Б.Жавхлан: Ирээдүйн өв сангийн хөрөнгийг Англи, Люксембургийн төв банканд 4.3-4.8 хувийн хүүтэй хадгалуулж байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр (2025.09.30)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв.
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн тавьсан тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг нэмэгдүүлэх боломж, төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд заасныг өсгөж болох эсэхийг асуув.
Мөн уг тэргүүлэх чиглэлд багш, ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг тэргүүн ээлжид сайжруулна гэж заасныг хэрхэн хэрэгжүүлэх, үнийн өсөлтийг тогтворжуулах зорилтыг хэрхэн хангаж ажиллах тухай асуултуудад Сангийн сайд Б.Жавхлан 24 хувь гэсэн хязгаар, 200 гаруй хуулиар аль хэдийнэ хуваарилчихсан зардлын дунд төсвийн бодлогын орон зай байхгүй болоод байгааг онцолсон юм.
Тэрбээр хуулиар хориглосон учраас эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй гэдэг бол мушгин гуйвуулсан тайлбар гэдгийг хэллээ. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг Засгийн газар бодитойгоор төлөвлөсөн учир нэмэгдүүлж тооцох үндэслэл байхгүй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөгжлийн тэргүүлэх чиглэлд 24 хувь гэсэн хязгаарлалт бий ч нөгөө талд нь цалин, тэтгэврийг жил болгон нэмнэ гэсэн заалт байгааг сануулж, энэ нь инфляцыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл биш гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Тэрбээр өмнөх Засгийн газар урсгал зардлыг багасгаж, томоохон бүтээн байгуулалтаа хөдөлгөх бодлого танилцуулсны үндсэн дээр 24 хувь гэсэн хязгаар тавьсан гэдгийг дурдаад, нэгэнт том төслүүдийн ихэнх нь зогссон энэ үед төсвийн төлөвлөлтөө эргэн харж, мөн хуулиар хуваарилсан зардлуудаас цуцлахыг нь цуцалж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой ард иргэдийн шаардлагыг харгалзан үзэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гадаадын банканд бага хүүтэй хадгалж байгаа хөрөнгийг дотооддоо валютын нөөц нэмэгдүүлэх, тэтгэврийн болон цалингийн зээлийн эх үүсвэр болгох зэргээр үр өгөөжтэй ашиглах шаардлагатай гэсэн юм.
Ирээдүйн өв сангийн хөрөнгийг найдвартай, хөрвөх чадвартай байлгах үүднээс Английн Төв банк болон Люксембургийн төв банканд 4.3-4.8 хувийн хүүтэй хадгалуулж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулаад, энэ онд уг хадгаламжаас 96 тэрбум төгрөгийн өгөөж авна гэв.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц, Д.Ганмаа, Р.Эрдэнэбүрэн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүд төсвийн урсгал зардалд тогтоосон ДНБ-ий 24 хувь гэх хязгаарыг өөрчилж нэмэгдүүлэх,
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд заасан цалин, тэтгэврийг жил бүр нэмэгдүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг дотор нь зохицуулах асуудал ихээхэн эрсдэл дагуулж болзошгүйг анхаарах, хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг дахин төлөвлөх, ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах,
хөгжлийн төлөвлөгөө, улсын төсвийн шалгуур үзүүлэлтийг уялдуулах, бодитой, хэмжих боломжтойгоор тодорхойлох, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлэх, ач холбогдол багатай тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлыг урсгал зардалд шилжүүлэх боломжийг эрэлхийлэх, мөн хөрөнгө оруулалтыг өгөөж ашиг бүхий төслүүд рүүгээ чиглүүлэх, олон жилээр хувааж санхүүжүүлдгийг болих, үнийн өсөлт, инфляцыг онилсон бодлогыг оновчтой, арга хэмжээг төсвийн төсөлд тодорхой тусгах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү төсвийн хөрөнгө оруулалтын зардалтай харьцуулахад урсгал зардлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс өссөн нь төсвийн үр ашигтай байдлыг бууруулж, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг багасгаж байгааг онцолсон.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон бусад асуудлаар яам, Монголбанкнаас ямар нэгэн хязгаарлалт тавиагүй гэсэн юм. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус салбарт улсын төсвөөс 2026 онд 211,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар 1,2 их наяд төгрөг орохоор байгааг танилцуулав.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг төсвийн урсгал зардалд тооцдоггүй болвол багагүй орон зай гарах боломжтой гэдгийг тэрбээр дурдлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр тус салбарын 2026 оны урсгал зардлыг 3.9 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс цалингийн зардалд 2.8 их наяд төгрөг тавьсныг танилцуулж, багш нарын цалинг 25 хувиар нэмэгдүүлэхэд 560 тэрбум төгрөг, 3.5 сая төгрөг буюу 1000 ам.долларт хүргэж нэмэгдүүлье гэвэл 3.3 их наяд төгрөг нэмж шаардагдана гэв.
Урсгал зардлын ДНБ-ий 24 хувиар хэтрэхгүй байх шаардлагыг 30 хувь болгон нэмэгдүүлэх, мөн төсвийн бичилтэд гарч буй зарим асуудлыг цэгцэлж чадвал эмч, багш нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан үзэх боломж гарч ирнэ гэдгийг тэрбээр хэллээ.
Улсын төсөв, төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтийг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч байгаа гэдгийг Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар дурдаж, төсвийн үр дүнгийн цахим системийг туршилтаар ажиллуулж эхэлсэн болон зарим салбарын төсвийн шалгуур үзүүлэлтийг сайжруулсан талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй, зураг төсөлгүй, санхүүжилт нь хэрэгжүүлэх хугацаатай уялдаагүй нийтдээ 682 тэрбум төгрөгийн 75 төсөл, арга хэмжээг хасах болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийн 176 тэрбум төгрөгийг заавал төсөвт тусгах зарчмын зөрүүтэй санал оруулж байгаагаа илэрхийлэв.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг иргэд, сонгогчдоос ирүүлж байгаа өргөдөл, хүсэлтийн дийлэнх нь цалин, тэтгэврийн хүрэлцээ, үнийн өсөлтийн дарамттай холбоотой байгааг танилцуулж, инфляцыг хязгаарлах талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ямар дүгнэлт өгч буйг болон
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд тусгасан төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх тухай заалтыг ягштал баримталсан шигээ төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулах, бүтээмжийг 30 хувиар сайжруулах тооцооллуудыг төсвийн төсөлд тусгасан эсэхийг асууж хариулт авсан юм.
Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулах зорилтын хүрээнд ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгах, нийлүүлэх нэгтгэх замаар өөрчлөн байгуулах ажил хийж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцуулаад, харин зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх тооцоолол тусгаагүй гэлээ.
Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, П.Пунсалмаа, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ж.Галбадрах, Р.Эрдэнэбүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлаад байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа сануулж, ингэж зарласан хэрнээ төсвийг нь танаж буй нь бодлогын уялдаагүйг харуулж байна гэв.
Мөн Азийн хөгжлийн банкны 150 сая ам.доллароор барих сургууль, цэцэрлэгүүд чинь ажиллах багш байхгүй шүү гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат орлогоо нэмэгдүүлэх боломжийг дайчилдаггүй, эс үйлддэг байдалтай байгааг шүүмжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, санхүүжилтийг жижиг гэлтгүй хуулийн дагуу төсөвт тусгахыг зөвлөсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа хүн амын тоо 6-7 дахин өсөөгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж мөн хэмжээгээр сайжраагүй атал төсөв, зардал нь ийм хэмжээгээр нэмэгдээд байгааг анхааруулж, тус салбарын үйлчилгээний тарифт шинжилгээ хийх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын асуудлаар Засгийн газраас тодорхой санал оруулж ирэхийг зөвлөлөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг инфляцид нөлөөлдөг зүйлсийг төсвийн хуульд бодитой, зөвөөр тусгах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж буй аргачлал, тухайн аргачлалын үр дүнтэй байдалд хийсэн дүгнэлтийн талаар танилцуулахыг хүссэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсролын салбарыг Засгийн газраас мега төслийн хэмжээнд авч үзэх бодлогоор тодорхойлсныг сануулж, 2028 он гэхэд 14000 багш бэлдэх шаардлага гарч буйг дурдсан.
Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудал эрх баригч хүчний асуудлаас шалтгаалан цаашаа явах, эсэх нь эргэлзээтэй болж байгааг анхааруулж, орлого олох үр ашигтай төсөл, хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэв.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод тус тус хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системд иргэн Б.Номингийн энэ оны долдугаар сарын 01-нд гаргаж, хуульд заасан тооны иргэдийн дэмжлэг авсан эмч, багш нарын цалинг нэмэх тухай өргөдлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Эрүүл мэнд, боловсролын салбар бол нийгмийн чухал томоохон хэсэг болохыг иргэн Б.Номин өргөдөлдөө онцолж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулан, уг асуудлыг судалж, шийдвэрлэх шаардлагатай гэснийг 33088 иргэн дэмжсэн байна.
Энэ асуудлыг Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж эхэлсэн боловч Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан холбогдох сайд нарыг байлцуулах шаардлагатай гэсэн горимын санал гаргасны дагуу хойшлуулаад байсан юм.
Иргэний нийтийн өргөдөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Ганмаа, Ж.Галбадрах, Р.Эрдэнэбүрэн нар Боловсролын сайдын байр суурь, хувийн болон улсын эмнэлгийн эмч, ажилчдын цалингийн зөрүү, цалин ба ажлын ачааллын судалгааг хийсэн эсэх, бага цалинтай залуу багш нар ажлаас гарагсдын хэдэн хувийг эзэлж байгаа, ажлын хэсэг байгууллаа гэхэд төсвийн зарлагын эх үүсвэрийг олох, эсэх нь эргэлзээтэй, мөн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хооронд шилжүүлэх боломж байгаа эсэхийг асууж, хариулт авлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр багшийн анхдагч цалингийн хэмжээ, мөн дундаж хэмжээ болон ажлаас гарч байгаа багш нарын насны бүлэглэл зэрэг статистик мэдээллийг нарийвчлан танилцуулаад, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит шаардлага байгааг дурдсан юм. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус салбарын эмч, ажилчдын цалин даатгалын гүйцэтгэлтэй шууд холбоотойг онцолж, Эрүүл мэндийн даатгалын сан бие даасан институц болох ёстой гэв.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлж буй иргэдийн шимтгэлийг төсвийн урсгал зардалд оруулж бичдэгийг болиулах нь томоохон боломжийг нээнэ гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсныхаа дараа үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй гэж байгаа бол төсвийн төслийг буцаах, улсын төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол өөрөө тарах боломж Улсын Их Хуралд бий гэдгийг сануулсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат төсвийн урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 24 хувьд барих гэдэг ойлголтыг мартаад, холбогдох зохицуулалтыг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй гэсэн юм.
Төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэд, олон нийтээс санал авсан, үүнд иргэд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хамгийн ихээр илэрхийлсэн байж таарна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат дурдаад, иргэдийн өгсөн саналыг тусгахгүй бол санал асуух нь утгагүй гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төрийн өмчит компаниудыг цэгцлэхэд л багш, эмч нарын цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж гарна гэдгийг онцолж, Өргөдлийн байнгын хороо төсвийн төслийг нийтэд нь нягталж, өргөн хүрээнд авч үзэн, шийдэл гаргах нь зүйтэй гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач нарын цалин хөлс боловсрол, эрүүл мэндийн салбарынхнаас ялгаагүй гэдгийг танилцуулж, Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа цалин нэмэгдүүлэх тухай шаардлагыг нь хүлээн аваагүйгээс багш, эмч нар ажил хаявал түүнээс шалтгаалан гарах сөрөг үр дагавар, хор хохирлыг хэн хариуцах учиртай вэ гэдгийг магадлаад, цалин бага байгаагаас шалтгаалах бүхий л үр дагаварыг нарийвчлан судалж, асуудлыг иж бүрнээр Засгийн газарт оруулах саналтай байгаагаа хэлсэн юм.
Байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дүгнэлт хэлж, Засгийн газар салбар хоороондын уялдаа, ойлголцлыг хангаж ажиллаж чадахгүй байгааг анхааруулан, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, 15 хувийн хэмнэлт гаргах замаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрээ гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон юм.
Иргэн Б.Номингийн нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын дарга Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Төсвийн болон Өргөдлийн байнгын хороодод хуваарилсан юм.
Гурван Байнгын хороо асуудлыг хэлэлцсэний дараа хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулна гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцуулж, бусад хоёр Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байгаатай холбогдуулан хүрээ хязгаарт өөрчлөлт оруулах эсэхээс шалтгаалан бодлогын шийдвэр гаргахыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал дүгнэлтийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд нь П.Мөнхтулга, Д.Рэгдэл нарыг ажиллахаар тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцов.
Мөн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Монгол Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын систем /www.petition.parliament.mn/-ээр нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоол баталлаа.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Замира, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.233] 2025-10-01 13:04:49
Долларын ханш уналт буюу үнэгүйдэл жил тутамд дунджаар 4 хувь байхад ийм хүүтэй хадгалуулахгүй эх орондоо цааш үнэ өсөх бүтээн байгуулалт хийж хөгжилд нэмэр болох зүйлд сангийн мөнгийг зарцуулаачдээ