Д.Алтангэрэл: Үндсэн хуулийн цэц мэдэн будилж байна

Д.Тулга / Хууль

Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлыг шударга шийдвэрлэж өгөхгүй байгаа тухай эрхзүйч Д.Алтангэрэл өнөөдөр “Өдрийн сонин”-ы байранд хэвлэлийн хурал хийлээ. Түүний хэлж буйгаар манай уурхайчдын гаргасан гомдолтой яг ижил агуулга бүхий гомдлыг МУ-ын ҮХЦ 2005 оны 12 сарын14-ний өдөр их суудлийн хуралдаанаар хэлэлцээд МУ-ын ЗГ-ын 2005 оны 2сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол нь “Үндсэн хууль зөрчсөн” болохыг тогтоож, уг хуралдаанаас №02 тоот дүгнэлтийг гаргасан бөгөөд тэд үүнийг мэдэж боловч мэдэхгүй мэт, мэдэн будилж байна гэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа талбайрлахгүй юу?

-Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 сарын 09-ны өдөр болсон бага суудлын хуралдаанаас гарсан №09 тоот магадлалтай холбоотой юм. Бидний маргаан бүхий асуудал нь Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 153 тоот тогтоолын 2 дахь хэсгийн “в”-д “2011 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 төгрөгөөр тооцох” гэжээ. Би бол уурхайчдын төлөөлөл юм. Манай зарим өндөр мэргэжлийн уурхайчдын тэтгэвэр, тэтгэмж өндөр тогтоогддог. Надад хуулийн дагуу төлөөллийн эрх олгосон дөрвөн хүн бий. Энэ дөрвөн хүний хамгийн доод талынх нь сар тутамд 92.594 төгрөгөөр тэтгэврээ дутуу тооцуулж авч байна. Одоо авч байгаа тэтгэвэр 595.277 төгрөг байгаа ба хэрэв хязгаарлалт хийгээгүй байсан бол 687.871 төгрөг сар тутамд авах байлаа. Нэгэнт НД-ын шимтгэлээ сар тутамд төлчихсөн хүн шимтгэл төлсөн хэмжээгээрээ тэтгэвэрээ авах ёстой байтал дээрх ЗГ-ын тогтоолоор боломжгүй болсон. Дээрх уурхайчид тэтгэврээ яагаад ингэж дутуу авч байна вэ? гэхээр өнөөдрийн амжиргааны үнийн өртөгтэй уялдуулан дүйцүүлж, индексжүүлсэн цалин хөлснөөс ЗГ-ын №153 тоот тогтоолын дагуу 1.080.000 төгрөгөөс дээш гарсан илүү мөнгийг нь хасдагтай холбоотой. Жишээ нь: нэг уурхайчны сарын цалин хөлс 2 100 000 төгрөг байхад үүнээс 1 080 000 төгрөгийг хасаж, үлдсэн мөнгийг нь тэтгэвэр бодох цалинд тооцож оруулахгүй бүтэн нэг сая гаруй төгрөгийн цалинг нь хасч тэтгэвэрийг нь тогтоож байна гэдэг хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг биш үү! Одоо энэ уурхайчид хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Ажлаа хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон, эдгээр уурхайчдын тэтгэврийг НД-д шимтгэл төлсөн хэмжээгээр, тооцох ёстой байхад тэтгэврийг нь дутуу тогтоож өгч байгаа нь манай иргэдийг давхар хохироож байна.

-Уурхайчид аль уурхайд ажиллаж байсан юм бэ?

-Бэрхийн уурхайд ажиллаж байсан.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаасаа урьтаад холбогдох байгууллагуудад хандсан уу?

-Энэ асуудлаар бид Нийгмийн даатгалын газарт хандахад “Үндсэн хуулийн цэцээс 2014 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 02 дугаар дүгнэлт гарсан” гэж хэлсэн. Энэ дүгнэлт яагаад гарсан бэ? гэхээр ҮХЦ-д мэдээлэгч иргэн н.Нямдаваа “Миний ирээдүйд НД-ын “шимтгэл төлөх” боломжит нөхцлийг ЗГ-ын №153 тоот тогтоол хязгаарлаж байна. Учир нь: Би 1.080.000 төгрөг биш түүнээс дээш өөрийн боломжит хэмжээгээр хөдөлмөрийнхөө орлогыг тооцуулж нийгмийн даатгалд шимтгэлээ төлмөөр байна.” гэсэн байх юм. Энэ нь тэрний боломжит нөхцлийг хаасан гэсэн үндэслэл шүү дээ. Энэ хүний хувьд Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт нь зөв байгаа юм. Учир нь тухайн нөхцөлд хариуцагчаар Засгийн газрын гишүүн Эрдэнэ оролцсон бөгөөд тэрээр дээрх хуралдаанд тайлбар гаргахдаа “Хүн бүр өөрсдийн ашгийн хэмжээгээр, өндрөөр, хязгаарлахгүйгээр НД-ын шимтгэл төлөөд байвал ирээдүйн Нийгмийн даатгалын сан хүрэлцэхгүй, уналтад орно, НДС ачааллаа дийлэхгүй.” гэсэн байна. Энэ бол зүй ёсны асуудал. Иргэн н.Нямдаваагийн хувьд МУ-ын ҮХЦ-д хандсан гомдол бол ирээдүйд НД-д “шимтгэл төлөх” тухай асуудал. Харин бидний асуудал бол нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлээ төлчихсөн, аль хэдийн тэтгэвэрээ тогтоолгочихсон иргэдийн тэтгэвэр бодох цалинг хуулийн дагуу амьжиргааны үнийн өртөгтэй уялдуулан дүйцүүлж өсгөсөн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг хязгаарласан тухай 2 өөр асуудал. Эндээс төлсөн, төлөх гэдэг хоёр үйл үг ирээдүй, өнгөрсөн цагийг зааж байгааг наад зах нь харж болно.

-Үндсэн хуулийн цэцээс ямар хариу өгсөн бэ?

-Бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэдийн тэтгэврээ авах үндсэн эрхийг зөрчөөд байна гэдэг гомдол гаргасан. Би гаргасан гомдолдоо энэ хоёр асуудал өөр, ялгаатай гэдгийг тодорхой тайлбарласан учир Цэцийн гишүүдийг ойлгосон гэж бодож байгаа. Гэтэл эхний удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг 153 дугаар тогтоолоор хариу ирүүлсэн. Уг тогтоолд бидний гаргасан гомдлоос татгалзах болсон үндэслэлийнхээ нэгдүгээрт “Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “в”-д “2011 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх тэтгэвэр тогтоолгох /энд тогтоочихсон тухай яриагүй, тогтоолгох гэж бичсэн байна/ сарын хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 төгрөгөөр тооцох” хэмээх заалт нь “Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байх тул ижил агуулга бүхий мэдээллээр маргаан үүсгэн дахин хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ. Гэтэл миний дээр дурьдсан 2 өөр асуудлуудыг “...ижил агуулга бүхий мэдээллээр” гэж татгалзсан нь ойлгомжгүй байна. МУ-ын ҮХЦ-ийн гишүүний гаргасан дээрх №153 тоот тогтоолын үндэслэлийн 2- д “ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д “урьд шийдвэрлэсэн марганыг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан” гэсэн үндэслэлээр маргааныг дахин хянан шийдвэрлэж болох боловч одоогоор дээрх асуудлаар цэцийн гишүүд санал гаргаагүй байна.”гэж дурьджээ. Энэ хуулийн 21дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг иргэнээс хүлээж авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж, маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилагаар шийдвэрлэнэ.” гэж байгаа. Гэтэл гишүүн манай өргөдлийг ижил агуулгатай байна гээд татгалзлын нэг үндэслэл гаргасан.. Хоёр дахь үндэслэлийг нь би хүлээн зөвшөөрч байгаа.

-ЗОРИУД МАНАЙ ИРГЭДИЙН ГОМДЛЫГ ХЯНАЖ ШИЙДВЭРЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
ГЭДЭГ ОЙЛГОЛТ БИДЭНД ТӨРӨӨД БАЙНА-

-Үндсэн хуулийн цэцэд дахин хандах боломжтой шүү дээ?

- Би ҮХЦ-ийн гишүүний дээрх 153 тоот тогтоолд гомдол гаргаж, хоёр өөр ойлголтыг ижил агуулгатай гэх нь буруу гэдгийг тайлбарлаж Цэцийн дарга асан Ж.Амарсанаад гомдол гаргасан. Ж.Амарсанаа гуай Цогт гишүүнд хувиарлан, П.Очирбат гишүүн даргалаад, Д.Ганзориг гишүүн гурвуул бага суудлын хуралдаанаар бидний гомдлыг авч хэлэлцжээ. Энэхүү хуралдаанаас “ҮХЦ-ийн гишүүний 153 дугаар тогтоолыг үндэслэлтэй байна, ҮХЦ-ийн маргаан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэхь заалтын дагуу гомдол гаргасан иргэдийн маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.” хэмээн 09 тоот магадлалыг гаргажээ. Би энэ магадлалд нь гомдлоо гаргаад байна.

-Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийг та хууль зөрчиж байна гэж үзэж байна уу?

-Би яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг ярьж байна вэ гэхээр хэн ч бай асуудалд зөв хандах хэрэгтэй, иргэний зориг гаргаад асуудлыг шударгаар шийдвэрлэх ёстой. ҮХЦ-ийн гишүүд үндсэн хуулиа хамгаалахаас гадна Үндсэн хуулийг чанд мөрдөх нь тэдний үүрэг, гол ажил. Бидний тавьж буй асуудал нөгөө асуудлаасаа өөр юм гэдгийг МУ-ын ҮХЦ-ийн гишүүд ойлгосон мөртлөө мэдэн будилж, асуудлыг буцаагаад, хэрэгсэхгүй болгоод байна. Энэ нь иргэдэд их чирэгдэл учруулж байна. ҮХЦ-ийн гишүүн ч бай, шүүгчид ч бай Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг эрх бүхий субъект. МУ-ын Үндсэн хууль бол монгол иргэдийн гэрээ. Гэтэл энэ гэрээг хамгаалж байгаа цэцийн есөн гишүүдийн олонх нь бидний гаргасан өргөдлийг мэдээгүй гэж байж болно. ИУ-ын ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэг гэж бий. Энэ дэгийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар “... Цэцийн гишүүний өмнөх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, гомдол, саналын дагуу маргаан хянан шийдвэрлэх эрхтэй” болохыг заасан байгаа. Энэ нөхцлийг тэд хангаагүй, ажлаа хийгээгүй. Зориуд манай иргэдийн гомдлыг хянаж шийдвэрлэхийг хүсэхгүй байна гэдэг ойлголт бидэнд төрөөд байна. Үндсэн хууль зөрчсөн талаар 2005 оны их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг мэдэж байгаа ч тэд мэдэхгүй мэт мэдэн будлиад байгаа. Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газрын мөнгө төгрөг, хөрөнгө огт падгүй. Тэд ганцхан Үндсэн хуулийг сахих ёстой болохоос Засгийн газарт нөөц хөрөнгө байна уу үгүй юу, хүрэлцээтэй юу үгүй юу гэдэг асуудал бол тэднийх биш. Монгол улсын Үндсэн хуульд юу гэж заасан, тэр Үндсэн хуулиа тэд хамгаалж, иргэдийн асуудал үнэхээр Үндсэн хууль зөрчиж үү , үгүй юу гэдэг нь гол. Үндсэн хуулийн гишүүд Засгийн газрын халаасанд орсон гэх мэтээр янз бүрээр ярьдаг, би үүнд итгэдэггүй. Гэхдээ ямар учраас ийм шийдвэр гаргаад буйг ойлгохгүй байгаа. Дээрх ҮХЦ-ийн гишүүний 153 тоот тогтоолын татгалзах үндэслэлийн 2-д “урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан” гэх үндэслэлээр юм байна гэж ойлгоод МУ-ын ҮХЦ-ийн эрхэм 9 гишүүдэд хандан бидний тавьж буй асуудалд анхаарлаа хандуулан, бидний гаргасан гомдлыг их суудлын хуралдаанаараа яаралтай авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж, хэвлэл мэдээллийн та бүхнээр гүүр болгон уламжлуулж байна. Хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэнд бидний асуудлыг анхааран, хүлээн авсанд их баярлалаа. МУ-ын ҮХЦ-ийн гишүүд та бүхнийг бидний асуудалд анхаарал тавьж, шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000