Баялагтаа эзэн суусан КАЗАХСТАН УЛС
-20 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АСТАНА ХОТ-
Дээхнэ нэг ийм пост харсан юм. “Шөнөжин цонхоор харлаа. Атаархаад унтаж чадсангүй. Яг л манайхтай ижил гараанаас эхэлсэн дээ”. Энэ бол Казахстан Улсын нийслэл Астанад очсон монгол иргэний сэтгэгдэл. Нээрээ л 1990-ээд оны эхээр манай улс ардчилсан чөлөөт зах зээл рүү шилжиж, Казахстан ОХУ-аас албан ёсоор салан тусгаарлаж байв. Ингэж яг ижил гараанаас эхэлж, бүтээн байгуулалтаа өрнүүлж байж.
Эдүгээ 27 жилийн дараах Астана хотоор нисэх онгоцны буудлаас хотын төв хүртэл давхихад улсын ерөнхий хөгжил нь товч бөгөөд тодорхой уншигдана. Хотын захаар хуучны орос маягийн байрууд үзэгдэх авч, төвдөө жинхэнэ бүтээн байгуулалтууд өрнүүлжээ. Архетекторын шийдэл, хотын өнгө зүсэндээ онцгой анхаардаг нь нүдэнд илхэн. Астана хот манайх шиг эрээн мяраан, дуртай газраа өнгө өнгөөр нь байшин барилгаа барьчихдаггүй аж.
Наанадаж л манайх шиг ганц ширхэг Төрийн ордондоо Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ гэсэн гурван төрийн инстутици нь чихцэлдэн суудаггүй юм байна. Орж, гардаг хаалга нь өөр, тусдаа байшин савтай байна гэдэг төрийн ажил холилдож, хутгалдахгүй байх нэг том үндэс болдог. Ерөнхийлөгчийн засаглалтай энэ оронд хоёр суудалт парламентын танхим зөвхөн хууль батлах чиг үүрэг хүлээж байна. Засгийн газар нь Ерөнхийлөгчийнхөө хяналт дор аж ахуйгаа эрхэлдэг тул дотоодын маргаан багатайгаар ажил үйлс нь урагшаа явдаг бололтой.
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж. Гадны орнуудын хөгжлийн жишиг, ард иргэдийн ахуй амьдрал, худалдан авалтын чадамж, эдийн засагт эргэлдэж буй ам.долларын хэмжээг явж сууж байж, илүү бодитойгоор мэдэрдэг. Өнөөдөр Казахстан Улсын дундаж иргэний цалин манайхаар 1.6 сая орчим төгрөгтэй тэнцэж байна. Эмнэлэг, боловсролын салбар нь үнэгүй шахам. Орон сууцжуулах бодлогыг бага хүүтэйгээр зээл олгох замаар сайн шийдсэн тул агаарын бохирдол, дэд бүтэц тойрсон асуудал 20 жилийн настай Астана хотод үндсэндээ алга болжээ.
-ХӨГЖЛИЙН НУУЦ НЬ ЮУНД БАЙВ-
Казахстан Улсын нэг хүнд ногдох ДНБ 20 мянган ам.доллартай тэнцдэг бол манайд 2000 ам.доллар байх жишээтэй. Яг адилхан хөдөө аж ахуй, уул уурхайн салбартай. Ерөөсөө л хөгжлийн гол нууц нь эднийх уул уурхайн баялгаа зөв хуваарилж чадсан байна. Норвеги, Абу-Дабугийн баялгаа хуваарилсан ухаалаг технологи энд бас өөрийн өнгө аястайгаар хөгжиж, улсдаа өгөөжөө өгчээ. Эднийх газрын тос, хийн баялгаас төвлөрдөг орлогоо Үндэсний хөгжлийн болон “Самрук-Казына” сандаа хийдэг аж.
Нийтдээ 7-8 сан байдаг ч хамгийн их ач холбогдол өндөртэй нь энэ хоёр. Үндэсний хөгжлийн сандаа ирээдүйд хэрэглэх активаа байршуулдаг. Өнгөрөгч 2017 оны байдлаар 60-70 миллиард ам.доллар байршсан дүнтэй гарч. Энэ сангийн 25 хувийг онцгой тохиолдолд буюу дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд зарцуулах эрх нээлттэй. Гэхдээ эдийн засгийн үзүүлэлт тогтворжингуут эргүүлээд хийчихдэг. Учир нь уг активыг ирээдүйд хүүхдүүддээ зарцуулахаар хадгалдаг юм байна.
Харин “Самрук–Казына” сан нь Үндэсний хөгжлийн сангаас арай өөр. Энэ сан төрийн өмчит байгууллагуудын 51-100 хувийг эзэмшдэг. Хуримтлагдсан активуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгмийн тодорхой салбаруудад зарцуулдаг байна. Манайхаар бол төрийн өмчийн хороорхуу энэ байгууллагыг Ерөнхий сайд нь ахалдаг аж.
Өнгөрсөн жилүүдэд Казахстан Улс тогтвортой хөгжиж ирсний бас нэг нууц нь эхлээд эдийн засгийн эрх чөлөөгөө тавьж, уул уурхайн баялгаа зохистой байдлаар эргэлтэд оруулсан явдал. Манайх улс төр, эдийн засгийн эрх чөлөөгөө зэрэг нээсэн тул илүү олон алдаа оноотой, цөөн хэдэн хүний эрх ашиг бүхий замыг туулсан бололтой. Засаглалын өөр байдал асар чухал нөлөөтэйг эндээс давхар харж болн
-ЖИШГЭЭС ЖИШИГ РҮҮ-
Казахстантай яг адилхан жишиг өнөөдөр Норвегид хэрэгжиж байна. Дотоодын үймээн самуун дайн байлдаан, хөгжлийн хоцрогдлоос эдүгээ дэлхийд аз жаргалын индексээрээ нэгдүгээрт ортлоо хөгжжээ. 1967 онд анх Баялгийн сангийнхаа үндсэн суурийг тавьж, 1990 онд олон улсын хэмжээнд сангаа тэлсэн байна. Норвегийн хүн амын 90 хувь нь дундаж амжиргаанаас дээш гарч, баялгийн сангийнхаа 97 хувийг ирээдүйдээ хадгалж байгаа алтан жишээг нэрлэе.
Гэтэл манайд төрийн бодлого гаргах учиртай ЗГХЭГ-ын харьяанд “Эрдэнэс Монгол” нь орсноор стратегийн ордууд нь эргэлтгүй шахам хэвтэж, гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Төрийн өмчит компаниудынхаа хөрөнгийн бүртгэлийг ч улс олигтойхон хийгээгүй, эзэнгүй орхисон байдлаасаа бид салах учиртай билээ.
Газрын хэвлий доорх баялгийн өгөөжийг хэдий болтол цөөн хэдхэн хүртэх бэ. Бидний үр хойчис энэ их баялгийнхаа үр шимийг хүртэх эрхгүй гэж үү. Үндсэн хуулиндаа заасан баялгаа тэгш хуваах зарчмыг хэзээ ажил хэрэг болгох бэ гэхчлэн асуултууд хөвөрсөөр. Уг нь Норвегийн баялгийн сангийн жишигт дээр суурилсан Баялгийн сангийн тухай хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд буй.
Гэвч долоон Засгийн газар дамжин яригдсан хэдий ч цөөн хэдхэн бүлэглэлийн эрх ашгаас үүдэн, хойшилсоор ирсэн уг хуулийн төслийн шинэ хувилбар хэлэлцэгдэх эсэх нь бас л тодорхойгүй байна. Баялгийн хувиарлалтаа зөв хийж, өнөө маргаашийн асуудлаа даван гарсан хойноо бид 2050 онд гэхэд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх 30 орны тоонд орно гэсэн Казахстаны том амбицыг ойлгож, мэдрэх болов уу. Тийм амбицтай болохын тулд эхлээд баялгийн хараалаа баялгийн ивээл болгох алхмаа зөв хийх хэрэгтэй билээ.
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл