Я.Буянжаргал: Одоо тайвширч болохгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгаарлалтад хичнээн иргэн байгаа бэ?

-Долдугаар сарын 12-20-ны өдрүүдэд манай улс 803 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авч тусгаарлаж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна. Тусгаарлах ажиглах байранд 14018 иргэн хяналтад байсан. Одоогийн байдлаар 3042 иргэнийг тусгаарлаж ажиглалтад аваад байгаа. Үүнээс,

· Тав хүртэлх насны хүүхэд 211,

· Жирэмсэн эмэгтэй 119,

· Хавдартай 14,

· Хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн байгаа юм.

Тусгаарлах, ажиглах 36 байранд 43 их эмч, 80 дадлагажигч эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Дадлагажигч эмч нарын талаар буруу ойлголт нэлээдгүй байна. Дадлагажигч эмч нар АУШИС төгссөн. Мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа эмч нар юм. Иймээс эдгээр эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн чадвартай.

-Гэрийн тусгаарлалтад хэчнээн иргэд байгаа вэ?

-Гэрийн тусгаарлалтад нийслэлд 1239 иргэн байгаа. Харин аймгуудын хувьд Завхан , Архангай, Өмнөговь аймагт нэг нэг иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бол Баян-Өлгий аймагт 48 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд өөрийнхөө халуун болон биеийн байдлаа өрхийнхөө эмнэлгийн эмчтэй байнга утсаар холбогдож өгч байна. Шаардлагатай эмнэлгийн тусламж хэрэгтэй тохиолдолд өрхийн эмч болон сумын эрүүл мэндийн төвийн эмч нар тусламж үзүүлээд явж байгаа.

БИД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛД ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

-Тусгаарлах байранд байгаа иргэдэд лабораторийн шинжилгээ хэр хийгдэж байна вэ?

-Бид өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 30,998 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн. Цэргийн төв эмнэлэгт 61 иргэн байгаа. Эрчимт эмчилгээний тасагт тархины эдийн хавдрын мэс засал хийгдсэн, элэгний хатууралтай, тархины цус харвалттай, уушгины хагалгаанд орсон иргэдэд эмчилгээ хийгдэж байна. Мөн гэрийн тусгаарлалт байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржсан. Орон нутгийн тээврийн хэрэгсэлд тандалтыг хийж байна. Ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа.

-Манай томоохон эмнэлгүүдийн бэлэн байдал хэр хангагдсан байгаа вэ?

-Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд улсын эмнэлгүүдийн бэлэн байдалтай танилцаж эм эмийн хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын бэлэн байдалтай танилцсан. Мөн холбогдох үүргийг өгсөн. Бид эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах чиглэлд хийгдэж байгаа ажлаа улам эрчимжүүлж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтглын уусмал, оношлуур зэргийн тооцооллоо дахин нягтлан ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхээр бэлдэж байна. Түүнээс гадна ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны лабораторийн барилгыг ашиглалтад хүлээж авах ажлыг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан баг ажиллаж байна. Иймээс иргэдэд мэргэжлийн байгууллагын өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг хүсч байна. Мөн амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж байх зөвлөмжийг сайтар мөрдөх хэрэгтэй. Одоо тайвширч болохгүй. Тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэд гэсэн журмыг маш сайн мөрдөх хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

зочин [103.10.22.66] 2020-07-22 03:51:23

эдгэрсэн хүнээс хоёр сарын дараа вирус илэрч байна гэж солонгос хятадаас мэдээлж байсан манайх мөн илэрлээ гэсэн иймд зарим хэнэггүй хүмүүс оюун ухаандаа сайтар тусган авч зөвлөмжийг даган мөрд. багад тусан эдгэсэн салхин цэцэг өвчний вирус хөгшин болсны хойно биеийн далдаас дархлаа муудхаар бүслүүр үлд ( могой яр ) болон гарч байна . ер нь олон нийтэд эрүүл мэндийн боловсрол мэдлэг сайн зааж өгөх хэрэгтэй цаг иржээ.

иргэн [139.5.219.171] 2020-07-22 03:18:05

Хүмүүс маска зүүхээ болиод нус цэрээ хаяж тамхиа хаяаад эхэллээ.Одооноос хяналт тавьж торгож эхлэх нь зөв дөө.!!!""""""!!!!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.