Д.Нямхүү: 249 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас ээлжилт мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 цар тахлын халдварт дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 9 сая 330 мянга гаруй хүн өвчлөөд байна. Өнөөдрийн байдлаар 5 сая хүн эдгэрч гарсан бол 3.8 сая хүн эмчлэгдэж байгаа юм.

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 151 мянган хүн шинээр өвчилж, 5 мянга гаруй хүн нас барсан байна. Өчигдөр АНУ-д 34 мянга, Бразилд 33 мянга, Энэтхэгт 15 мянгаар өвчлөл нэмэгдсэн. Эдгээр улс халдварын нийт тохиолдлын тоогоор эхний гуравт бичигдэж байна. Харин ОХУ-д өвчлөлөөрөө дөрөвдүгээр бичигдэж байгаа бөгөөд тус улсад өчигдөр 7,425 хүн шинээр өвчилж, 153 хүн нас барсан байна.

Манайхтай олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөсөө 43-160 хүнээр нэмэгдлээ. Тувад 160 хүн шинээр өвчилж, халдварын нийт тохиолдлын тоо 3,575 боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд доголдол гарах хандлагатай байна.

Буриадад 43 хүн шинээр өвчилж, 2634, Читад 71-ээр нэмэгдсэн. Манай Зоонозын өвчин 176 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Зургаан хүн өчигдөр ажиглалтаас гарсан.

Улсын хэмжээнд 2,136 хүн ажиглалтад байна. 0-5 настай 115,Жирэмсэн 46 , Архаг хууч өвчтэй 227 хүнд 37 их эмч, 60 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Цэргийн төв эмнэлэгт 89 хүн эмчилгээ авч байна. Зургаан хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа бөгөөдбиеийн байдал хүнд байна" гэлээ.

ӨНӨӨДӨР 10 ХҮН ЭДГЭРЧ, ДАРААГИЙН СУВИЛАЛ РУУ ШИЛЖЛЭЭ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургаадугаар сарын 23-нд нийт 249 хүнд лабораторийн шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 16 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн,Замын-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолооч хамрагдсан.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүсийн 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй бүгд ОХУ-д сурч байсан оюутнууд. 28-41 хоног эмчлүүлээд гарч байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 215 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээ эдгэрсэн 168, эмчлэгдэж байгаа 47 хүн байна.Эмчлүүлж буй хүмүүсийн иргэдийн биеийн байдал 41 нь хөнгөн,6 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдөр 94 хүн эмчилгээ, ажиглалтад байна" гэлээ.