СУРВАЛЖИЛГА: Хүүхэд бүр инээж, ивээгдэж байг

Aдмин / Боловсрол

Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь хүүхэд бөгөөд бусад улс оронтой харьцуулахад хүүхэд, залуусын орон билээ. Хүн амын “Цонх үе”-ийг ашиглан, нийгэм рүү чиглэсэн бодлогыг системтэй явуулах үүрэг хүлээсэн Монгол Улсын Засгийн газрыг Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 30 жил дэмжин ажилласаар өнөөдөртэй золгож буй юм. Гурван арваны энэхүү түүхэн баяраа тус хамт олон 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Blue Sky” зочид буудлын “Diamond” танхимд ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Энэхүү ёслолын арга хэмжээг нээж Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үг хэллээ. Тус ёслолд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блит, Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Шинжлэх ухаан, боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, мэндчилгээ, дэвшүүлээд, Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

May be an image of 1 person and text

Мөн энэхүү ёслолд гадаад, дотоодын санхүүжүүлэгч, байгууллага, төр захиргааны байгууллагуудын удирлага, тэдгээрийн төлөөллүүд, хамтрагч талууд, үе үеийн ажилтнууд уригдан оролцов.

Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг ивээх Сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал руу чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө зүтгэсээр ирсэн билээ.

ТҮҮХ СӨХӨХҮЙ: ШИЛЖИЛТИЙН ДАВЛАГААНД НЭРВЭГДСЭН МОНГОЛ ХҮҮХДҮҮД

Аливаа улсын хөгжил цэцэглэлтийн үндэс нь олон төрлийн хүчирхийллээс ямагт хамгаалагдсан, бие, сэтгэцийн хувьд эрүүл, боловсролтой иргэд байдаг. Нийгэм хэр энэрэнгүй, хүнлэг байгааг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдээ төр хэрхэн халамжилж байгаагаас харж болдог. Мөн төр хүүхдийн дээд эрх ашгийг цаг ямагт эрхэмлэж, хүний эрхийн суурь зарчмыг баримтлан, бодитой ажиллаж байгаа эсэхээр таньж, тодорхойлж болдог билээ.

Монгол Улс 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн. Монгол Улсын Засгийн газар энэхүү шилжилттэй зэрэгцээд 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орж, хүүхдийн эрхийг цогцоор нь хангаж ажиллахаа илэрхийлсэн юм.

Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж, хүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах хөгжлийн замыг сонгож байгаагаа зарласан нь хүүхдийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн билээ. Шилжилтийн эхний жилүүдэд хүн амын амьдрал доройтож, ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ цөөрч, чанар нь муудсан байв.

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Статистикийн үндэсний газраас хийсэн 1995 оны “Амьжиргааны түвшин тогтоох судалгаа”-гаар ажилгүйдэл, ядуурал нийгмийн нэг хурц, тулгамдсан асуудал болж, 1995 он гэхэд хүн амын 36.3 хувь нь ядуурсан байв. Томоохон хотууд болон алслагдсан хөдөө орон нутагт сургууль завсардах, сургуулиас гарах явдал түгээмэл болжээ.

Айл өрх орлогогүй болж, архидалт, гэр бүл салалт ихсэж, өнчингэр бүлээсээ дайжин гудамжинд гарсан хүүхдийн тоо огцом нэмэгдсэн байна. “Хараа хяналтгүй” хүүхдүүдийн тоо 1990-ээд оны дунд үед 1500-4000 орчим болжээ. Энэ үед Хүүхдийг Ивээх Сан Монголын хүүхдүүдэд туслах, хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал руу чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон байна.

ҮҮДЭЭ НЭЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛЭВ

Монгол Улсын эдийн засаг, хүн амын амьдралын чанар нийгмийн шилжилтийн үед дордож, хүний эрхийн нөхцөл байдал хүнд болсон үед буюу 1994 оны хоёрдугаар сард Монгол Улсад Хүүхдийг Ивээх Сан байгуулагдаж, Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага дор ажиллаж эхэлжээ. Энэ үед захирал, орчуулагч, туслах ажилтан, жолооч гэсэн дөрвөн орон тоотой байсан байна.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь анхны захирлаар Жон Буклер 1994-1999 онд ажиллаж, хүүхдийн байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллах эрхлэлийг тавьжээ. Мөн үндэсний болон томоохон хөгжлийн хөтөлбөрүүдэд хүүхдийн асуудлуудыг тусгуулж, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, малчдын хүүхдүүдийн боловсролд чиглэсэн төслүүдэд санхүүжилт татан хэрэгжүүлсэн байна.

Тус сан 1996 онд Улаанбаатар хотод халамжийн 10, хөдөө орон нутагт 4 төв байгуулжээ. Эдгээр төвүүд нь хараа хяналтгүй болон хөдөлмсөр эрхлэгч хүүхдүүдийн наад захын хэрэгцээг хангаж, хамгаалал, боловсрол, хөгжлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

Хүүхдийг Ивээх Сангийн санаачилсан явуулын гэр цэцэрлэгийн загвар нь боловсролын тогтолцооны салшгүй хэсэг, үндэсний хөтөлбөр болж, хөдөөгийн малчдын хүүхдийн гуравны нэгээс илүүд сургуулийн өмнөх боловсрол олгох “хувилбарт сургалт”-ын үйлчилгээ бий болгожээ.

Мөн 2000 оноос олон нийтэд түшиглэсэн “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-үүдийг байгуулж, амьдрах таатай орчин, эцэг эхийн хайр халамж, хамгаалал дутсан хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг өргөжүүлсэн байна. Улмаар ганцаарчилсан зөвлөгөө өгөх, кейс менежмент, гэр бүлд нь эргэн нэгтгэх, зөвлөн туслах, гэр бүлд нь түшиглэсэн үр дүнтэй хувилбарт үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлжээ. Монгол Улсын Засгийн газарт 2009 онд “Хүүхэд хамгаалал хөгжлийн төв” тавыг хүлээлгэн өгсөн байна.

Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад Хүүхэд төвтэй, хүүхэд удирдсан хөгжлийн үйл ажиллагаа, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг дэмжсэн, хамтарсан багаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх анхны загвар бий болгосноос эхлээд олон арван үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснийг нэг бүрчлэн бичвэл дуусашгүй юм.

Ямартаа ч Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаа газар зүйн байршлын хувьд Монгол орны баруун Алтайгаас Дорнын уудам тал, Монгол Шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэл эх орны дөрвөн зүг, найман зовхист өргөжин тэлжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дорнод, Архангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ зэрэг есөн аймагт салбар нэгжээ байгуулж, нийслэл Улаанбаатар хот болон түүний есөн дүүрүэг, 21 аймаг, 330 суманд төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хүрч, Монголын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үндэсний хэмжээний өөрчлөлт хийж, олон амжилт дэвшлийг бүтээсэн байна.

“МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН 30 ЖИЛ” ШУУДАНГИЙН МАРКНЫ НЭЭЛТ БОЛЛОО

May be an image of 4 people and textЭнэхүү арга хэмжээний үеэр Хүүхдийг ивээх сангийн 30 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийг нээх ёслол болов. Энэ үеэр “Монгол шуудан” компанитай хамтран гаргасан уг маркад гарын үсэг зурж, тамгалан, дээжээс нь зочдодоо бэлэглэсэн юм.

“Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сан 30 жил” сэдэвт нэг нэрийн марк нь 45х33 мм хэмжээтэй, 19200 ширхэг хэвлэгджээ. Маркийн зураач Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.

Энэхүү нэг нэрийн маркт хүүхэд багачууд байгаль орчиндоо мод тарьж, амьтантай эрхлэн наадаж буйг, улмаар улс орны ирээдүй болсон хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгохын чухлыг боловсрол эзэмшиж буй тусгай хэрэгцээт хүүхдээр дүрслэн харуулж, монгол ахуй, байгаль, Хүүхдийг Ивээх Сангийн логог дүрслэн оруулжээ.

Мөн зочдод 30 жилийн түүхэн ололт амжилтаа харуулсан “Хүүхэд бүр эрхэм” баримтат киног үзүүлсэн юм.

Хүүхдийг Ивээх Сан 30 жилдээ зориулан онцлох 30 үйл явдлын танилцуулга самбар гаргаж, ёслолын танхимд байрлуулсны зэрэгцээ энгэрийн тэмдэг, монгол, англи хэлээр "Монголын хүүхдүүдийн төлөө 30 жил-30 дэвшил” ном болон альбом хэвлүүлж, дээжээс нь зочдодоо гардуулав.

May be an image of 10 people, dais and text

Ойн ёслолоор Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажилладаг ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүд гоцлол болон найрал дуугаар ая барьж, морин хуурын аялгуу эгшиглэж, үндэсний бүжгийн тоглолтуудаа үзүүлэв. Үүний зэрэгцээ тус сангийн удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнууддаа өргөмжлөл гардуулсан юм.

May be an image of 6 people, people dancing and text

Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойн арга хэмжээний үеэр тус байгууллагын хамт олны төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛСЭД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД
ЯМАГТ БЭЛЭН БАЙНА”

May be an image of 1 person and textМонгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.БАЯН-АЛТАЙ:

-Олон улсын Хүүхдийг Ивээх Сан байгуулагдсаны 105 жилийн ой, Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсний 30 жилийн ойн мэндийг хүүхдийн эрхийн төлөө хамтран ажилладаг та бүхэндээ дэвшүүлье. Энэхүү байгууллагыг үүсгэн байгуулагч хатагтай Эглантин Жебб хүүхдийн эрхийн асуудлыг анх удаа олон улсад дэвшүүлж, улмаар Хүүхдийн эрхийн тунхагийг боловсруулсан түүхтэй.

Хүүхдийн эрхийн тунхаг 1924 онд Үндэстнүүдийн холбоогоор батлагдаж, 1989 онд НҮБ-ын хүүхдийн Эрхийн тухай конвенц болж, өдгөө хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн гэрээ болсон.

Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад 1994 оны хоёрдугаар сард нийгэм, эдийн засгийн шилжилтийн амаргүй бэрх цаг үед үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэн тэргүүнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн эрхэд суурилсан хандлагыг олон нийтэд таниулахаас ажлаа эхэлж байсныг эргэн дурсахад таатай байна.

Бид өнгөрсөн 30 жилийн турш урт хугацаанд, тогтвортой өөрчлөлт бий болгох зарчим баримтлан ажилласан. Тулгамдаж буй асуудлуудад бодитой, системтэй шийдэл олох арга зүйг эрхэмлэсэн. Хэдийгээр энэ хугацаанд олон сорилт, саад бэрхшээлтэй тулгарсан ч бүхнийг амжилттай даван туулж, боломжуудыг эрэлхийлэн, үр дүнтэй ажилласнаар тодорхой ахиц дэвшил гаргаж, арвин баялаг туршлага хуримтлуулсан байна.

Бид боловсролын чиглэлээр, ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд хамруулах, хүүхэд хамгаалал чиглэлээр нэлээн үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор олон шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Мэдээж бид хийж ирсэн, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Цаашид хүүхдийн сайн сайхны төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд ямагт бэлэн байна гэдгээ хэлэх байна.

“30 ЖИЛИЙН ХУГАЦААНД НИЙТ 80 ОРЧИМ ДОНОР 40 ОРЧИМ САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН”

Хүүхдийг Ивээх Сангийн санхүүгийн менежер Б.БУЛГАН:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид үйл ажиллагаа явуулахдаа нийтдээ 80 орчим донороос 40-өөд сая ам.долларын санхүүжилтийг хүүхдийн эрх, хүүхдийн хамгаалал, хүүхдийн ядуурлыг бууруулах зэрэг төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулсан.

Би энэ сайхан буянтай байгууллагад ажиллаж байгаагаараа маш их бахархдаг. Яагаад вэ гэвэл, бид гаднын донор орнуудаас санхүүжилт авчирч, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө зориулдаг.

Монголдоо маш их хөрөнгө оруулалт хийж байна. Зөвхөн мөнгөн хэлбэрээр илэрхийлэхэд 40 сая ам.доллар. Гэхдээ мөнгө гэдэг зүйл дуусдаг. Манай байгууллага тэр дуусдаг мөнгөөр дуусдаггүй баялгийг бий болгодог гэж би боддог.

Монголын хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг тэдэнд ирээдүйд боловсролоо ашиглаад, илүү их баялаг бүтээнэ, илүү их аз жаргалтай сайн сайхан амьдрахад нь тус нэмэр болохуйц, эрүүл мэндийг нь дэмжих зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Бид Монголынхоо баялгийг гадагш гаргах биш, харин ч хөрөнгө оруулалтыг авчирч, Монголынхоо хүүхдүүдийн төлөө, Монголын ирээдүйн их үйлсэд хүчин зүтгээд явж байгаагаараа маш их баярлаж, бахархаж явна. Гучин жилийн өмнө анх энэ байгууллага хэрэгцээ шаардлагын улмас байгуулагдсан.

Тухайн үед бидний нэрлэдгээр “гудамжны хүүхэд” буюу хараа хяналтгүй хүүхдүүдийн төлөө маш их төсөл хэрэгжүүлж байсан. Тэр хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлэх, усанд оруулах, хооллох, ундлахаас эхлээд маш олон төсөл хэрэгжүүлсэн.

Одоо боловсролыг нь дээшлүүлэх, багш нар, эцэг эхчүүдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хүүхдүүд өөрсдөө дуу хоолойгоо бодлого боловсруулах түвшинд хүргэх чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь ямар түвшнээс ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг тодорхойлж байгаа байх аа.

“ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮД” ГЭЖ ОНЦОЛДОГ БАЙСАН ХҮҮХДҮҮД ОДОО ЭЦЭГ, ЭХЧҮҮД БОЛЖ, БИДЭНТЭЙ ЭРГЭЭД УУЛЗСААР БАЙНА”

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.ЦОЛМОН:

-Өнгөрсөн 30 жилд бид аль цэгээс эхэлсэн бэ гэдгээ авч үзэх нь чухал. 1994 онд нийгмийн шилжилтийн үед Монгол Улсад орж ирсэн Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвсэл байгууллага орж ирсэн. Энэ байгууллага нийгмийн шилжилт, дайн дажин, байгалийн гамшиг зэрэг хүнд нөхцөл үүссэн үед хүүхдийг орхигдуулахгүй гэдэг санаагаар анх үүссэн.

Европ даяар эцэг, эх нь дайны улмаас нас барсан, гэр оронгүй, хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүд байсан учраас хамгийн анх Англид, дараа нь Швед улсад гээд үүсч, дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж, Хүүхдийг Ивээх Сан үүссэн түүхтэй. Дэлхийн II дайны дараа маш олон улс оронд үйл ажиллагаагаа явуулсан. 1973 онд байгалийн гамшиг болоход Африк тивийн маш олон улсад үйл ажиллагаагаа нээсэн байдаг.

Яг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс чөлөөт зах зээлийн систем рүү шилжих үед Монгол Улсын нийгмийн нөхцөл байдал ямар байсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ хугацаанд маш олон эцэг, эх ажлын байргүй болж, ажилгүйдэл, ядуурал их, хүүхдүүд гадуур их тэнэдэг, гэр бүлээсээ дайжсан байдалтай байсан. Хүүхэд гэрт нь аюулгүй, хамгаалагдсан орчин бүрдэхгүй байгаа учраас хүүхдүүд дүрвэсэн байдаг.

Хоол хүнсгүй, хувцасгүй, өвчинд нэрвэгдсэн, сургууль завсардсан, нийгмийн үйлчилгээнүүдээс хөндийрсөн байсан. Тухайн үед тэдгээр хүүхдүүдийг “хараа хяналтгүй хүүхдүүд” гэж бичиж тэмдэглэж байсан. Хүмүүс тэдгээр хүүхдүүдийг хаачсан бэ гэж ИХ асуудаг. Улаанбаатарт ч, хөдөө орон нутагт ч тухайн үед манай үйлчилгээг авдаг байсан хүүхдүүд одоо том болж, эцэг эхчүүд болоод, бидэнтэй уулзалдсаар байна. Энэ нь тэр хүүхдүүд байгаа шүү, амьдралын хатуу хөтүүг даван туулаад явах чадварыг бид тухайн үед өгч байсных болов уу.

Хүүхдийг Ивээх Сан Монголын хүүхдүүдийн төлөө маш их зүйл хийж, маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо бид юу харсан бэ гэхээр, хүүхэд хамгаалал гэдэг онцгой салбар. Энэ салбарт хүүхдийг дангаараа аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадахгүй юм байна, эрт илрүүлгийг дангаараа хийж чадахгүй юм байна. Энэ бүх зүйлийг хийхдээ хүүхдийн амьдралын хамгийн их цаг хугацаа үргэлжилдэг сургуулийг түшиглэе.

Боловсролын байгууллагын хувьд боловсролын хуулийнхаа шинэчлэлээр хүүхэд хамгааллын чиг үүргүүд нэлээн өндөрсөж ирсэн. Тийм учраас Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд салбарын, чиглэлийн яамдын, УИХ-аас гаргаж буй хууль эрх зүйн тогтолцоо нэг үеэ бодвол бүрдсэн байна.

Одоо хуулиа хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг, практик туршлага бий болгох шаардлага үүсээд байна. Тийм учраас Хүүхдийг Ивээх Сан 2023 оноос эхлээд гурван жилийн хугацаатай 14 сургууль, 14 хамтарсан багийг Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймгаас сонгож аваад, сургууль, эцэг эхчүүд, хүүхдүүд хамтдаа хүүхэд хамгааллыг яаж сайжруулах вэ гэдэг жишгийг бий болгохоор ажиллаж байна.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЕРДИЙН СУРГУУЛЬД ХАМТДАА ХӨГЖИЖ, СУРЧ БОЛОВСРОХ БОЛОМЖТОЙ”

Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сургалтын менежер Ш.АМАРЗАЯА:

-Манай сургуульд 2018 оноос хойш хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжсэн. Нийт 2175 сурагчтайгаас 54 сурагч хөгжлийн бэрхшээлтэй. Багшийн дэмжлэг шаардлагатай нийт 26 хүүхэд ороод, 50 гаруй хүүхэд энэхүү төслийн үр шимийг хүртээд, хичээл сургалтын үйл ажиллагаанд маань оролцоод явж байна.

Энэхүү төсөл зургаан жилийн хугацаанд хэрэгжих явцад ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд ердийн сургуульд хэрхэн сурч, боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх талаар бид хамтын оролцоотой хамтын дэмжлэгтэйгээр, мөн эцэг эхчүүд маань энэ дээр биднийг дэмжиж оролцсон үр шимийг хүртээд явж байна.

Манай сургуульд аутизмын хүнд хэлбэрийн өвчтэй, эсвэл сонсголын болон оюун ухааны 70 хувийн алдагдалтай гээд нэлээн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Бид хичээлийн бус цагаар тэдгээр хүүхдүүдэд хүрч ажиллах боломжийг бүрдүүлэх, мөн энгийн хүүхдүүдтэй, хамт олондоо хөгжих боломжийг нь олгохыг зорьж ажиллаж байна.

Оюун ухааны алдагдалтай, мөн аутизмтиай хүүхдүүд бүлгэмд ажиллах, хичээлийн бус, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, хамтдаа хөгжих, өөрөөр хэлбэл тэр хүүхдүүд хамтдаа сурч боловсрох, хөгжихөд ялгаатай биш, жирийн хүүхэд шиг хөгжих суралцах боломж байна гэдэг итгэл найдвар бий болгосон нь хамгийн том давуу тал гэж бодож байна. Ерөөсөө ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамтдаа хөгжих, сурч боловсрох боломжтой гэсэн дэлхийн чиг хандлагыг хэрэгжүүлэх боломж байна.

“Бусдыг хайрласан хүн бусдын хайрыг хүртдэг” гэдэгчлэн Хүүхдийг Ивээх Сан маань дэлхийн бүх хүүхдийг хайрласан учраас, элгэндээ тэвэрсэн учраас өнөөдөр миний, бидний хүүхдүүд хөгжих боломжтой гэсэн бүх гарцыг бидэнд харуулсан гэж бодож байна. Төслийн хамт олондоо болон Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, бүх ажилтнууддаа баярласан талархсанаа илэрхийлье.

УЛААНБААТАР ХОТ БОЛОН ДОЛООН АЙМАГТ САЛБАРТАЙГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

May be an image of 2 people

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 30 жилийн хугацаанд 20 гаруй орны 80 гаруй санхүүжүүлэгч байгууллагын дэмжлэгтэйгээр 40 орчим сая ам.долларын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ.

Тус сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрх эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.

Мөн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж гэсэн үндсэн чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон долоон аймагт салбартай үйл ажиллагаагаа явуулж буй юм.

Дашрамд дурдахад, Хүүхдийг Ивээх Сан өдгөө дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 1994-2009 онд Их Британийн Хүүхдийг Ивээх Сан, 2009 оноос хойш Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагад ажиллаж байгаа ажээ.

May be an image of 6 people and text

May be an image of 1 person, dais and text

May be an image of 1 person and textMay be an image of 9 people and textMay be an image of 5 people, people studying, crowd and text

May be an image of 10 peopleMay be an image of 7 people and text that says 'CCB'

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.