“Интермед”-ийн сүлжээ халдлагад өртсөн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ хүний эрхийг хүндэтгэн сахихыг уриалав
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Интермед" эмнэлгийн цахим сан халдлагад өртсөнтэй холбогдуулан олон нийтэд уриалга гаргав.
Түүнд “Хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүн бүр өөрийн хувийн мэдээллийг нууцлах, хамгаалуулах цаашлаад ямар мэдээллийг хэн, хэрхэн цуглуулж, ашиглаж байгааг мэдэх, устгуулах эрхтэй.
Хувийн мэдээллийг хамгаалах нь мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагч төдийгүй олон нийтийн үүрэг, хариуцлага юм. Иймд “Интермед” эмнэлгийн цахим сүлжээ кибер халдлагад өртсөн талаар үзэл бодлоо илэрхийлэх, нийтлэхдээ хүний эрхийг хүндэтгэн сахихыг хэвлэл нийтлэгч, сэтгүүлч, олон нийтэд уриалж байна.
“Интермед” эмнэлгийн цахим сан, сүлжээ кибер халдлагад өртөж, хүний эмзэг мэдээлэл алдагдсан талаар ХЭҮК, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтарсан хяналт шалгалт явуулж, эрсдэлийг бууруулах авах арга хэмжээг холбогдох талуудаас тодорхойлж байна.
Хувийн мэдээлэл нь алдагдсан байж болзошгүй иргэд, “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчид та бүхэн эрүүл мэндийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан нууц үгээ шинэчлэх, хялбар тайлагдах нууц үг ашиглахгүй байх, сэжигтэй этгээдээс ирүүлсэн цахим шуудан шалгахгүй байх, сэжигтэй цахим холбоосыг нээхгүй байх,
банкны цахим гүйлгээгээ хянаж, зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн тохиолдолд холбогдох банканд яаралтай мэдэгдэх, сэжигтэй анхааруулга, мэдэгдэл, захидал ирсэн тохиолдолд ХЭҮК-ын Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтэст яаралтай мэдээлж, өөрийгөө эрсдэлээс хамгаалах, хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2024-11-18 14:14:58
Эрсдэлийн хохиролын нөхөн төлбөр олго. Мэдээлэлээ хамгаалж чадаагүй эмнэлгийн буруу