Я.Буянжаргал: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2274 иргэн тусгаарлах байранд байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Дэлхий дахинаа 9,186,000 хүн өвчилж 473,000 хүн нас барсан бол 4.9 сая хүн эдгэрч, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр өндөр хөгжилтэй орнуудад өвчний халдварын тархалт эрчтэй байгааг танилцуулаад ялангуяа АНУ-д залуусын дунд халдвар голомтлон тархаж байгаа нь санаа зовоох асуудал гэдгийг онцлон мэдэгдсэн.

Тусгаарлах байр болон эмчилгээ үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сард тусгай үүргийн онгоцоор нэлээд иргэдийг татаж авсан. Одоогийн байдлаар тусгаарлах байранд хэчнээн иргэн байгаа бэ?

-Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 1049 иргэнийг хүлээж авсан.Тодруулбал, Зургаадугаар сарын 17-нд Сөүлээс 225, Зургаадугаар сарын 18-нд Сөүл –Улаанбаатарын чиглэлээр 265, зургаадугаар сарын 19 Франкфуртийн 262, Зүүн өмнөд Азиас иргэдийг татаж авч тусгаарлалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, шинжилгээнд хамруулсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2274 иргэн тусгаарлах байранд байна. Үүнд 5 хүртэлх насны хүүхэд 115, жирэмсэн 46 хүн байгаа бол эрхтэн тогтолцоо өвчинтэй, чихрийн шижинтэй бусад өвчтэй 250 иргэн ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас хяналтад байгаа.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ЭМЧЛЭГДЭЖ БАЙГАА ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА

-Улсын томоохон эмнэлгүүд иргэдийг тусгаарлаж байгаа юу?

-Цэргийн төв эмнэлэг дээр 89 хүн байгаа. Биеийн байдал хүнд 16 хүн байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт зургаан иргэн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүс тархи, элэгний хавдартай, улаан хоолойн мэс засал, зүрхний мэс засал хийгдсэн иргэд байгаа. Мөн тархиндаа цус харвалттай, 76 настай Бээжин хотод эмчлэгдэж байсан иргэнээ гэрийнхэнд нь даралттай нөхцөлд байж болох эрсдэлүүдийг нэлээд сайн ойлгуулсны үндсэн дээр татаж авчирсан. Онгоцонд дотор гуравдугаар эмнэлгийн эмч тусламж үзүүлсэн байгаа.

Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Эдгээр хүмүүс коронавирусын шинжилгээ хийгдсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан.

-Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс коронавирус илэрч байгаа. Вирус илэрч байгаа хүмүүст ямар эм тариа хэрэглэж байна вэ?

-ХӨСҮТ-д байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа. Эмчилгээнд нь Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу эмчилгээ хийж байна. Мөн вирусын эсрэг эмчилгээнээс гадна дархлаа сайжруулах эмчилгээ хийгдэж байгаа. Олон улсын судлаачдын хэлж байгаагаар “Dexamethason” эмийн эмчилгээг их үр дүнтэй байгаа гэсэн. Бид Эрүүл мэндийн сайдын баталсан эмчилгээний журамд оруулсан. Гэхдээ түүнийг зөвхөн өвчтөний биеийн байдал хүнд тохиолдолд л заалтаар хэрэглэнэ. Манай улсад эмчлэгдэж байгаа өвчтөнүүд Dexamethasone-ийн эмчилгээнд орохоор хүндэрсэн өвчтөн байхгүй.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 40 ИРГЭН, ХЭНТИЙ АЙМАГТ 20 ИРГЭН, ДАРХАН- УУЛ АЙМАГТ 23 ИРГЭН ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА

-Тусгаарлагдаж байгаа иргэдийн зарим нь хууч өвчтэй учраас эмчилгээ хийж байгаа. Манайд эм тарианы хүрэлцээ хангалттай байгаа юу?

-Тусгаарлалтад байгаа хөхний хорт хавдартай, унаж татдаг хүмүүс Монгол Улсын эмийн бүртгэлд огт байхгүй эмийг гаднаас авч хэрэглэдэг. Гэвч хэрэглэдэг зарим эм нь тасарсан гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс ижил үйлчилгээтэй эмүүдийг санал болгож, мэргэжлийн тусламжийг үзүүлж байгаа. Бүр шаардлагатай тохиолдолд эм ханган нийлүүлдэг байгууллагатай хамтарч оруулж ирэх гарцыг хайж байна. Мөн улсын бүртгэлд шуурхай оруулж, нийлүүлэх боломжийг гадаадын компаниудтай ярилцаж, шат шатанд нь шийдвэрлээд явж байна.

-Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн анхаарал тавьж байгаа вэ?

-Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүд яг л жирэмсний хяналтад байдагтай адил байна. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэйчүүдийн жирэмслэлт хэвийн байгаа тохиолдолд зайлшгүй эмчилгээ хийх шаардлагагүй. Хэрвээ биеийн байдалд өөрчлөлт орсон тохиолдолд л түүнд нь тохирсон эмчилгээг хийнэ.

-Одоогийн байдлаар тусгаарлах байранд хэчнээн эмч сувилагч ажиллаж байна вэ?

- 9 тусгаарлах байранд 36 эмч, 58 дадлагажигч эмч, 74 эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Ингэснээр нийт 168 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үзүүлж байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 732 хүн байгаа. Бусад аймгуудад гэрийн тусгаарлалтад иргэд байна. Өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хяналт тавьж ажиллаж байна. Баян-Өлгий аймагт 40 иргэн, Хэнтий аймагт 20 иргэн, Дархан- Уул аймагт 23 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа.

Мөн Хилийн боомтоор орж ирж байгаа тээврийн жолооч нарт түүврийн аргаар шинжилгээ хийж байна. Замын-Үүдэд ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори ажиллаж, тээврийн жолооч нарт шинжилгээ хийж байгаа. 500 гаруй жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.