Улсын харцага Н.Батзаяа: Дархан аварга намайг бодоход хашир туршлагатай хүн шүү дээ

Д.Тулга / Спорт

batzaya

Тулгар төрийн 2224, Их Монголын Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн бөхийн барилдааныг бөх сонирхогчид өөр, өөрийнхөөрөө дүгнэж, таавар уралдуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд “таавар төөрүүлсэн бөх”-өөр нэрлэгдээд байгаа Улсын харцага Нямаагийн Батзаяатай цөөн хором ярилцлаа. Тавын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяраар давж, начин цолоо баталж, зургаагийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулж, зааны даваанд энэ жилийн наадмын үзүүр Улсын арслан П.Бүрэнтөгсөд унасан юм.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх, Монгол Улсын Харцага Нямаагийн Батзаяа өчигдөр Цагдаагийн хошууч цол хүртсэн билээ. Шинэхэн харцага Цагдаагийн хошууч цолоо гардаад байхад нь ярилцсанаа хүргэж байна.

batzaya-Улсын харцага цол, мөн Цагдаагийн хошууч цол хүртсэнд давхар баяр хүргье?

-Баярлалаа. Миний спортын гараа бол Цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Дотоодын цэрэг гэж байхад дэд ахлагч цолтойгоор ороод одоо Дотоодын цэрэг маань Цагдаа руу шилжсэн. Ингээд Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хошууч цол хүртлээ явж байгаадаа баяртай байна. Энэ газар миний амьдралын хамгийн том тулах газар байсан даа.

-Өнгөрсөн жилийн наадмаар Улсын гарьд Ш.Жаргалсайхан начин цолтой байхдаа үзүүрлэж, бөх сонирхогчдын тааврыг будлиулж байсан. Энэ жилийн наадамд таныг бас таавар төөрүүлсэн бөх гэж нэрлэж байна?

-Энэ жилийн наадам их сайхан боллоо. Жил жилийн наадамд таашгүй барилдаанууд гардаг. Тэрний адилаар л барилдлаа. Бэлтгэл сургуулилтаа сайн хийлээ. Улсын харцага цол хүртсэндээ баяртай байна.

-Сүүж уулынхан их сайхан наадлаа?

-Тэглээ. Ховдынхоо бөхчүүдтэй, Завхан, Дорнод, Хөвсгөлийн бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлдээ гарсан. Нутгийн Ховд дэвжээний тэргүүн Пүрэвдорж ах маань их сайхан дэмжиж Сүүж ууландаа сар гаруй бэлтгэл хийсний ачаар ийм том цолонд хүрлээ.

-Дархан аварга Г.Өсөхбаяртай хийсэн барилдаанууд үзэгчдийг шуугиулсан, бас маргуулсан барилдаанууд байлаа. Та юу гэж бодож байна?

-Дархан аваргатай маргасан зүйл бол миний хувьд байхгүй. Барилдааны явцад хүний сэтгэл хөдлөл гарч байсан болов уу гэхээс тэр том аваргатай маргана гэж юу байхав. Үзэгчид яаж хүлээж авсныг би сайн мэдэхгүй байна.

-Дархан аваргатай барилдах үеийн сэтгэлзүй ямар байв?

-Дархан аварга хүн чинь намайг бодоход дөрөв түрүүлчихсэн, хашир туршлагатай хүн шүү дээ. Ямар ч байсан алдааг нь л хайж барилдсан даа.

batzaya

-Унасан ч, давсан ч та инээж харагдсан. Энэ таны зан уу?

-Энэ бол спортын хамгийн том хууль юм байгаа юм. Өөрийнхөө ялалт, ялагдлыг хүлээдэг байх ёстой. Спортын шар гэж зүйл байх ёстой. Гэхдээ ард түмнээ хүндэтгэхгүй, нэг нэгнээ хүндэтгэхгүй зүйл ажиглагддаг. Би тийм зүйлд маш дургүй. Өөрөө ард түмнээ хүндэтгэж байж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ шүү дээ. Би их инээд муутай хүн л дээ. Хаясан ч, унасан ч өөрийн мэдэлгүй л инээж явдаг юм.

-Хамгийн хүнд даваа, барилдаан юу байв?

-Хамгийн хүнд даваа гэвэл гурав, дөрвийн даваа байсан. Гурвын даваанд Ванданцэрэнг амласан. Барьц сонгосон. Дараа нь Чулуунбат начинтай бас л барьц сонгосон. Тэртээ, тэргүй тавын даваа ямархуу байсныг би битгий хэл Монголын ард түмэн харсан даа.

-Начин цолоо батлаад, харцага цолны болзол хангах тэр мэдрэмж ямар байсан бол?

-Начин цол хүртээд зургаан жил болсон. Цолоо баталчих юмсан л гэж бодож байсан. Түүнээс биш дээшээ барилдаж, тийм даваанд, ийм цол авна гэж бодож байгаагүй. Спортын хүний тайлагдашгүй зарчим байдаг. Ялахын төлөө л барилддаг. Тэрийг л хадгалж барилдаж байсан даа. Их баяртай байсан.

-2009 оны наадмаар Мягмарсүрэн заанаар тав давж начин авсан бил үү?

-Тэгсэн. Нутгийнхандаа баярлалаа. Намайг дэмждэг бүх хүмүүст, мөн нутгийнхандаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье дээ.

-Энэ жил Ховд аймгийн Чандмань сум 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нутгийнхаа ойд том бэлэг барьлаа. Явах бэлтгэлээ хийж байна уу?

-Тэглээ. Хоёр хоногоос нутаг руугаа гарна даа.

-Чандмань сумаас нэлээдгүй улсын цолтой бөхчүүд гарсан байх аа?

-Чадраабалын Бямбадорж заан гэж миний багш байна. Ч.Батзориг заан, Б.Пүрэвсайхан харцага, тэгээд би байна. Мөн Б.Заяамандах начин, Ч.Цогбаяр начин, Б.Батхуяг, И.Мөнхбаатар начин гээд найм, есүүлээ байгаа шүү.

-Амжилт гаргахад ар гэр ихээхэн үүрэг хүлээдэг. Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Энхжаргал гэдэг. Хууль зүйн яаманд ажилладаг. Миний ар гэрийг авч яваа хүн. Спортын гэр бүлийн ар талыг хангадаг хүн байдаг. Гэр бүлийг минь эрх тэгш авч явдаг ханьдаа баярлаж явдаг даа.

-Үндэсний бөхөөр хичнээн жил хичээллэж байна?

-Үндэсний бөхөөр тууштай хичээллээд 10 жил болж байна.

-Энэ жилийн хувьд долоон шинэ начин төрлөө. Ер нь наадам болгоноор шинэ, залуу бөхчүүд дээшээ гарч барилдаж байна. Та залуу бөхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Спортод үнэнч байх ёстой. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, өөр зүйлд сатаарахгүй, спортод зорьсон бол зүтгэх ёстой. Чи өөрөө л зүтгэж байж уулын оройд гарна уу гэхээс биш зүгээр хэвтэж байгаад уулын оройд гарна гэж байхгүй. Тэр уулын оройд гарахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Хамгийн гол нь спортдоо үнэнч л байх ёстой.

-Наадмын аз, од гэж байна уу?

-Байлгүй яахав. Тухайн өдрийн наадмын аз, од гэж байнаа. Болоогүй наадам бол болоогүй л байдаг. Бэлтгэл сургуулилт дутуу байна уу гэдэг нь мэдэгддэг юм даа.

-Цолоо ахиулах зорилго тавьж байна уу?

-Ямар ч байсан би энэ цолыг батлана, энэ цолыг ахиулна гэсэн бодолтой байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Ж.ГАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.