ХАТГАЛ ТОСГОНЫ ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ 68 ХУВЬТАЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

"Монгол зочлох жил-2023-2025” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлал, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөн БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг дээрх аймгуудад хэрэгжүүлж байна.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулагдаж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг байгуулах ажилтай холбогдох албаны хүмүүсийн хамт газар дээр нь ажиллав.

Уг байгууламжийн гүйцэтгэл 68 хувийн хэрэгжилттэй байгаа ба энэ оны 7-р сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Орон нутгийн төвлөрсөн хогийн цэгүүд хог хаягдал ил задгай тархсан, байгаль орчин бохирдуулсан маш хүнд нөхцөлтэй байдаг бөгөөд төслийн хүрээнд барьж буй энэхүү төвлөрсөн хогийн цэг нь суманд байгуулж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэгийн анхны бүтээн байгуулалт юм.

Хог хаягдлын тухай хуульд 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг нь хөрсөнд бохирдол нэвчихээргүй геомембран хамгаалалтын давхарга бүхий эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ландфилын байгууламж, хог хаягдлыг хэмжих автопүү, хог бүртгэлийн нэгдсэн программ хангамж, хог хаягдлыг нарийвчилж ангилан ялгах хатуу хучилттай тусдаа талбай, сайжруулсан зам, гэрэлтүүлэг, хяналтын камер, хамгаалалтын торон хашаа, хяналтын худагтай байхаар заасан байдаг.

Хог хаягдлын менежментийн хувьд эх үүсвэр дээр ангилан ялгалт хийх ба шатах боломжтой хог хаягдлыг зориулалтын зууханд шатааж устган, дахин боловсруулах болон шатаах боломжгүй хог хаягдлыг эцсийн шатанд ландфилд дарж булшлах юм. Хог хаягдлын менежментийг сайжруулах бодлогын үндсэн зорилго нь хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээг хамгийн бага түвшинд байлгах юм.

Одоогийн тооцооллоор уг байгууламж нь багадаа 20 жил, түүнээс дээш хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байгааг төсөл хариуцагч нар онцолж байв.

Дээрх 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос гадна Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд байгуулж байгаа бөгөөд мөн адил 2023 онд ашиглалтад орно.

Мөн хог дарж булшлах ландфилын байгууламжаас гадна тус байршилд хоногт 75м.куб БОХИР УС ЦЭВЭРЛЭХ хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламжийг барилга угсралтын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа ба 2023 оны 7-р сард бүрэн ашиглалтад оруулж нуурын эрэг дагасан жуулчны баазуудын бохирыг хүлээн авч цэвэршүүлэх юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.