” тухайгаа өгүүлэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)
Сэтгэгдэл
zochin [66.181.186.130] 2024-11-20 12:02:28
Pak Jon Hi daranguilagch garch irj baij solongos xogjison doo.Garch ereed 18 jil manai xeden ardchilal yarisan noxduud shig luivarchidiig bugdiig ustgaj avaad 10 n tsagaan buyniixan zamaar oruulsan daa.
Зочин [188.162.254.4] 2024-11-19 11:17:30
дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!