Төв банк: Тэтгэврийн зээлтэй холбоотой арга хэмжээ авсан үндэслэл

Тэтгэврийн зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, нийгмийн баталгааг хангах хүрээнд Мөнгөний бодлогын хороо /МБХ/ 2025 оны II улирлын ээлжит хуралдаанаар “банкнаас шинээр олгох тэтгэврийн зээл болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөхөд Өр орлогын харьцаа /ӨОХ/-г 50 хувиас ихгүй байхаар” шийдвэрлэсэн.
Тус шийдвэр нь “амьжиргааны баталгаажих түвшний орлого үлдээх” гэх өмнөх зохицуулалтыг харьцангуй зөөллөсөн бодлогын арга хэмжээ ба тэтгэврийн зээлийг цалин болон бусад хэрэглээний зохицуулалттай ижил зохицуулалттай болгосон гэсэн үг.
Илүү тодорхой хэлбэл, өр, орлогын харьцааг 50 хувиар тогтоосноор өмнөх зохицуулалттай харьцуулахад бага тэтгэвэр авдаг зээлдэгчийн хувьд зээл авах боломж нь нэмэгдсэн.
Түүнчлэн тус арга хэмжээг мөрдүүлж эхлэх 2025.06.16-ны өдрөөс өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгч нарын хувьд Монголбанкнаас ямар нэгэн зохицуулалт хийгээгүй бөгөөд банкууд өөрийн зээлийн бодлого, эрсдлийн удирдлагын хүрээнд зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээ шаардлага, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг нь үндэслэн зээл олгох боломжтой юм.
Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд арилжааны банкнуудын дотоод үйл ажиллагаанд эрсдэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөндлөнгөөс оролцох нь Банкны тухай хуулиар хориотой байдаг. Банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдлаар зээлийн хүү болон хугацааг нь хөндлөнгөөс тодорхойлж, эрсдэлийн удирдлагад нь ч нөлөөлөх бололцоогүй юм.
2025 оны 4 сарын байдлаар Нийгмийн даатгалын сан /НДС/-аас тэтгэвэр авдаг 515.6 мянган иргэний 281.2 мянга нь тэтгэврийн зээлтэй байна.
Олон улсад тэтгэврийн зээл нь нийтлэг бус бөгөөд манай улсад тус зээлийн дийлэнх нь ахмадуудын сарын орлогыг бүхлээр нь барьцаалж, амьжиргаанд зарцуулах орлого үлдээхгүй байгаа нь өндөр настай иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Тухайлбал, тэтгэврийн зээлтэй иргэд сард дунджаар тэтгэврийн орлогынхоо 85%-ийг зээлийн төлбөрт суутгуулж, 15%-ийг л амьжиргаандаа зарцуулж байна.
Тэтгэврийн зээлдэгчдийн 87.7 хувь буюу 246.6 мянган иргэний хувьд зээлээ төлсний дараа үлдэх орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангахааргүй байна. Суурь амьжиргааны зардлаа хангахын тулд тэтгэврийн зээлтэй иргэд зээлийн гэрээг сунган нэмж зээл авч, зээлээс зээлийн хооронд явсаар байна.
2024 оны эцсийн байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн 82.3 хувь нь зээлээ төлж дуусахаасаа өмнө хамгийн багадаа дахин нэг удаа зээлээ сунгаж, нэмэлтээр зээл авсан байгаа нь үүний нотолгоо болж байгаа юм.
Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн судалгаагаар тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын дийлэнх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин, байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зориулан авчээ.
Ийнхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх үндсэн шалтгаан болж байна.
Олон жилийн турш үргэлжилж буй тэтгэвэр, тэтгэмжийн буруу тогтолцооны илрэл нь тэтгэврийн зээл ба үүнийг бүх шатанд дэмжих нь эргээд тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг сулруулж, амьжиргааны баталгаажих түвшнийг нь улам бүр доройтуулж буй зохисгүй хандлага юм.
Хэрэв шаардлагатай бодлогын шийдвэрийг гаргахгүйгээр энэ хэвээр цааш үргэлжилбэл тэтгэвэр авагч иргэд улам бүр өрийн дарамт, өрийн сүлжээнд орох, эдийн засаг, нийгмийн баталгаа нь алдагдах, улмаар ядууралд автах бодит эрсдэлтэй болоод байна.
Шинэ зохицуулалтын талаар
Тэтгэврийн зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, нийгмийн баталгааг хангах хүрээнд Мөнгөний бодлогын хороо (МБХ)-ны 2025 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаанаар банкнаас шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөр төлсний дараах үлдэх орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс доошгүй байх зохицуулалтыг мөрдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Харин Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 2 дугаар улирлын ээлжит хуралдаанаар өмнөх зохицуулалтыг зөөлрүүлж, тэтгэврийн зээлийг бусад хэрэглээний зээлтэй адил зохицуулалттай байхаар буюу “банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон тэтгэврийн зээлийн нөхцөлийг нь өөрчлөхөд өр, орлогын харьцааг 50 хувиас ихгүй байхаар” шийдвэрлэлээ.
Тодруулбал, ӨОХ-г 50 хувиар тогтоосноор өмнөх зохицуулалттай харьцуулахад бага тэтгэвэр авдаг зээлдэгчийн хувьд зээл авах боломж нэмэгдсэн. Түүнчлэн, тус арга хэмжээг мөрдүүлж эхлэх 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгч нарын хувьд Монголбанкнаас ямар нэгэн зохицуулалт хийгээгүй бөгөөд банкууд өөрийн зээлийн бодлого, эрсдлийн удирдлагын хүрээнд зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн зээл олгох боломжтой юм.
Мөн тэтгэврийн зээлийн хугацааны хувьд тодорхой хязгаарлалт тавиагүй. Монголбанк зохицуулагч байгууллагын банкны дотоод үйл ажиллагаанд эрсдэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөндлөнгөөс оролцох нь Банкны тухай хуулиар хориотой байдаг. Банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдлаар зээлийн хүү болон хугацааг хөндлөнгөөс тодорхойлж, эрсдийн удирдлагад нь нөлөөлөх бололцоогүй юм.
Тэтгэврийн зээлтэй холбоотой арга хэмжээ авсан үндэслэл
Тэтгэвэр нь иргэд тэтгэврийн насанд хүрч, ажил хөдөлмөр эрхлэхээ болих үед нь өдөр тутмын хэрэглээ, амьжиргааг хангах зорилгоор насан туршид нь сар бүр мөнгөн орлогтой байх боломжийг бүрдүүлж, эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн хамгааллын баталгааг хангаж буй орлогын чухал эх үүсвэр юм.
Олон улсын туршлагаас үзэхэд тэтгэврийн орлогыг барьцаалсан зээл нь нийтлэг бус боловч манай улсын хувьд банкны салбарын зээлийн нэг төрлийн бүтээгдэхүүнд тооцогдож байна. Энэ төрлийн зээлийн дийлэнх нь сарын орлогыг бүхлээр нь барьцаалж, амьжиргаанд зарцуулах орлого үлдээхгүй байгаа нь өндөр настай иргэдийн амьдралд хүндээр тусдаг билээ.
Үүнийг харгалзан УИХ-аас 2020 оны 1 дүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталж, улмаар 2019 оны эцэст 757.8 тэрбум төгрөгт хүрээд байсан банкны салбарын тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2020 оны 1 дүгээр улирлын эцэст 160.7 тэрбум төгрөгт хүрч буурсан.
Түүнчлэн дээрх хуулийг даган банкны урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлдэгчийн тэтгэврийг жилд нэг удаа зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон. Гэвч, УИХ-аас 2021 оны 5 дугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан заалт хасагдсан.
Улмаар 2022 оны эхнээс банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны 2 дугаар сарын байдлаар 2,102.0 тэрбум төгрөгт хүрч /жилийн өсөлт нь 49.1 хувь/ 2019 оны эцэс үе буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэж, өндөр настай иргэдийн өрийн дарамт огцом нэмэгдлээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэдийн тоо 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 515.6 мянга байгаа ба үүнээс 281.2 мянган иргэн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт тэтгэврийн зээлдэгчдийн дундаж ӨОХ 84.3 хувь, үүн дотроо 253.6 мянган зээлдэгч (нийт зээлдэгчийн 90.2%) нь 50 хувиас дээш ӨОХ-тай, 40.5 мянган зээлдэгч (нийт зээлдэгчийн 14.4%)-ийн хувьд 100 хувийн ӨОХ-тай буюу тэтгэврийн орлогоо зээлийн сарын төлбөрт бүрэн суутгуулдаг байна.
Тэтгэврийн орлого, зээлийн сарын төлбөрийн зөрүүг авч үзвэл дунджаар 150.0 мянган төгрөг бөгөөд нийт зээлдэгчдийн 87.7 хувь буюу 246.6 мянган иргэний хувьд уг зөрүү амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангахааргүй байна.
Суурь амьжиргааны зардлаа хангахын тулд тэтгэврийн зээлтэй иргэд зээлийн гэрээг сунган нэмж зээл аван, зээлээс зээлийн хооронд явсаар байна. 2024 оны эцсийн байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан, нэмэлтээр зээл авсан байгаа нь үүний нотолгоо болж байгаа юм.
Тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлийн дийлэнх хэсэг нь ахмад настангуудын амьжиргаанд бус өөр зориулалтаар ашиглагдаж байна. Тухайлбал, Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгааны үр дүнгээс үзэхэд түүвэрт хамрагдсан ахмад настнуудын 60.6 хувь нь тэтгэврийн орлогоо барьцаалж зээл авсан6
Тус зээлийг ихэнх тохиолдолд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин, байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зарцуулдаг байна. Ийнхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх үндсэн шалтгаан болж байна.
Олон жилийн турш үргэлжилж буй тэтгэврийн зээлтэй холбоотой буруу тогтолцоо буюу тэтгэврийн зээл нь эргээд амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангахгүй болгож буй зохисгүй хандлага, улмаар зээл авснаар санхүүгийн түр хугацааны хэрэгцээг хангахаас илүүтэйгээр өрийн сүлжээнд оруулж буй системийн гажуудлыг засах, тохиромжтой арга замыг ашиглах нь чухал ач холбогдолтой юм.
Гэр бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас 2023 оны 02/639 болон 2024 оны 01/1172 тоот албан бичгүүдээр тэтгэврийн зээлийг зохицуулах чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал, хүсэлтийг Монголбанканд уламжилсан.
Үүнээс гадна, олон улсын туршлага болон ОУВС-гийн зөвлөхийн өгсөн зөвлөмжөөс үзэхэд тэтгэврийн зээл нь бусад төрлийн хэрэглээний зээлүүдтэй ижил төрлийн зохицуулалттай байх нь зүйтэй байна. Иймд Монголбанк нь дээрх саналыг үзэж, өндөр настай иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зорилгоор холбогдох бодлогын шийдвэрүүдийг гаргасан болно.
Бодлогын шийдвэрийг гаргаагүй тохиолдолд үүсээд буй эрсдэлүүд улам даамжрах, өндөр настай иргэдийн амьжиргаа цаашид дордох, улмаар нийгэм эдийн засагт сөрөг үр дагавартай юм. Түүнчлэн тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, суурь хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулах нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, улмаар ядууралд түлхэх юм.
Үүнд өндөр насны, тэжээгчээ алдсаны, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны, цэргийн алба хаасны тэтгэвэр орно.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Алтанцэцэг [202.126.89.182] 2025-06-20 12:05:52
Хугацаа сунгаж хүүг нь бууруулж өгнө үү эсвэл тэтгэвэртээ нэм доод хэмжээг нь хүрэлцэхгүй учраас л зээл авч бна хүрэлцээтэй юунд зээл авах бэ дэн
Зочин [59.153.113.167] 2025-06-20 08:39:02
Тэтгэвэрийн зээлийг хуучин хэвэнд нь оруул. Зээлийн хүүг нь бууруулах хэрэгтэй. Тэтгэвэр хангалттай хүрэлцээтэй байсан бол юу гэж зээл авах уу. Эсвэл тэтгэвэрээ нэм. Улсад 34 жил ажилчаад 689.0 авч бна
Алтанцэцэг [202.126.89.182] 2025-06-20 12:01:21
Тэтгэвэр нь хүрэлцээгүй учраас зээл авч бна даа бидний юун байр машин авах юм дээ бид эмчилгээ сувилгаа хувцасандаа хүрдэггүй ээ хүүг нь багасгаж хугацаа уртасгаж өгнө үү
Зочин [103.212.117.225] 2025-06-20 08:08:32
Монгол хүн үр хүүхдийнхээ төлөө амьдарч сэтгэл санаагаа амрааж байдаг.Түүнчлэн үр хүүхдүүдтэйгээ мөнгө санхүүгээ нийлүүлж амьдрал ахуйгаа зохицуулдаг юм.Иймд амьжиргааны баталгаажин доод түвшин гэдэг хэнд хэрэггүй өөрсдөө зохицуулна.Амьдрах ахуй нөхцөлд нь халдаж хууль тогтоомж зөрчиж байна.Цаашид хуулийн хүрээнд тэмцэх нь зүйтэй юм байна.
Алтанцэцэг [202.126.89.182] 2025-06-20 12:03:22
Хэндээ өгөх нь ямар хамаатай юм бэ
Саруултуяа [103.212.118.126] 2025-06-20 08:03:28
Мэдээж ахмадууд тэтгэвэр хангалттай хүрэлцэж бсн бол юунд зээл авах юм тмээс эсвэл тэтгэвэр нэм эсвэл хугацаагаа сунгаж 30:70 болгох хэрэгтэй