“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2, тогтвортой” хэмээн үнэллээ
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр (2024.11.18) Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+, тогтвортой”, “S&P” агентлаг “В+, эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байв.
Харин “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ. Үүнд:
-Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан.
-Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан.
-Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий гурван агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадав.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж буй юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл