Л.Мөнхтүшиг: Турк  улс руу ойрын хугацаанд нислэг явуулах боломжгүй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн нийт 1248 иргэн тусгаарлагдаад байгаа. Эдгээр иргэдээс 740 Улаанбаатар хотод тусгаарлагдсан. Харин үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутныг татан авах ажиллагааг зохион байгуулж, тусгаарлах арга хэмжээг авна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас Монголын хилээр нэвтэрсэн иргэдийн тоо 62 мянга давсан бөгөөд 8498 иргэнийг зохион байгуулалттайгаар татаж авсан байна.

Ингээд иргэдийг татаж авах ажил болон тусгаарлах байрны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

ӨНӨӨДӨР ИРЖ БАЙГАА ОЮУТНУУДААС КОРОНАВИРУС ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ УЧРААС ХӨСҮТ-ИЙН НӨӨЦ БОЛОЛЦООНД ТУЛГУУРЛАЖ ДАРААГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРНА

-Гадаадад байгаа иргэдийг татан авах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Одоогоор эх орондоо ирэх иргэдийн хүсэлт хаанаас их ирж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад коронавирусын цар тахлын тархалт гарсаар байгаа. Монгол Улс гадаадад байгаа иргэдийг шат дараатай татаж авч байгаа орнуудын нэг. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас хойш гадаадад байгаа иргэдийг татаж авч байгаа. Цаашид ч гэсэн татаж авах ажиллагаа хийгдээд явна. Япон улсад байгаа 1200 гаруй иргэн хүсэлтээ гаргачихсан байна. Одоо хичээл сургууль дуусч эх орондоо буцах, байрны нөхцөл байдал нь хүндэрч байргүй болж байгаа оюутнуудын тоо нэмэгдэж байгааг Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээлж байгаа. Мөн Сөүл дэхь Элчин сайдын яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байна.

Зүүн Өмнөд Азийн чиглэлд иргэдийг хэрхэн татаж авах төлөвлөгөөг гаргаж байгаа. Дамжин явах нислэгээр татаж авах боломжийг судалж байна. Өнөөдөр ОХУ-аас ирж байгаа 760 оюутныг тусгаарлах байранд байрлуулах арга хэмжээ авна. Эдгээр оюутнуудаас коронавирус илэрч болзошгүй учраас ХӨСҮТ-ийн нөөц бололцоонд тулгуурлаж дараагийн төлөвлөгөө гарна.

-ОХУ-аас нэлээд оюутан татан авч байгаа. Тэднийг тусгаарлах байрыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 3-нд гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн байр чөлөөлөгдсөн учраас ОХУ-аас 700 гаруй иргэнээ татан авч байна. ОХУ-д байгаа иргэдээ тэргүүн ээлжид татан авах шаардлага зайлшгүй бий. Дэлхий даяар коронавирусын халдварын тохиолдлын тоо 5.5 сая болсон. Үүнээс хамгийн их тархсан орнуудын жагсаалтад ОХУ гуравдугаарт байна. Тэр дундаа манай улсын оюутнууд түлхүү суралцдаг Москва, Санкт-Петербургт ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын тал хувь нь оногдож байгаа. Оюутнуудын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас УОК-оос тэргүүлэх ач холбогдол өгсөн.

2000 ГАРУЙ ОЮУТНАА ЭХ ОРОНД НЬ АВЧИРСАН

-ОХУ-д хэчнээн монгол иргэд байдаг вэ. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан хэчнээн иргэн байгаа бол?

-Бидний тооцоогоор ОХУ-д 4000 орчим монгол иргэн бий. Үүний дийлэнх нь буюу 3000 гаруй нь оюутан. Хоёрдугаар сарын сүүлээс эхлээд тус улсаас оюутнуудаа татан авсан. Энэ хугацаанд 2000 гаруй оюутнаа эх оронд нь авчирсан. Үлдсэн 1047 оюутнаас хүсэлт гаргасан 740 оюутныг татаж авч байгаа. Үлдсэн оюутнууд мэдээлэлтэй байгаа бөгөөд өөрсдийн сонголтоор болон зарим сургалт нь цахимаар хичээллэж байна.

-Туркт байгаа иргэдийн асуудал нэлээд хүнд байгаа. Ойрын хугацаанд Турк руу онгоц явуулах уу?

-Турк руу саяхан тусгай үүргийн нислэг үйлдсэн. Бид ээлж дараатайгаар давтамжийг хадгалж, дэлхий даяар тархсан монголчуудад тэгш боломжийг олгохоор ажиллаж байна. Газар бүрт нөхцөл байдал харилцан адилгүй байгаа. Турк улс руу ойрын хугацаанд нислэг явуулах боломжгүй.

-Тусгай нислэгийн онгоцны суудал дүүрэн ирж чадаж байгаа юу?

-Онгоцны суудал дүүрэн ирж байгаа. Бүх зүйл бэлэн боллоо, суудлаа баталгаажуулна уу гэхэд яг цаг нь болохоор больдог хүмүүс бий. Энэ эрсдэлийг тооцож, хэрэв суудлаа баталгаажуулахгүй бол дараагийн удаад хэнийг оруулахаа тооцоолж, хоосон суудал үлдээхгүйг хичээдэг.

МАНАЙ ИРГЭДИЙН ВИЗИЙГ СУНГААД ЯВЖ БАЙГАА

-БНСУ-д богино хугацааны визээр зорчсон иргэдийн визний асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?

-Солонгос улсад байгаа манай улсын иргэдийн виз хоёр янз байгаа. Нийтдээ 47-48 мянга орчим иргэн тус улсад оршин сууж байгаагаас богино хугацааны визээр зорчсон иргэд нэлээд бий.Харин хөдөлмөрийн гэрээгээр очсон хүн 6000 гаруй бий. Визний ангилал бүр өөр өөр. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаагаа сунгасан тухай мэдээллийг бид Солонгосын талд тухай бүрт нь өгдөг. Мөн МИАТ-ийн нислэгүүд хойшилсон тухай мэдээллийг МИАТ-ийн төлөөлөгчийн газар иргэдэд өгч байгаа. Эдгээр бичгийг үндэслэн тус улсын Гадаадын иргэн харьяатын газраас манай иргэдийн визийг сунгаад явж байгаа.

-Цаашид хийгдэх нислэгийн хугацаа тодорхой болсон уу?

-Нислэгийн хугацааг тодорхой болгохын тулд хамгийн түрүүлж тусгаарлах байрны нөөц боломж чухал байгаа. ОХУ-д вирусын тархалт хамгийн өндөр байгаа учраас өнөөдөр ирж байгаа оюутнаас халдварын тархалт хэрхэн нэмэгдэхтэй уялдуулж, эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авч тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан дараагийн нислэгээ хийнэ. Бүх ажил шат дараатай хийгдэж байгаа.

-Сонгууль удахгүй болно. Сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байрыг хоосон байлгах чиглэлийг барина гэсэн. Тэгэхээр тусгай үүргийн нислэгийг түр зогсоох уу?

-Гадаад улсаас иргэдээ татан авах ажил тасралтгүй үргэлжилнэ. Ерөнхийдөө иргэд 21 хоног тусгаарлагдаж байгаа. Энэ асуудал зургаадугаар сар гарсны дараа яригдана.

-Хил хааснаар томоохон бүтээн байгуулалтын ажлууд зогсож байна. Тухайлбал, Дарханы замын бүтээн байгуулалтын ажил дээр ажиллах гол инженер БНХАУ-аас орж ирэх ёстой. Үүнийг зохицуулах арга хэмжээ хийгдэж байгаа юу?

-Хятадын тал хилээ хаасан байгаа. Гадаадын иргэн хилээрээ нэвтрүүлэхгүйгээс гадна хилээрээ гаргахгүй байгаа. Онцлон хэлэхэд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргасан 164 иргэний асуудлыг Хятадын талтай ярилцаж байна. Ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах хугацааг товлохоор ажиллаж байна.