ОХУ-д суралцагч сонсогчид өнөөдөр эх орондоо бууна

Н.Баярмаа / Нийгэм

ОХУ-ын тусгай үүргийн нислэгээр манай улсын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудад суралцдаг 347 сонсогч өнөөдөр Улаанбаатарт газардана. Оюутнуудыг хүлээж авсан даруйд шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан. Маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ гэж ЭМЯ-аас хэллээ.

Энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахимаар уулзалт хийж ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан. ОХУ-аас энэхүү хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой хариуг өгөөд байсан юм. Оюутнуудад яаралтай шинжилгээ хийж, ангилан ялгаж тусгаарлах аж.