Д.Сумъяабазар: Монгол наадам бол эх дэлхийн үнэт зүйл, хүн төрөлхтний соёлын үнэт өв юм

Aдмин / Нийгэм

Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг эрхэмлэн дээдлэгч эрхэм хүндэт монголчууд аа!

Дэлхийн өнцөг булан бүрд монгол ёс заншил, наадам цэнгүүнээ таниулан сурталчилж, ёслол төгөлдөр тэмдэглэж буй монгол ахан дүүс ээ!

Та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, баяр наадмын ерөөл өргөе.

Эрт эдүгээ цагийн өв соёлын хэлхээ, эх орон, тусгаар тогтнолын маань бэлгэдэл, цэнгэн баярлах сэтгэлийн хөг дуудлага, аав ээж, ах дүү, элгэн саднаа зорин саатахын учир даллага болсон монгол наадам бол зөвхөн монголчууд Та бидний төдийгүй эх дэлхийн үнэт зүйл, хүн төрөлхтний соёлын үнэт өв юм.

Үүний баталгаа нь ЮНЕСКО-гоос 2010 онд монгол наадмыг “Соёлын биет бус өв” хэмээн үзэж, соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн явдал билээ. Хүннү гүрнээс эх түүх нь бичигдэж, Их Монгол Улсын мандан бадралын сүр хүчийг зарлан тунхаглаж байсан монгол наадмаа улам бүр өрнүүн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэх болсон нь эх орноо, өв соёлоо, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, таниулан сурталчлах мөн чанар, чин хүсэл монгол хүн бүрийн зүрх сэтгэл, оюун бодолд оршиж байсны, оршин буйн илэрхийлэл юм.

Иймд дэлхий нийтийг хамарсан цар тахал “Ковид-19”-ийн улмаас хоёр жил өнжсөн улсын наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж, айл хотол, ах дүүс, нутаг усаараа цэнгэн наадаж, наадан баярлахыг ерөөе. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Эрүүл явбал улсын наадам үзнэ” хэмээн өгүүлсэнчлэн хатуу бэрхийг хамтдаа даван туулсан та бүхэндээ ашид жаргахыг ерөөж, амаргүй цаг хугацаанд эрүүлийг хамгаалахын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа, цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа, үүрэг хүлээж ажилласан нийт бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, энх цагийн баатрууддаа улсын баяр наадмын мэндийг хүргэе.

Есөн хөлт цагаан тугаа наадмын хоймортоо залж, ерөөлийн түмэн үгээр баярын сэтгэгдлээ зурахад хүчит бөхчүүдийн мэх уран, шантаст хүлгүүдийн хурд тавиу, цэцэн магнай харваачдын сум мэргэн, шагайн мэргэн харваачдын маань хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.

Монгол эх орон минь өнө мөнхөд мөнхжин батжиг ээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.133] 2022-07-10 11:42:33

Тийм шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.