НӨАТ-ын III улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
НӨАТ-ын 2021 оны гуравдугаар улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ.
Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1,120,907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдээлж байв.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон.
Тодруулбал, Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.
Түүнээс гадна, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон байдаг.
Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэгдсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл