ЧУУЛГАН: Завсэгт хүчний жанжин штабын даргад А.Ганбатыг томиллоо

П.Урнаа / Улстөр

-ЦЭРГҮҮДИЙГ ХОХИРООСОН ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДАЛД АНХААРААСАЙ-

УИХ-ын ээлжит бус чуулган гурав дахь өдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулиуд, Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулах болон ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү" гэсэн горимын санал гаргав. Энэхүү саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 79 хувь нь дэмжсэн учир ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Үүний дагуу Жанжин штабын даргад нэр дэвшигч Хошууч генерал А.Ганбатаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Жанжин штабын даргад нэр дэвшигчээс асуух асуулт байна. Нэгдүгээрт, энхийн цагт цэргийн алба хаагчдын эх орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах бодлого үйл ажиллагааны чиглэл шаардлагатай байгаа. Улс орны бүтээн байгуулалт, барилга байгууламжийн асуудал хөгжлийн хүчин зүйлийн нэг. Иймд цэргүүдийг нийгмийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцуулах тал дээр ажил хэрэг явуулах уу.

Мөн сүүлийн үед цэргийн алба хаагчид амь насаа алддаг, эрүүл мэндээрээ хохирдог асуудал их гарах боллоо. Өвлийн цагт хөл нүцгэн гүйлгэхээс эхлээд асуудлууд гарсан. Цэргүүдийг хохироосон гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудал анхаараарай. Энэ тал дээр хэрхэн хариуцлага тооцож ажиллах вэ.

Хошууч генерал А.Ганбат:

-Энэ хоёр асуудалтай санал нэг байна. Цэргүүдийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах тал дээр бодож явдаг зүйл бий. Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаагчдын тоо эрс багассан. Монгол улсын хөгжил, бүтээн байгуулалтын ажилд цэргүүд гарч бие оролцуулах тал дээр хийж хэрэгжүүлэх ажил шаардлагатай байна. Энхийн цагт цэргүүд амиа алддаг асуудалд санаа зовниж явдаг хүмүүсийн нэг.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Зэвсэгт хүчний жанжин штаб эзэнгүйгүй байгаа учир томилгоог нь хурдан хийх нь зүйтэй. А.Ганбат хошууч генерал цэргийн боловсролын доктор цолтой хүн юм байна. Ийм төрд нь үнсүүлж үр хүүхдээ хүлээлгэж өгсөн аав ээжүүд, зөвхөн бие бялдарыг нь хөгжүүлэхээс гадна боловсролд нь анхаараасай гэж хүсдэг. Доктор хүний хувьд цэргүүдийн боловсрол, мэдлэг тал дээр анхаараасай. Цэрэг эрсийг эцэг эхэд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна.

УИХ-ын гишүүн Гарамжав:

-Сүүлийн үед ардын армийн цэрэг эрс зүй бусаар амиа алдсан харамсалтай мэдээллүүд их гарч байна. Шалтгаан нь гадны нөлөөгүй, өөрөө нас барсан гэдэг. Зургийг нь харахаар хүн харахын эцэсгүй аймшигтай. Дэлхийн жишгээр цэрэг эрсийн холл хүнсний илчлэг, тэжээллэг байдалд хүртэл анхаардаг. Жаахан бэртэхэд л эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлдэг. Гэтэл манайд хүний нялх үрийг эцэг эхийн өврөөс авчихаад тамлан зовоож, хүчирхийлдэг үйлдэл гаргадаг. Ийм зүйл ахиж битгий сонсогдоосой. Үүнийг таслан зогсоогоосой гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Сая Судан яваад ирлээ. Энхийг сахиулах ажиллагаа өндөр хөгжсөн юм байна. Үүн дээр маш олон академик судалгаа хийгддэг юм байна. Манайхан энхийг сахиулах ажиллагааны талаар онолын талаар бэлтгэгдсэн, ОУ-д туршлага нь судлагддаг хэмжээнд хүрэх хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Цэргийн албаны тухай хуулийг 2011 онд баталсан хуулийн 11.11.4 зааснаар 57 нас хүртэлх хүнийг томилсон гэж заасан байдаг. Цэргийн албаны тухай хуульд заасан офицерийн нас хэтэрсэн. Мөн бэлтгэл офицерийг таван жилийн дотор буцаан ажиллуулна гэсэн заалт зөрчигдөж байна.

Ийнхүү гишүүд үг хэлж асуулт асууж дууссаны дараа санал хураалт явагдлаа. Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжлээ.

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна.

-Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,

-БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер

-Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга

-Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч

-ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч

-БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

-ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга

-ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга

-Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга

-ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга

-Ерөнхий зориулалтын цэргийн командлагч

-Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:16:55

энэ цэргийн гэсэн хүмүүс яг юу хийдэг юм бэ? ардын хүүхэд цэргийн албаны нэрээр дайчилж аваачаад дарга нарын хаус зуслан бариулдаг болохоор байлгаад байдаг юм уу?

чадахгүй ээ [202.126.89.111] 2019-03-23 01:34:21

чадахгүй харж л байгаарай. ашиг сонирхлын зөрчилтэй этгээд.

zochin [103.57.93.155] 2019-03-22 15:53:18

hulgaich doloogch monhbat ihl nomhon boljee

Зочин [202.126.89.216] 2019-03-22 23:01:05

Хаха

Багш [66.181.161.17] 2019-03-22 15:20:05

Гарчигаа зөв бич л дээ. Арай л хариуцлагагүй юмаа

Зочин [202.21.106.129] 2019-03-22 13:18:19

Арми Номтойбаяр гэж эрүүгийн хулгайчийн мэдэлд очив.

Зочин [64.119.17.97] 2019-03-22 11:50:27

Номтойбаярын арми болох вийдээ

Зочин [202.9.42.93] 2019-03-22 11:26:56

ter nas general tsoltoi hund hamaagui ee general tsoltoi hun 60nas hurtel ajillana

Зочин [122.201.22.78] 2019-03-22 17:05:54

63 hurtel ajillaj bno

Зочин [64.119.16.143] 2019-03-22 09:35:57

Шударга ажиллахыг хүсье


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.